“Эрдэнэс Монгол” БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн хамтарна

2021-10-06 0

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, БНСУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн (СЭХСХ)-гийн Ерөнхийлөгч Жонг Нам Кимтэй өчигдөр цахимаар уулзав.

Уулзалтаар нүүрсний чанарыг сайжруулж, эдийн засгийн өгөөжийг нэмэн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа “СЭХСХ-тэй нүүрсний чанар, илчлэгийг нэмэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэхээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж буйдаа баяртай байна” хэмээсэн юм. “Эрдэнэс Монгол” компани нүүрсний илчлэгийг нэмэгдүүлэхэд цаашид хоёр чиглэлд түлхүү анхаарах хүсэлтээ илэрхийлэв. Тодруулбал, эрчим хүчний нүүрсний илчлэг, чанарыг сайжруулах, мөн коксжих нүүрсний хаягдлыг боловсруулж экспортлох боломжийг нэмэх чиглэлд хамтран ажиллах боломжтойг Д.Хаянхярваа онцолжээ.

СЭХСХ-гээс “Багануур” ХК-ийн эрчим хүчний нүүрс, “Тавантолгой” ХК-ийн хаягдал нүүрсэнд туршилт хийж, чанарын хувьд сайн үр дүнтэй гарсан юм. Иймд судалгааг үргэлжлүүлэн нүүрсний илчлэгийг сайжруулан үйлдвэрлэлд ашиглаж болох тухай ТЭЗҮ боловсруулах шатанд хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.

БНСУ-ын СЭХСХ-гийн Ерөнхийлөгч Жонг Нам Ким уулзалтын үеэр Монгол Улсын төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол”-ХХК-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байд баяртай байгаагаа тэмдэглэжээ. Тэрбээр, СЭХСХ нь өнгөрсөн 10 жилд монголын агаарын бохирдлыг багасгахад хамтран ажиллаж ирснийг дурдаад, цаашид гэр хороолол, цахилгаан станцуудыг байгаль орчин ээлтэй түлшээр хангах төслүүдийг дэмжин агаарын бохирдлыг багасгах зорилготойгоо илэрхийлэв.

СЭХСХ нь нүүрстөрөгчийг саармагжуулах үндэсний судалгааны гол төв бөгөөд эрчим хүчний технологийг хөгжүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, эдийн засгийн өсөлтийг нэмэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Уулзалтын үеэр СЭХСХ-гээс түүхий нүүрсийг сайжруулах технологийг Улаанбаатар хотын гэр хороолол, цахилгаан станцуудад нэвтрүүлэх тухай танилцуулав. Тус хүрээлэнгийн судалгааны баг уурын технологи ашиглан нүүрсний чанарыг сайжруулах туршилтыг амжилттай хийжээ. Иймд Шивээ-Овоо, Багануурын уурхайн нүүрсний чанар, илчлэгийг сайжруулж, гэр хорооллын утааг багасгаж, цахилгаан станцуудад байгальд ээлтэй түлш нийлүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэжээ. Нүүрсний илчлэгийн чанарыг нэмснээр эрчим хүчний хэрэглээ, байгаль экологийн сөрөг нөлөө багасах аж.

Холбоотой мэдээ