О.Алтангэрэл: УИХ-ын шийдвэр Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, хэм хэмжээнд байх ёстой

2021-03-22 304 0

Хуульч, өмгөөлөгч О.Алтангэрэлтэй ярилцлаа.

-УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөнд тохируулан Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр шүүхийн хараат бус байдал алдагдлаа гэж зарим хуульч үзэж байна. УИХ-ын гишүүд Шүүхийн тухай хууль сайжирсан, бие даасан, хараат бус иргэнээ дээдэлсэн шүүхтэй болох эхлэл боллоо гэж үзэж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Шүүхийн тухай хуульд олон сайн зохицуулалт орсон. Ямарваа нэгэн зүйл заалтаас шалтгаалж сайн хууль, муу хууль гэж болохгүй. Үнэхээр нийгмийн харилцааг зохицуулсан сайн хууль уу, үгүй юу гэдэг нь цаг хугацааны явцад харагдана. Жишээ нь, Шүүхийн шинэтгэлийн асуудал анх удаа яригдаж байгаа зүйл биш. 2010-2013 оны хооронд Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд батлагдаж байлаа. Шүүх одоо шударга сайхан боллоо гэж тухайн үед ярьж байсан. Улстөрчид юм уу, хөндлөнгийн хүмүүс юу гэж хэлэхээс үл шалтгаалан хуулийн хэрэгжилт ямар байсан бэ гэдэг нь амьдрал дээр харагддаг. УИХ-ын чуулган дээр гишүүд анхны төсөл нэлээн өөрчлөгдсөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналууд тусгагдсан гээд олон дэвшилттэй зүйлийг ярьж байна лээ. Гэхдээ энэ дунд хуульчдын санааг зовоож байгаа хоёр, гурван гол асуудал байна. Жишээ нь, Улсын Дээд шүүхийн шүүгчид дээр томилгооны сонсгол гэдэг асуудал. Шүүхийн ёс зүйн хороог бүрдүүлэх асуудал. Яагаад гэвэл, бид шинэ Үндсэн хуульд Шүүхийн ёс зүйн хороо байх ёстой гэдгийг хуульчлаад өгчихсөн шүү дээ. Энэ нөхцөлд хууль батлагдахаас өөр аргагүй байсан. Харин бүрдүүлж байгаа схемд нь улстөрчид оролцдог болох вий. УИХ-аар бүх асуудлыг шийдэх нь зөв гэж үзэж болохгүй. Яагаад гэвэл УИХ-ыг улс төрийн намаас сонгогдсон улстөрчид бүрдүүлдэг. Зорилго нь эрх мэдэлд хүрэх, улс төрд удаан байх, сонгогчдод таалагдах. Сонгогчдод таалагдах буюу бусдад таалагдах гэсэн өнцөг шүүхэд огт байж болдоггүй зүйл. Шийдвэр нь 1000 хүний дургүйцлийг хүргэж байна уу, хүргэхгүй байна уу огт  хамаагүй. Хуульд юу гэж тусгасан байна шүүх түүнийг хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, популизм буюу олон нийтэд таалагдах зүйлээс шүүх ангид байдаг. Гэтэл ШЕЗ, Шүүхийн ёс зүйн хороо үндсэндээ яаж бүрдэх вэ гэдэг дээр бүх зүйлийг УИХ шийддэг болчихоод байгаа нь асуудал болж байна гэж зарим хуульч үзэж байгаагийн нэг нь би. Сонгуульд нэг нам ялахаар дарга нь Ерөнхий сайд болдог биз дээ. Сонгуульд ялсан гэдэг нь парламентад олуулаа гэсэн үг биз. Тэгэхээр хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл тэр чигтээ нэг намын гарт, нэг даргын удирдлага дор байна. Тиймээс шүүх засаглалд улс төрийн сөрөг нөлөөлөл орох вий гэж болгоомжилж байгаа. Шүүх засаглал улс төрөөс хараат болох вий гэдэг айдас байна. Мэдээж сайжирсан, зайлшгүй дагаж мөрдвөл зохих сайн зохицуулалтууд орсон.

-Авлигын эсрэг хуулиар АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгоод УИХ томилдог болсон. Энэ хэр зөв процесс юм бэ. Авлигыг үгүй хийх гарц мөн үү?

-АТГ-ын дарга бол УИХ-аар томилогддог албан тушаал. Товчхондоо УИХ-д ямар нам олонх байна тэр хүмүүсийн зөвшөөрсөн хүн дарга болно гэсэн үг. Ийм л байсан. Гэхдээ шаардлага хангасан хүнийг нэр дэвшүүлэх субьектийг нь хөндлөнгөөс зааж өгснөөр харьцангуй улстөржилт гэдэг юм уу, нэг намын даалгаврыг биелүүлэх хүн томилогдох магадлал буурсан гэж үздэг. Одоогийн АТГ-ын дарга тэр журмаар томилогдсон. Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгоод УИХ-аас томилсон. Цаашид  АТГ-ын дарга, дэд дарга нарыг Монгол Улсын Ерөнхий сайд санал болгоно гэдэг нь сонгуульд ялсан нам бүх зүйлийг томилно гэсэн үг. Гэтэл АТГ авлига, албан тушаалын хэрэг шалгадаг. Авлига албан тушаалын хэргийг хэн хийдэг вэ гэхээр дарга нар, албан тушаалтай хүмүүс. Яаж  дарга болдог вэ. Улс төрийн нам, улс төрөөр дамжиж дарга болдог. Эхнээсээ замнал нь улс төртэй холбоотой зүйлийг дахиад улс төрийн шийдвэр гаргах хамгийн том албан тушаалтан томилоод, шалгана гэдэг нь өрөөсгөл болчихоод байгаа юм. Хуульч хүний хувьд ямар санал байна гэхээр АТГ-ын мөрдөн шалгах чиг үүргийг Цагдаагийн байгууллагад өгье. Зарчим ялгаагүй. Харьцангуй нам бус субьект Ерөнхийлөгч санал болгодог, намын дарга бөгөөд Ерөнхий сайд томилдог энэ байдлыг өөрчилчихлөө шүү дээ. Тэгэхээр соён гэгээрүүлэх чиг үүргийг нь үлдээгээд мөрдөн байцаалтыг цагдаагийн байгууллагад өгчихвөл яасан юм гэдэг санал байна. Цагдаагийн байгууллага бол хүч, потенциал сайтай байгууллага. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэж ирсэн урт хугацааны туршлагатай. Улс төрийн албан тушаалтай хүн авлига, албан тушаалын хэрэгт холбогдох магадлал өндөртэй байдаг, шалгагддаг. Олон нийт төр засгийг шударга ажиллаасай, хууль ёсыг сахиулаасай, сарын хоёр сая төгрөгийн цалинтай даргын хүүхэд нь 600 сая төгрөгийн үнэтэй машин битгий худалдаж аваасай, Богд уулын амаар байгаа сая, сая долларын  үнэтэй байруудад дарга нар амьдардаг байдал өөрчлөгдөөсэй гэж хүсэж байгаа. Харамсалтай нь үүнээсээ бид нар холдоод байна.

-АТГ-ын дарга томилсон сайд, дарга нараа шалгах тал дээр учир дутагдалтай зүйлс гарах эрсдэлтэй гэсэн үг үү?

-Төсөөлөөд үзье. АТГ-т авлигын эсрэг тэмцье, шударга ажиллая гэсэн бодолтой олон хүн ажиллаж байгаа. Гэтэл Ерөнхий сайдын томилсон субьектээс нь хууль бус нөлөөлөл ирвэл яах вэ. Энэ хуулийн практикт байсан одоо ч байгаа асуудал шүү дээ. Тэгж хандвал яах юм бэ гэдгээс урьдчилан сэргийлэх ёстой.

-Тэгвэл АТГ-ыг жинхэнэ авлигатай тэмцэх байгууллага байлгах гарц нь юу юм бэ?

Нэгдүгээрт, Авлигатай тэмцэх асуудал дан ганц байгууллагын асуудал биш юм. Энэ байгууллагад үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн орчин хэрэгтэй. Жишээ нь, Авлигын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг. Хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг болиулах хэрэгтэй. Монгол Улсын Эрүүгийн тухай хуульд “Бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэж заасан байдаг. Тэгэхээр нийгмийн шударга ёс, хууль ёсны эсрэг хамгийн том гэмт хэрэг буюу авлигын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй болгох нь зүйтэй. Хоёрдугаарт, АТГ-ын үйл ажиллагааг илүү сайжруулъя гэвэл Эрүүгийн тухай хуулиас гадна Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль буюу одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулах ёстой. Авлигын гэмт хэрэг хүмүүсийн ойлгодог шиг хээл хахууль авахаас өөр болчихсон юм байна. Мөнгө өгөөд “Надад шийдвэр гаргаж өгөөч” гэдэг зүйл авлига гэхээсээ илүүтэй дэлхий даяар мөнгө угаалтын схем болчихсон. Үндэстэн дамнаж явагддаг мөнгө угаалт. Яаж хууль ёсны болгох вэ тэр мөнгө угаалтыг? Бид хэвлэл мэдээллээр асар олон тэрбум ам.доллартай холбоотой луйвар сонсоод байгаа биз дээ. Сонсоод л байдаг сонсоод л байдаг. Гадаадад оффшор хөрөнгө байна, асар их хэмжээний авлига боллоо л гэнэ. Тэгээд яасан юм гэхээр яагаачгүй. Шийдэгдсэн юм уу гэхээр үгүй. Хэвлэлээр тийм юм байхгүй гэж мэдэгдээд, нэвтрүүлэг хийгээд сарниад дуусчихдаг. Авлигын гэмт хэргийг мөрдөнө гэдэг цаг хугацаа, мэдлэг, төрийн хүч дэмжлэг их шаарддаг асар хүнд процесс. Тэгэхээр энэ процессийг төр сайжруулах ёстой. Олон жил ярьж байгаа боловч улстөрчдийн айгаад хийдэггүй нэг зүйлийг хийх ёстой. Авлига өгсөн хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ёстой. Ингэвэл тэр дороо гараад ирнэ. Та хэрвээ төрийн байгууллага, албан тушаалтанд авлига өгсөн бол танд ямар нэгэн эрүүгийн хариуцлага тооцохгүй гээд зарлачихвал асар олон хүний авлигын хэрэг илэрнэ. Төрийн алба цэвэршинэ. Түүнээс АТГ-т ажиллаж байгаа хүмүүсийн доторх зохион байгуулалтын асуудал авлигатай тэмцэх асуудлын хажууд нэлээн хойгуур эрэмбэлэгдэнэ. Хамгийн гол нь, улстөрчид зоригтой байж, нийгмээ авлигаас салгая гэж бодож хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах ёстой.

ҮХЦ-д УИХ-ын гишүүн Т.Доржханд, иргэн Үүрцайх, Одбаяр нар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших эрхгүй гэх үндэслэлээр хандсан байсан. ҮХЦ энэ асуудалд маргаан үүсгэх эрхтэй байгууллага уу. Цэцэд очсон маргааны асуудлыг та хэрхэн харж байна вэ?

-ҮХЦ Монгол Улсын Үндсэн хууль, Цэцийн тухай хууль, Цэцэд маргааныг хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа дагуу асуудлаа шийдэх байх. Миний авсан мэдээллээр УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг батлахдаа дахин нэр дэвшихтэй холбоотой асуудлыг зохицуулсангүй гэж хандлаа гэж ойлгосон. Тэгэхээр ҮХЦ УИХ-ыг юу хийх ёстойг нь заадаг байгууллага биш. Ийм хууль гарга гэж хэлдэггүй. Тэр эрх мэдлийг олгохын тулд УИХ-ын сонгууль явагддаг. Эрх мэдлийг эдлүүлэхийн тулд УИХ-ын гишүүн сонгогддог. Ард түмнээс авсан төлөөллийн эрхээрээ шийдвэр гаргахад оролцдог. УИХ бол шийдвэр гаргадаг байгууллага. ҮХЦ бол УИХ-аас гаргасан шийдвэр, хууль, УИХ-ын тогтоол Үндсэн хуульд нийцэж байна уу гэдгийг тогтоодог байгууллага. УИХ тийм шийдвэр гаргах байсан гэдэг маргааныг ҮХЦ шийдвэрлэнэ гэж бодохгүй байна. Тэгж шийдээд эхэлбэл УИХ-д юу хийхийг нь заадаг байгууллага болох нь ээ. УИХ-ын шийдвэр Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, хэм хэмжээнд байх ёстой. Үндсэн хууль зөрчсөн бол тэр шийдвэр хүчингүй болох ёстой. Энэ их эрх ҮХЦ-д  байдаг. Түүнээс биш УИХ-ын юу хийхийг ҮХЦ заахгүй.

-Хуулийн заалт дутуу оруулсан байна гэдэг маргаан үүсгэж байсан кейс байдаг юм уу. Батлагдчихсан хуулийг Үндсэн хуульд нийцэхгүй байна гэдэг асуудлаар маргаан үүсгэдэг болохоос хуулийн заалт дутуу байна гэж маргаан үүсгэж байсан түүхэн тохиолдол бий юү?

-Үүнтэй төстэй кейс мэдэхгүй байна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай холбоотой кейс шийдэж байсан тохиолдол байдаг. П.Очирбат гуай Улсын бага хурлаас болон бүх ард түмнээс сонгогдсон. Гурав дахь удаагаа өрсөлдсөн. Энэ өрсөлдөөнөөр Н.Багабанди сонгогдож байсан. Үүнээс өөрөөр Ерөнхийлөгчийг сонгох болон сонгогдох эрхтэй холбоотой ҮХЦ шийдвэр гаргаж байсан тохиолдол байхгүй.

-Үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах шийдвэр ҮХЦ гаргаж болох уу?

-ҮХЦ гаргасан өргөдөл, гомдлын хүрээнд хянаж үзээд аливаа акт Үндсэн хууль зөрчиж үү үгүй юу гэдгийг л шийддэг. Яг үнэндээ Ерөнхийлөгчийн нэр дэвшихтэй холбоотой асуудлаар ҮХЦ юу шийдэх гээд байгааг ойлгохгүй байгаа. Эрх зүйн акт байхгүй зүйл дээр ҮХЦ юу хийх юм бол гэдгийг гайхаж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургаадугаар сард болно. Нийгэмд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дэвших эрхтэй, эрхгүй гэсэн маргаан үүсээд байна. Энэ хүн дэвших эрхтэй юм уу, эрхгүй юм уу?

-Хуульчид янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Үүнд маргаан байхгүй. Хэлэлцсэн үеийн УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан дээр гишүүдийн хэлсэн протокол тэр чигтээ байгаа. Нэгдүгээрт, Хууль тогтоогчдын хүсэл зориг тэр үед ямар байсан юм бэ гэдэг нь тодорхой. Хоёрдугаарт, ямар нэг улс төрийн зорилгоор одоогийн Ерөнхийлөгч дэвших эрхтэй, эрхгүй гэдэг маргаан үүсгээд байх шаардлага байхгүй. Ерөнхийлөгч асан П.Очирбатын жишээнээс харахад Монгол Улс уг асуудлыг шийдэж байсан. АНУ, Өмнөд Солонгос, Франц Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд өөрчлөлт оруулж байсан. Тухайн үедээ Дагаж мөрдөх журмын тухай хуульдаа тусгадаг юм байна лээ. Харин манайх тусгаагүй. Тусгаагүй үедээ яадаг вэ гэхээр жишгээ хардаг. Гуравдугаарт, хууль тогтоогчид тухайн бүрэн эрхийн хугацааг өөрчилсөн шийдвэр гаргахдаа ямар байр суурь баримталж байсан бэ гэдгээ хардаг юм байна лээ. Дахиж дэвших дээр маргаангүй гэдгийг тухайн үеийн УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан дээр санал нэгтэйгээр шийдсэн байдаг. Харин одоо үүнийг үг салгаж тайлбарлаад “зөвхөн нэг удаа зургаан жилээр” гээд заачихсан учраас гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Алтангэрэл гэдэг хүн сонгогдох юм бол “нэг удаа зургаан жилээр” сонгогдсон Ерөнхийлөгч болно. Зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгчийн нэг удаагийн асуудал яригдаж байгаа биз. Дөрвөн жилийн хугацаатайгаар сонгогдсон Ерөнхийлөгч гэдэг нь шал өөр асуудал. “Нэг удаа зургаан жил” гэдгийн нэг удаа гэдгийг салгаж аваад хууль тайлбарлаж болохгүй. Захын хууль, эрх зүйн мэдлэгтэй хүн хуулийн зүйл заалтаас 2,3 үг тасалж аваад энэ зөв, энэ худлаа гэж ярьж болохгүй гэдгийг мэднэ. Үүнд хууль зүйн талаас ямар ч эргэлзээ байхгүй. Харин улс төрд байгаа байх.

-Үүн дээр хуульчид талцаж тайлбарлаад байгаа. Энэ талцлыг зогсоохын тулд ямар шийдвэр, хаанаас гарах ёстой гэж үзэж байна?

-Ямар ч шийдвэр шаардлагагүй. Одоо бол өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, байгаа хоёр ч хүн нэр дэвших эрхтэй. Намбарын Энхбаяр болон одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нар нэр дэвших эрхтэй. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдгийг улс төр, Засгийн газрын түвшинд, олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд болон ҮХЦ бүгдээрээ урьдчилж тодорхойлох гэж оролдоод байна. Шударга өрсөлдөөн байх хэрэгтэй. Хэдэн хүн нийлж хуйвалдаад, хуулийг янз бүрээр тайлбарлахаар нийгмийн харилцааг өөрчилчихдөг юм биш. Хууль зүйн шинжлэх ухааны зүйл заалтыг хэн дуртай нь дураараа тайлбарлаад яваад байж болохгүй.

-Хуулийн салбарт улстөржилт их байна. Тэгэхээр өнөө бидний хамгийн их ярьдаг шударга ёс алга болчихож байна. Яах ёстой юм бэ?

-Хуулийн салбар битгий улстөржөөсэй гэж олон жил бодож байна. Жишээ нь, би хувь хүнийхээ зүгээс улс төрийн идэвхтэй байр суурь баримталдаг учраас хуульчийн үйл ажиллагаа явуулахгүй түдгэлзээд удаж байна. Хуульчдын үйл ажиллагааны ямар ч албан тушаалд нэрээ дэвшүүлэхгүй, үйл ажиллагаанд оролцолгүй удаж байна гэсэн үг. Яагаад гэвэл, би мэргэжлээ хүндэлдэг. Би улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа бол хуульчийн үйл ажиллагаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хуульчын доторх өөрөө удирдах ёсны болон хуульчдийн нэгдсэн зохион байгуулалтын ажиллагаанд оролцоод байх нь зохимжгүй. Хуулийн салбарыг улс төрөөс ангид байгаасай гэж боддог. Улс төрийн үйл ажиллагаа нэг өөр. Хуулийн салбар улстөржиж болохгүй. Тэр тусмаа ажил үүргээ гүйцэтгэж байгаа шүүгч, прокурор бусад мөрдөн шалгах байгууллагын хүмүүс огт улстөржиж болохгүй. ҮХЦ-ийн дээр нам биш Үндсэн хууль байх ёстой.  Одоо бүгдийн дээр нам очих гээд байдаг тогтолцоо руу яваад байх шиг. Ялангуяа Үндсэн хуулийг манагч субьектын дээр, хуулийн дээр нам байж болохгүй. Бид анзаарахгүй аажим аажмаар ийм зүйл рүү яваад байна уу гэж санаа зовж байна.

-Баярлалаа.

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ