Монголын ипотекийн корпораци 15 нас хүрлээ

2021-10-06 0

Үүсгэн байгуулагдсан түүх

Монгол Улсад 2003 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжсэн орон сууцны санхүүжилтийн төсөл хөтөлбөр эхэлснээр арилжааны банкнуудаар дамжуулан анхны орон сууцны зээл олгогдож эхэлж байсан. Төслийн хэрэгжих хугацаа дуусгавар болж, банкнууд өөрийн эх үүсвэрээр иргэдэд үргэлжлүүлэн орон сууцны санхүүжилтийн зээл олгож байсан ч санхүүжилт хомс, зээл олголтын тоо, хэмжээ хязгаартай, өндөр хүүтэй, богино хугацаатай олгогдох зэрэг хүндрэлүүд байлаа.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн  (USAID) “Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадварын төсөл”-ийн техникийн тусламжийн хүрээнд хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд, дутагдаж байсан институцуудыг шинээр үүсгэн байгуулах, эрх зүйн орчинг бий болгох (хоёр дахь үеийн шинэчлэл) цогц зөвлөмжийг эрх бүхий төрийн байгууллагуудад өгсөн байдаг. Тухайлбал ипотекийн зээлийг хүртээмжтэй болгох, орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бий болгоход хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг  санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулахыг зөвлөсний үр дүн нь өнөөдрийн МИК юм.

Иймд Монгол Улсад орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор Монголбанк нь тухайн үед банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байсан банкнууд болох Анод банк, Голомт банк, Зоос банк, Капитал банк, Капитрон банк, Монгол шуудан банк, Хаан банк, Хасбанк, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкнууд хамтран Монголын Ипотекийн Корпораци ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээг байгуулж, улмаар 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор улс бүртгэж авсан түүхтэй.

Компанийн үндсэн үйл ажиллагаа

“Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны урт хугацаат санхүүжилтийн тогтолцоог бий болгох, ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд орон сууц санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгосон зээлийг худалдан авч ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах, банкнуудын хөрвөх чадварыг сайжруулах, шинээр ипотекийн зээлийн эх үүсвэрийг бий болгохоор зах зээлийн хүүтэй ипотекийн зээлийн багцыг худалдан авах үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт 25 багцын 83.6 мянган зээлдэгчийн 4.3 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн. Энэ хугацаанд нийт 2.3 их наяд төгрөгийн ИЗББ-ын эргэн төлөлт хийсэн бөгөөд үүнээс бондын үндсэн төлөлтөд 1.5 их наяд, купоны төлөлтөд 823 тэрбум төгрөг төлсөн байна.

Компанийн онцлох үйл явдал

  • 2006 он. Монголбанк болон арилжааны 10 банк хувь нийлүүлэн Монгол Улсын ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх зорилгоор “МИК” ХХК-ийг үүсгэн байгуулав.
  • 2009 он. Санхүүгийн зохицуулах хороо МИК-ийн анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах хүсэлтийг бүртгэж, зөвшөөрөл олгов.
  • 2011 он. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэв.
  • 2012 он. Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл авч, Орон сууцны санхүүжилтийн корпораци (ОССК) болов.
  • 2013 он. Монгол Улсын Засгийн газар, Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлээр баталгаажсан анхны бондоо гаргав.
  • 2015 он. “МИК ОССК” ХХК толгой компани болох МИК Холдинг хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалснаар Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн том анхдагч зах зээлийн арилжааг хийж, хувьцааны бүртгэлийн 1-р ангилалд (MIK) бүртгэгдэв
  • 2017 он. Монгол Улсад анх удаа мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001:2013 стандартыг байгууллагын үйл ажиллагаандаа нэвтрүүлэв.
  • 2017 он. МИК Холдинг ХК зах зээлийн үнэлгээгээрээ Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 индексэд багтав.
  • 2018 он. Олон улсын үнэлгээний байгууллагуудаар зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийлгэв. (“Мүүдис” В3, тогтвортой, “Фитч рэйтинг” B-, тогтвортой, “Стандарт энд Пүүрс” В, тогтвортой).
  • 2018 он. Азийн тогтмол орлоготой үнэт цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уг чуулга уулзалтад Азийн хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдах албан тушаалтнууд оролцов.
  • 2019 он. Олон улсын хөрөнгийн зах зээлд 3 жилийн хугацаатай 9.75 %-ийн хүүтэй 300 сая ам.долларын бонд (MGMTGE) арилжаалав.
  • 2021 он. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр 2019 онд арилжсан 300 сая ам.долларын бондыг дахин санхүүжүүлэх зорилгоор 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 8.85%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 250 сая.ам долларын бондыг амжилттай арилжааллаа.

Олон улсын хамтын ажиллагаа

МИК нь олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, орон сууцны зах зээлд харилцан туршлага солилцох хүрээнд Олон улсын моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ISMMA), Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA) болон Олон улсын орон сууцны санхүүжилтийн эвлэл (IUHF)-д элссэн бөгөөд гишүүн орнуудын иргэдийг орон сууцжуулах, түүнд чиглэсэн орон сууцны санхүүжилтийн тогтвортой сувгийг нээх боломжийг нэмэгдүүлэхэд санал бодол солилцон, туршлага судлан хамтран ажиллаж байна.

МИК нь 2014 онд Азийн моргейжийн хоёрдогч зах зээлийн холбоо үүсгэн байгуулагдахад гишүүн болж элссэн бөгөөд тус холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Азийн тогтмол орлоготой үнэт цаасны чуулга уулзалт”-д тогтмол оролцдог. Мөн 2018 онд “Азийн тогтмол орлоготой үнэт цаасны 5 дахь удаагийн чуулга уулзалт”-ыг СЗХ, БХБЯ, Сангийн яамтай хамтран анх удаа Монгол Улсад амжилттай зохион байгуулсан юм. Түүнчлэн тус холбооны үйл ажиллагааг 2019 онд МИК удирдан чуулга уулзалтыг удирдан зохион байгуулан ажилласан.

Бүс нутгийн ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын “Орон сууц санхүүжилтийн корпораци”, БНСУ-ын “Газар, орон сууцны корпораци”, Малайзын “Үндэсний моргейжийн корпораци” болон Японы орон сууц санхүүжилтийн агентлаг зэрэг байгууллагуудтай Харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтран ажиллаж байна.

2020 онд Япон Улсын “Газар, дэд бүтэц, зам тээвэр болон аялал жуулчлалын яам”-ны дэмжлэгтэйгээр тус улсын орон сууцны бодлого, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилт, ногоон бондын талаарх туршлага солилцох зорилготой “Ногоон орон сууцны санхүүжилт-2020” сэдэвт вебинарыг хамтран зохион байгуулсан.

Компани нь орон сууцны зээлийн хэрэгцээг урт хугацаанд тогтвортой санхүүжүүлэх зорилтын хүрээнд 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр олон улсын хөрөнгийн зах зээл дээр жилийн 9.75%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 300 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалсан. Энэхүү үйл явдал нь Монголбанк дахь гадаад валютын албан нөөц, орон сууцны зах зээлийн эх үүсвэрийн нэмэгдүүлэн улс орны эдийн засагт бодитой хувь нэмрийг оруулсан төдийгүй Ази тивд ипотекийн бонд гаргасан анхны хувийн компани, Монгол Улсаас Засгийн газрын баталгаагүйгээр олон улсын зах зээл дээр арилжаалсан анхны бонд болсон юм. МИК Групп компани нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрх хийсэн уг хэлцлээр “Bloomberg TV Awards 2018”-ийн “Шилдэг хэлцэл” шагналыг гардан авсан. Ийнхүү олон улсын хөрөнгийн зах зээл дээр бонд арилжаалснаар арилжааны банкнууд болон банк бус санхүүгийн байгууллагуудын хөрвөх чадварыг сайжруулж, урт хугацаатай, бага зардалтай эх үүсвэр бий болгож, дэмжлэг үзүүлж байна.

Олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс 250 сая.ам долларын бондыг 3 жилийн хугацаатай жилийн 8.85%-ийн хүүтэйгээр цар тахлын хүнд нөхцөл байдлыг сөрж амжилттай арилжаалсан. Энэ нь МИК-ийн бизнес загвар, үйл ажиллагаа олон улсын стандартын хүлээлтэд нийцсэн болохыг гадаадын хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрснийг илтгэж байна.

Цаашид орон сууцны ипотекийн зээлийн ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг татах зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: http://www.mik.mn

Холбоотой мэдээ