БНХАУ нүүрс олборлолтоо нэмэгдүүлнэ

2021-10-25 0

БНХАУ-д эрчим хүчний хомсдол нүүрлээд байна. Цахилгаан эрчим хүчний эрэлт нь нийлүүлэлтээсээ давснаар хомсдол үүсдэг. Уг шалтгаанаар Бээжин нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Үүний улмаас CO2-ийн тэнцвэр алдагдах нь гарцаагүй.

AFP мэдээллийн агентлагийн мэдээлснээр, аж үйлдвэрийн салбарын эрчим хүчний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улс нүүрсний олборлолтоо зургаа орчим хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэж байна хэмээн БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо мэдээлжээ. Саяхан нэг өдрийн олборлолтын шинэ рекорд тогтоогдсон байна.

Төлөвлөгөөний комисс энэ оны наймдугаар сараас хойш ашиглалтаас хасагдсан байсан 153 нүүрсний уурхайг дахин ашиглах зөвшөөрөл олгожээ. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа жилд 220 сая тонноор нэмэгдүүлнэ гэж эрх баригчид даваа гарагт мэдэгджээ. Энэ нь өнгөрсөн оны нийт олборлолтын хэмжээ болох 3.84 тэрбум тоннтой харьцуулахад 5.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Тус улс саяхан өдөрт 11.5 сая тонн нүүрс олборлож дээд амжилт тогтоосон.

Нүүрсний хамаарал 

Хятад улс эрчим хүчний хэрэгцээнийхээ гуравны хоёрыг нүүрсээр хангадаг. Гэсэн хэдий ч нүүрсний импортыг өмнөх оныхоос 20 хувиар бууруулж, аюулгүй байдлыг хангах үүднээс нүүрсний уурхайнуудыг хаагаад байсан юм. Үүний улмаас нүүрсний үнэ гурав дахин өсч, цахилгаан станцууд төлбөрийн чадваргүй болж, нүүрсний нөөц дууссан байна. Зах зээл гэхээсээ илүү төрийн хяналтад байдаг эрчим хүчний салбар дахь үнийн хяналт, тэнцвэргүй байдал нь хямралыг улам хурцатгасаар иржээ .

China Kohlenindustrie

 

Байгаль орчны бодлого алдагдах аюул нүүрлэж байна 

Тус улс уур амьсгалыг хамгаалах зорилгоор 2021 онд цахилгааны хэрэглээгээ гурван хувиар буурруулах зорилт тавиад байв. Хятадын төрийн тэргүүн, намын дарга Ши Жиньпин 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг эрс бууруулах төлөвлөгөөгөө зарласан билээ. Гадаад улс орнуудад ч нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихыг зорихгүй байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Süddeutsche Zeitung сонинд мэдээлснээр, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг БНХАУ-ын тэмцэл түр хугацаагаар зогссон бололтой.

Олборлолтыг нэмэгдүүлж ирэх өвөл, хавар хэрэглэх нүүрсний нөөцийг бүрдүүлэхийг зорьж байгаагаа холбогдох газраас мэдээлжээ. Хятад улсын цахилгаан эрчим хүчний 60 орчим хувийг нүүрсээр үйлдвэрлэдэг. Сүүлийн хэдэн долоо хоногт цахилгаан тасрах тохиолдол олон удаа гарсан. Үүний улмаас үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа хязгаарлах, эсвэл бүр зогсоох шаардлагатай болж байжээ. Тиймээс гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлт ердөө 4.9 хувьтай байсан гэж статистикийн агентлаг даваа гарагт мэдээлэв.

БНХАУ бол хүлэмжийн хийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Бээжин 2060 он гэхэд уур амьсгалын тэнцвэрийг хангах зорилт тавьснаа зарласан. Гэхдээ 2026 оноос л нүүрсээр ажилладаг эрчим хүчний үйлдвэрлэлийг бууруулж эхэлнэ гэж мэдэгдсэн. Хятад улс 368 цахилгаан станц шинээр барихаар төлөвлөж байна гэж Carbon Tracker шинжээчдийн бүлэг саяхан мэдээлсэн билээ.

 

Эх сурвалж: Süddeutsche Zeitung

Холбоотой мэдээ