Онцлох

Д.Баярсайхан: Одоогийн Ерөнхийлөгч 2021 оны сонгуульд оролцох боломж нь хязгаарлагдаагүй

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Баярсайхантай ярилцлаа.

-Хууль тайлбарлах тухай ойлголтыг тодруулж асуумаар байна. Хэрэглээ, зорилго, үндэслэлийн талаар яриагаа эхэлье?

Орчин үед ямар ч хууль өөрөө маш тодорхой, ойлгомжтой, түүнийг шууд хэрэглэх боломжтой гарах ёстой. Хөгжингүй болон өндөр хөгжилтэй орнуудад хуулийг зөв ойлгож хэрэглэх соёл өндөр түвшинд хөгжиж, төлөвшсөн байдаг. Манай улсад хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэх соёл зарим талаар бүрэн төлөвшөөгүй. “Хууль тайлбарлах” гэдэг ойлголт хууль зүйн шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн тусгай судлагдахуун. Хамгийн энгийнээр хэлэхэд хуулийн тодорхой бус заалт агуулгыг тодорхой ойлгомжтой болгон тодруулах, тодотгон илэрхийлэх үйл явц юм. Хуулийн тайлбарыг албан ёсны тайлбар, албан ёсны бус тайлбар гэж ангилна. Албан ёсны тайлбарыг Улсын Дээд шүүх гаргадаг. Харин албан бус тайлбарыг бусад субьектүүд буюу хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хуульчид, төрийн эрх бүхий албан тушаалтан болон улс төрчид тайлбарлахыг хэлнэ. Хууль тайлбарлах нь тодорхой зарчим, өөрийн аргыг илэрхийлдэг.

-Хуулийн тайлбарт ямар зарчим байх ёстой вэ. Хориглодог зүйл гэж бий юү?

Албан ёсны тайлбарыг Улсын Дээд шүүх гаргадаг. Хуулийг тайлбарлах зарчим гэхээсээ илүүтэй аргачлалын хувьд тодорхой зүйлс хэлмээр байна. К.Ф Савинигийн дөрвөн аргын тайлбар бий. Хуулийг тайлбарлах хамгийн гол зарчим бол үндэслэлтэй байх зарчим юм. Тухайн хуулийн заалт, агуулгыг алдагдуулахгүй байх, хуулийн зорилго, мөн чанарт нийцсэн байх байдлаар тайлбарлана. Хуулийг тайлбарлахдаа улстөржиж, улс төрийн нөлөөлөл болон хэт субьектив байдлаас ангид байх ёстой. Хуулийг тайлбарлахдаа тэнцлийн буюу зохистой байх шаардлагыг хангахаас гадна аль болох хуулийн үндсэн агуулгад нийцүүлсэн байхын дээр Үндсэн хуульдаа нийцсэн байх, эрх зүйн үндэслэлийн нийтлэг нөхцөлийг хангасан байх гээд олон зарчим бий. Харин хуулийн мөн чанарыг алдагдуулж, хуулийн зорилго агуулгыг давж, дур мэдэн тайлбарлах явдлыг эрх зүйн онолын хувьд хориглосон байдаг.

-Улсын Дээд шүүх албан ёсны тайлбарыг гаргадаг гэлээ. Яг ямар үндэслэлээр гаргадаг юм бэ?

Улсын Дээд шүүх Монгол Улсын Үндсэн Хуулийн 50.1.4-д зааснаар “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг гаргана” гэсэн байдаг. Харамсалтай нь 1996-2013 он хүртэл Улсын Дээд шүүх тодорхой хэмжээнд Үндсэн хуулийн тулгуур зарчимд нийцүүлж, үйл ажиллагаагаа явуулж байсан хэдий ч албан ёсны тайлбар гаргах ажиллагааг өмнөх уламжлалт хандлагаар буюу нийтэд хандсан тайлбарыг голлож байсан. Хууль тогтоогчийн хүсэл зоригт нийцсэн байдлаар нийтэд хандсан буюу хууль тогтоох эрх мэдэлд халдсан гэж үзэж болохоор хэм хэмжээний тайлбарыг олон жил гаргасан. 2012 онд Шүүхийн тухай хууль батлагдаад, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлэх явцад 2015 оны аравдугаар сарын 30-ны ҮХЦ-ийн 07 тоот тогтоолоор “Хуулийн тайлбарыг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар тайлбарлана” гэсэн заалтыг хүчингүй болгосноор 2015 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2021 оны гуравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хуулийн албан ёсны тайлбар гаргах ажиллагаа зогсонги байдалд орсон гэж үздэг.

Албан ёсны тайлбарыг Улсын Дээд шүүх гаргадаг гэсэн боловч зарим иргэн, улс төрийн өндөр албан тушаалтнууд хуулийн тайлбар хийгээд байдаг шүү дээ?

Нийгэм улс төрийн өнөөгийн байдал, сүүлийн 20 жилийн практикийг харахад сонгууль угтаж, сонгуульд оролцох Үндсэн хуульд заасан эрх бүхий субьектууд, институцийн хооронд улс төрийн маргаан, мэтгэлцээн явдаг. Ийм зүйлийг үгүйсгэхгүй. Байж болох асуудал хэдий ч Үндсэн хуулийн тодорхой заалт болон сонгуультай холбогдолтой зарим хуулийн заалтыг нэг намын дарга юм уу, эрх баригч намын гүйцэтгэх эрх мэдлийн зарим субьект, түүнчлэн дурын нэг иргэн өөр өөрсдийн үзэмжээр хэт субьектив байдлаар тайлбарлаж байгаа нь нэг талаас хуулийг тайлбарлах эрх зүйн ухамсар, тухайн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж байгаа мэт боловч нөгөө талаас хуулийн агуулга, зорилгоос гадуур түүний агуулга, зарчмыг алдагдуулж байгаа юм. Энэ нь яах аргагүй улс төржсөн байдлыг бий болгож байгаа маш зохисгүй хандлага гэж боддог.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх тайлбар мэдээлэл хэвлэлээр гарлаа. Үүн дээр судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн 30.2-г зөрчсөн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарим иргэд мэдээлэл хийсэн. Судлаачийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.4, 26 дугаар зүйлийн 26.2 гэсэн заалт Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-г зөрчсөн гэж үзэхгүй байна. Үндсэн хууль зөрчсөн гэж юуг хэлдэг вэ гэхээр тухайн хуульд байгаа тодорхой хэм хэмжээ, заалтыг шууд алдагдуулсан буюу зөрчсөн, илт буруу хэрэглэхийг хэлнэ. Түүнээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан гурван шалгуур дээр нэмж, “Ерөнхийлөгчөөр сонгогдож байгаагүй” гэсэн заалтыг оруулаагүй, орхигдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Үндсэн хуулийн агуулгыг дутуу орхигдуулсан, тухайн хуульд Үндсэн хуулиар тогтоосон зүйлийг дутуу хуульчилсан гэдэг нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг биш юм. Үндсэн хууль зөрчсөн гэдэгт Үндсэн хуулийн агуулгийг бүрэн тусгаагүй буюу хууль дутуу орхигдуулсан зүйлийг хамааруулж үздэггүй.

-Нийгэмд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэн тал талын байр суурь харагдаж байна. Хууль зүйн талаасаа хэр боломжтой юм бол?

Одоогийн Ерөнхийлөгч 2021 оны сонгуульд оролцох боломж нь хязгаарлагдаагүй. Энэ нь эрх зүйн онолын болон хууль зүйн үндэслэлийн хувьд бүрэн боломжтой.

-Онолын үндэслэлийг нь тодорхой хэлэхгүй юу?

Р.Паундын Үндсэн хуулийн чиг үүргийн онолын тайлбараар авч үзвэл нэгдүгээрт, Үндсэн хуулийн тодорхой заалтыг эрх зүйн утга агуулгаар Үндсэн хуулийн бусад хэм хэмжээний холбогдох хамаарлаар авч үздэг. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн үндсэн бүтцийн мөн чанарыг нээн илрүүлж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон нь өмнөх Үндсэн хуулийн хүчингүй болсон заалтыг дордуулахгүй байх шаардлагыг хамгаалж, дэмждэг. Гуравдугаарт, Үндсэн хуулийн тодорхой нэг заалтыг тайлбарлахдаа Үндсэн хуулийн зарчим, институци, субьектийн эрх зүйн байдал нөхцлүүдийг хамаарах уялдаа холбоонд авч үздэг.

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасан “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт бол эрх зүйн хэм хэмжээний гипотез, диспозицийн нэгдмэл, хамааралт нөхцлийг хангасан утгаараа хамт хэрэглэгдэх бүрэн боломжтой. Тэгэхээр 50 нас, зургаан жил, нэг удаа гэдэг гипотезийн нөхцөл нь зөвхөн Үндсэн хууль үйлчлэх хугацаанд зөвхөн нэг удаа хэрэглэгдэх боломжтой учраас одоогийн Ерөнхийлөгч сонгуульд оролцсоноороо улиран сонгогдож байгаа биш, огт өөр нөхцөлөөр сонгогдох боломж нь нээгдэж байгаа учир үүнийг бүрэн боломжтой гэж үзнэ.

-Тэгвэл хууль зүйн үндэслэл нь юу вэ?

Үндсэн хууль болон Үндсэн хуульд нийцүүлж гаргасан органик хууль хоёрын хооронд үндсэндээ зөрчилдөөн үүсээгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 30.2 дугаар зүйлийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдөөн байхгүй. Тийм учраас нэр дэвших эрх нь нээгдэж байгаа юм. Одоогийн Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсан учраас “Зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдох” Үндсэн хуулийн шинэ зохицуулалтын эрх зүйн байдал дордох ёсгүйн дээр Мерля-Левассарын зарчим буюу эрх зүйн хэм хэмжээ эргэж үйлчлэхгүй буюу шинэ хууль өмнөхөөсөө илүү хүчинтэй байх эрх зүйн хэрэглээний зарчим дээрх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

-Энэ дээр хуульчид талцаж тайлбарлаад байгаа. Талцлыг зогсоохын тулд ямар шийдвэр, хаанаас гарах ёстой гэж үзэж байна?

Зарим хуульч Үндсэн хуулийн цэц энэ маргааныг эцэслэн шийдэх ёстой гэж үздэг л дээ. Миний хувьд Цэц дээр маргаан үүсгэх магадлал харьцангуй бага гэж үздэг. Хууль зүйн хувьд маргаангүй асуудал. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон явдал нь өмнөх Үндсэн хуулийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ёстой гэдэг зарчмаар аваад үзэхэд Цэц дээр маргаан үүсгэх ямар ч боломжгүй. Харин улс төрийн талаас тайлбарлах явдал нь маргаан дагуулж байна. Улстөржсөн, улс төрийн агуулгаар тайлбарлаж байгааг хууль зүйн тайлбар дахь эрх зүйн онолын тайлбартай хутгаж ойлгож болохгүй юм. Өөрөөр хэлбэл, хууль зүйн хувьд ямар ч маргаан байхгүй.

-УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөнд тохируулан Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр шүүх засаглал хараат бус байх байдал алдагдлаа гэж зарим хуульч үзэж байна. УИХ-ын гишүүд үзэхдээ Шүүхийн тухай хууль сайжирсан, бие даасан, хараат бус иргэнээ дээдэлсэн шүүхтэй болох эхлэл боллоо гэж үзэж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь шүүхийн тогтолцоонд томоохон реформ хийсэн. Шүүх эрх мэдлийн бие даасан хараат бус байдлыг бататган хангасан. Гэхдээ ШЕЗ, Шүүхийн сахилгын хороо зэрэг байгууллагуудын сонгон шалгаруулалтын журам, ажлын хэсгийг УИХ-д хэтэрхий төвлөрүүлж, парламентийн дэргэд үйл ажиллагааг нь нэгтгэн зохицуулж явуулахаар тусгасан зэрэг нь  зарим талаар субьектив байдлын хүчин зүйлийг бий болгохыг үгүйсгэхгүй. Үүн дээр болгоомжилж байгаа.

-Авлигын эсрэг хуулиар АТГ даргыг Ерөнхий сайд санал болгож, УИХ томилдог болсон. Энэ хэр зөв процесс юм бэ?

Шүүмжлэлтэй хандахад АТГ гэдэг байгууллага Улсын ерөнхий прокурорын дэргэд байх нь зүйтэй гэж боддог. Тогтолцооны хувьд би арай өөр байр суурьтай байдаг. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь маш том ухралт болсон. Боломж байвал үүнийг сэргээж, байгуулах нь зүй ёсны юм. АТГ соён гэгээрүүлэх чиглэлээр тодорхой хэмжээнд Засгийн газрын бүтцэд байж болохыг үгүйсгэхгүй. Харин мөрдөн шалгах алба заавал Улсын ерөнхий прокурорын дэргэд байх нь зүйтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн