УИХ-ын гишүүн Сү.Батболд БНСУ-ын иргэн Чён Чү Ёоныг танихгүй гэж мэлзэсний учир юу байв

2021-02-25 48 0

Оффшорын асуудал, оффшор бүсэд хөрөнгө байршуулсан улстөрчид, тухайлбал, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбоотой дэлхийн зургаан оронд өрнөж буй олон улсын шүүхийн маргааны асуудлаар бэлтгэсэн нэвтрүүлэг өчигдөр хэд, хэдэн телевизээр гарлаа. Нэвтрүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул хөтөлжээ.

Тодруулбал, Их Британи, Хонг Конг, Сингапур, Жерси арал, Британийн Виржинийн арлууд, Нью-Йорк зэрэг улс, бүс нутагт УИХ-ын гишүүн Сү.Батболдын хариуцагчаар татагдаад буй олон улсын шүүхийн маргаан өрнөж байгаа юм байна. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат мөн ярилцлага өгсөн билээ.

Нийт 35 минутын хугацаатай нэвтрүүлгээр яригдсан анхаарал татаж буй асуудлуудыг тоймловол:

  • 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар УИХ-ын гишүүн Сү.Батболд болон түүний хамсаатнуудад 713 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛТОЙ иргэний хэрэг үүсгэсэн байна.
  • УИХ-ын гишүүн Сү.Батболд, БНСУ-ын иргэн Чён Чү Ёон нарын хамаарал бүхий хуулийн этгээдүүд дээр дурдсан зургаан оронд 169 ТЭРБУМ төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байна.
  • УИХ-ын гишүүн Сү.Батболд нь БНСУ-ын иргэн Чён Чү Ёноыг “танихгүй” хэмээн мэдэгдэж байсан боловч Чён Чү Ёон нь түүний хүүгийн Италид хийсэн ХУРИМАНД ОРОЛЦОЖ БАЙЖЭЭ.
  • УИХ-ын гишүүн Сү.Батболд, БНСУ-ын иргэн Чён Чү Ёон, түүний эхнэр Ким Хак Сёон нарын хамаарал бүхий 50 ГАРУЙ ХУУЛИЙН ЭТГЭЭД Австрали, Сингапур, АНУ, Швейцар, Виржинийн арлууд, Хонг Конг, Их Британи зэрэг улсад байна.
  • УИХ-ын гишүүн Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ нь БНСУ-ын иргэн Чён Чү Ёон, Ким Хак Сёон нарын хамаарал бүхий гурван компанитай 1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ хийжээ.
  • УИХ-ын гишүүн Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд ОЮУ ТОЛГОЙ ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ШИЙДВЭР ГАРАХ БҮРД Айвенхоу Майнз компанийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдландын удирдлагад болон хамтарч ажиллаж байсан түншүүдийн компаниудаас Сү.Батболдын төлөөний хүмүүсийн компаниуд МӨНГӨН БОЛОН БУСАД ХӨРӨНГИЙГ ШИЛЖҮҮЛСЭН байна. Дээрх баримтуудыг Нью-Йорк мужийн дээд шүүхийн маргаанд баримтаар авсан байна.
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар Нью-Йорк мужийн дээд шүүхийн маргаанаас нэхэмжлэлээ татсаныг эсэргүүцэн ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСНЫ ДАРАА Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар АНУ-ын King & Spalding LLP хуулийн фирмд НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ ХҮССЭН албан бичиг илгээжээ.

 

Холбоотой мэдээ