Pandora Papers: Улс төрчид болон алдартнуудын татварын нууц диваажин

2021-10-04 0

Дэлхийн өнцөг булан бүр дэх нэртэй улс төрчид, алдартнуудын санхүүгийн нууцыг хадгалсан сая сая бичиг баримт дэлгэгдсэн билээ. Тони Блэйр, Володимир Желенский, Шакира зэрэг бүхий л алдартнууд татварын диваажинг ашигладаг нь тогтоогдсон юм.

Wolodymyr Selenskyj, Präsident Ukraine | Porträt

Зургийн тайлбар: Жүжигчнээс улс төрч болсон Володимир Желенски

 

Түүхэн дэх сэтгүүлзүйн хамгийн том түншлэлийн ажлын үр дүнд томоохон хэмжээний мэдээллийн сан бүрдэж өдгөө төр барьж буй болон өнгөрсөн хугацаанд төрийн эрх мэдэл атгаж байсан 35 төр, засгийн тэргүүнүүдийн санхүүгийн нууцыг олж тогтоосон байна. Эдгээр эрхмүүдийн тоонд Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Иорданийн хаан, Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кениата нар багтжээ.

Pandora Papers нь дэлхийн 90 гаруй орны нийт 330 гаруй шилдэг улс төрч, төрийн өндөр албан тушаалтнуудаас гадна шоу бизнесийн тэрбумтнууд, спортын одуудын татвар нуун дарагдуулсан хэргийг мөрджээ. Дэлхий нийтийг хамарсан энхүү эрэн сурвалжлах ажиллагаа нь оффшор бүсүүд дэх нууц хэлэлцээр, татварын диваажингууд дахь томоохон тохиролцоонуудад голчлон анхаардаг байна.

Оффшор данс хэмээн нэрлэгддэг хилийн чанад дахь дансыг гол төлөв их хэмжээний мөнгийг нууцаар гуйвуулж тодорхой хүмүүсийн эд хөрөнгийг нууцлах зорилгоор ашигладаг билээ.

Pandora Papers-ийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (ICIJ) удирдан хэрэгжүүлдэг. Үйл ажиллагаанд нь нийтдээ 150 хэвлэл мэдээллийн байгууллага хамрагддаг аж.

Дэлгэгдсэн баримт материалуудаас дэлхий дахины санхүүгийн ертөнцөд ийм нууц гүйлгээ хэр зэрэг идэвхитэй хийгдэж байгааг олж тогтоодог байна. Пакистан, Нидерланд, Бразилийн Сангийн сайд нар төдийгүй  Мальта, Францын Сангийн сайд асан хүмүүс, мөн Олон улсын валютын сангийн экс дарга Доминик Стросс-Кан нар ч оффшор компаниудтай холбоотой гэдэг нь дээрхи баримтаар тогтоогджээ.

Оффшор дансны гүйлгээг зогсооход нөлөөлөх хэмжээний хүчирхэг  эрх мэдэлтэй хүмүүс түүнийг таслан зогсоох бус харин ч уг системээс ашиг хүртэж байгааг ICIJ консорциум тогтоожээ. Нэг талд хөрөнгийг нууц компаниуд, итгэмжлэгдсэн байгууллагуудад хадгалж байхад засгийн газрууд хууль бус мөнгөн урсгалыг таслан зогсоохын эсрэг хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа нь бодит факт аж. Гэмт хэрэгтнүүдийг баяжуулж, улс үндэстнүүдийг ядууруулдаг систем нэгэнт тогтжсон хэмээн Pandora papers дурджээ.

Symbolbild Geld Steuer Steueroase

Зургийн тайлбар: Британийн алслагдсан арлууд нь хамгийн алдартай татварын диваажинд тооцогддог байна

Оффшор компаниуд хэрхэн ажилладаг вэ?

Зуучлагчид хэдхэн зуун доллараас эхлэх үнээр үйлчлүүлэгчдэд зориулсан “шуудангийн хайрцагны” гэгдэх компани байгуулдаг бөгөөд жинхэнэ эзэд нь нууц хэвээр үлддэг. Эсвэл 2000-25000 доллараар жинхэнэ эзэд нь тодорхой хэмжээгээр мөнгөө өөрөө хянах боломжтой “нөхөрлөл” бий болгож болно. “Нөхөрлөл”-ийн эзэд нь үйлдэлдээ хуулиар ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Бага зэрэг бүтээлч хандахад л та хөрөнгөө зээлдүүлэгчид, хууль сахиулах байгууллагууд, татварын алба эсвэл хуучин эхнэрүүдээсээ нууж болох аж.

Оффшор компани эзэмших, татварын диваажингаар дамжуулан санхүүгийн гүйлгээ хийх нь олон тооны улс оронд хуулиар зөвшөөрөгдсөн байдаг хэдий ч энэ практик улам бүр хатуу хяналтанд шилжиж байна. Ийм компани эзэмшчигчид бизнесээ явуулахад нь чухал шаардлагатай хэмээн тайлбарладаг. Харин шүүмжлэгчид авлига, мөнгө угаах гэмт хэрэг, тэгш бус байдалтай тэмцэхийн тулд оффшор компаниудаар дамжуулан хийсэн гүйлгээг илүү хатуу чанд хянахыг шаарддаг.

Татварын диваажингуудыг дагнан судалдаг АНУ -ын Калифорни мужийн Берклигийн их сургуулийн профессор Габриэль Зукман дэлхийн ДНБ-ий 10 орчим хувьтай тэнцэх хөрөнгө татварын диваажингуудад хадгалдаг гэж тооцоолжээ.

Нууц мэдээллийг хэрхэн цуглуулж, баталгаажуулдаг вэ? 

ICIJ нийт 11.9 сая орчим нууц файл бүхий мэдээллийн сан хөмрөгийг бүрдүүлсэн. Удирдлагад нь 150 хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй сэтгүүлчдийн баг ажилладаг байна. Тэд цугларсан баримт сэлтийг хоёр жилийн турш судалж, эх сурвалжийг нь нягталж, шүүхийн хавтаст хэргүүд болон төрийн бусад мэдээллийн санд дүн шинжилгээ хийжээ. Ил болсон баримтуудаа тэд дэлхийн өнцөг булан бүрт буй оффшор үйлчилгээний 14 компаниас авдаг бөгөөд тэд үйлчлүүлэгчиддээ зориулж “шуудангийн хайрцагны” гэх тодотголтой компаниудыг байгуулж, хилийн чанадад орогнох боломжоор хангадаг байна.

Эх сурвалж: https://www.dw.com/de

Холбоотой мэдээ