Б.Жавхлан: Өнгөрсөн 4 жил утаатай тэмцсэн бол энэ 4 жил түгжрэлийг бууруулахаар ажиллана

2021-09-15 0

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Тэрээр “Жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр Сангийн яамнаас Засгийн газарт ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын  төслүүдийг өргөн мэдүүлдэг. Үүний дагуу өнөөдөр 2022 оны оны төсөв болон дагалдах хуулийн төслүүдийг танилцууллаа.

Мөн Ковид19-ийн дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг  талаар танилцуулга хийлээ.

Өнгөрсөн дөрвөн жил Улаанбаатарын утаатай тэмцсэн бол энэ дөрвөн жил нийслэлд түгжрэлийг бууруулахад анхаарч ажиллана. Ирэх жилээс хөрөнгө оруулалтын ямар л орон зай гарна тэрийг түгжрэлийг бууруулахад зарцуулна .

Айл өрх болон зарим ААН-ийн хог, цахилгаан, дулааны мөнгийг арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгасан бөгөөд үүгээр дуусгавар болгоно. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хуучин тариф руугаа бүрэн шилжинэ гэсэн үг. Харин сайжруулсан түлшний хувьд дулааны улирлыг дуустал олгоно.

Түүнчлэн хүүхдийн мөнгийг сард 20 мянган төгрөг олгохоор төсөвт суулгасан. 100 мянган төгрөгөөс шууд 20 мянга болгон бууруулахаар зарим өрхөд хүнд тусна. Тиймээд  бид өөр хувилбаруудыг судалж байна. Ирээдүйн өв санг хүүхдийн мөнгөтэй  холбоно. Ингэснээр хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал, цаашлаад хөрөнгө оруулалт болгох ажлыг эхлүүлнэ. Учир нь хүүхэд 18 насанд хүрэхэд 18-19 сая төгрөгийн хуримтлалтай болох тооцоог хийсэн. Үнэхээр шаардлагатай нөхцөлд нь энэ мөнгөний тодорхой хувийг мөнгөжүүлэх сонголтыг гэр бүлүүдэд олгоно.  Халамжаас хөдөлмөр рүү, хуримтлал руу гэсэн бодлогоо 2022 оны төсөв дээр үргэлжлүүлнэ” гэв

Холбоотой мэдээ