О.Соёнгоо: Хүмүүс харилцаа гэдэг зүйлийнхээ мөн чанар, үнэн төрхийг нь мэддэггүй

2021-03-12 216 1

Энерги гэдэг ерөөс хүн хоорондын таталцал хэмээн өгүүлэх сэтгэлзүйч, аура судлаач О.Соёнгоотой ярилцлаа. Тэрбээр гэр бүл болоод эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцааны тухай өгүүлсэн юм.

-Энерги гэж юу вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Хүмүүс хоорондоо физик энерги, сэтгэл болоод оюун гэсэн гурван зүйлээр таталцал үүсгэдэг. Өөрөөр хэлбэл, энэ гурван энерги нийлж  байж хүн хоорондын харилцаа хөгждөг. Хэрэв физик болон сэтгэл хоёр нийлвэл амрагийн харилцаа болно. Харин сэтгэл оюун нийлэхгүй зөвхөн физик харилцаа нэгдвэл бие махбодийн харилцаа л үүснэ. Тэгэхээр энэ гурван энерги нийлж байж л хүмүүст ямар ч асуудалгүй харилцаа бий болно гэсэн үг. Гэвч хүмүүс харилцаа гэдэг зүйлийнхээ мөн чанар, үнэн төрхийг нь мэддэггүй.

Тэгэхээр эл энергүүдийг нийлүүлэхийн тул хоёр хүнээс ихээхэн хамаарах нь ?

-Энэ гурван харилцааны амин чухал нь сэтгэлзүй. Баярлаж, гомдож байгаа нь төстэй болж  дотоод санаа  нь нийлэх ёстой. Түүн дээр оюун санаа нэмэгдвэл юу хэлэх гээд байгааг нь мэдэж, бодлыг нь хүртэл уншдаг болно. Өөрөөр хэлбэл, хосууд нэгэн зорилгын төлөө нэгдэж чадна гэсэн үг. Хамгийн гол нь харилцаа таарахгүй байгаа хэд хэдэн хүчин зүйлс байна.

Үүний нэгт тухайн хоёр хүний аав ээжийгээ харж, гэр бүлээсээ өвлөсөн харилцаа. Удаах нь өөрийн амьдралаас олж авсан туршлагууд. Эдгээрийг өөрийн харилцаанд оруулснаар саад тотгор үүсдэг. Гуравдугаарт, эрэгтэй, эмэгтэй хүмүүс ийм тийм байх ёстой гэсэн дотоод төсөөлөл. Тэр төсөөлөл нь бодит амьдрал дээрх хүнтэй нь нийцэхгүй болохоор хоорондоо зөрчилддөг. Тухайлбал, өөрөө гэрийн ажилдаа сайн биш мөртлөө нөхрөө гэрийн ажилд сайн байх ёстой гэдэг. Хэрэв тухайн хүн нь тийм биш бол тийм хүн хайж эхэлдэг. Дараа нь тухай хүний хүмүүжил, төлөвшил. Ийм хүчин зүйлсүүд хүмүүс хоорондын харилцаанд бэрхшээл үүсгэдэг.

-Эдгээр харилцаанаас хамгийн саад бэрхшээл үүсгэдэг нь аль вэ?

-Айдас. Өнөөдөр хүмүүс бие биентэйгээ дотносохоос айдаг. Энэ хүн намайг гомдоочих вий эсвэл хаяад явчих вий, таалагдахгүй, гологдвол яана гэх мэт эрсдэлээ тооцсоор байгаад харилцаа үүсгэж чаддаггүй. Айдас угаас боломжийг хаадаг зүйл. Мөн харилцах цаг хугацаа гэж зүйл байх ёстой шүү дээ. Гэтэл ажилтай завгүй гэж гүйсээр бусадтай харилцах хамгийн чухал зүйлээ орхиж явдаг. Уг нь шийдэх боломжтой зүйл. Гэвч шийдэх арга замыг эрэлхийлэхгүй байсаар оройтдог.

Хэрхэн шийдвэл зохилтой бол?

-Мэдээж хүмүүс хоорондоо ямар ч айдас, эргэлзээгүйгээр харилцах хэрэгтэй. Гэхдээ энэ байдал ганц залуусын буруу биш. Орчин үед аав, ээж, сургуулиас энэ тал дээр ямар ч ойлголт өгөхгүй байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, гэрийн эзэгтэй, ээж хүн гэж уг чанартаа ямар байх ёстойг ойлгуулдаггүй. Тухайн хүн багаасаа эхлээд эмэгтэй, эрэгтэй хүн гэж ийм байдаг гэсэн өөрийн төсөөлөл, хйисвэр ойлголттой байхаас өөр зүйл үгүй. Харин эсрэгээрээ өнөөгийн нийгэмд ажил хийх ёстой, дээрээс нь сайн эхнэр байх ёстой, сайн ээж байх ёстой гэсэн номлол л ярихаас хэтэрдэггүй. Угтаа бол хүнд эмэгтэй, эрэгтэй хүн гэсэн анхны мэдэгдэхүүнийг нь аав ээж хоёр нь өгөх ёстой. Ингэхдээ сургааль, хүмүүжлээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тэгж гэмээн сая нэг үндсэн чухал ойлголт босч ирнэ. Гэвч өнөөдөр хүүхдэдээ эмэгтэй, эрэгтэй хүний талаар ойлголт өгч байгаа эцэг, эх байхгүйгээс хүүхэд өөрийн эмэгтэй, эрэгтэй гэсэн төсөөллийг дотроо суулгадаг. Үүнээсээ үүдэн тухайн төсөөллийнхөө хүнийг өөртөө дуудна. Тиймээс бид дотор үүссэн энэ л төсөөллөө зөв болгоно гэсэн үг.

-Нээрээ хүмүүс би тийм нөхөр, эхнэртэй болно гээд ярьдаг шүү дээ?

-Тэр чинь л бидний доторх эрэгтэй, эмэгтэй хүний төсөөлөл. Харин огт төсөөлөлгүй хүн харилцаа үүсгэдэггүй. Цаашлаад эмэгтэй хүн дотор үүссэн төсөөллөөрөө эрэгтэй хүнд шаардлага тавьж эхэлдэг төдийгүй харилцаа нь төсөөлөлдөө чиглэгддэг. Эрэгтэй хүн ч мөн адил өөрийн дотор төсөөлсөн эмэгтэйгээ хайдаг. Тухайлбал,  эмэгтэй хүн гэрээ цэвэрлэж, хүүхдээ харах ёстой гэсэн үзэлтэй байдаг ч юм уу. Мөн аав ээж хоёр нь анх ямар байдал үлгэрлэсэн. Тэр үлгэрээр харилцана гэдэг. Нөгөө талаар эмэгтэйчүүд хүнтэй суувал аз жаргалтай байна гэж үздэг. Өөрийнхөө аз жаргалыг мэддэггүй, түүнийгээ олоогүй бол мянган хүн байгаад ч нэмэргүй. Харин өөрөө өөрийнхөө аз жаргалыг олсон ямар ч хүнтэй жаргалтай байна гэсэн үг. Тэгвэл эмэгтэй хүний дотор ямар хүний загвар төсөөлөл байдаг вэ гэхээр эмэгтэй хүн, эхнэр, ээж, амраг гэсэн дөрвөн дүрийг бүтээсэн байх ёстой байдаг. Энэ дөрвийгөө зөв гаргачих юм бол хүн бэлэн болчихож байна гэсэн үг. Харин эрэгтэй хүний хувьд эцэг, нөхөр, сахилгагүй залуу, баатар гэсэн дүртэй. Энэ дүрүүд хоорондоо зохицохгүй болохоор харилцааны асуудал үүсдэг. Өөрөөр хэлбэл, энэ дүрүүдэд дээр эхэнд ярьсан энергүүд багтдаг. Тэгэхээр бид дотоод энергээ цэгцлэх хэрэгтэй.

 

 

 

 

Холбоотой мэдээ