ЮКОС-ын маргааныг давж заалдах шатанд буцаалаа

2021-11-11 0

Оросын нефтийн ЮКОС концернийн өмнөх хувьцаа эзэмшигчдэд нөхөн олговор олгох эсэх талаарх шүүхийн маргаан олон жил үргэлжилж байгаа билээ. Нидерланд улсын Дээд шүүхэд болсон шүүх хуралдаанаар ОХУ-ын Засгийн газар ялалт байгуулсан байна.

Нидерландын Дээд шүүх өнгөрсөн баасан гарагт ЮКОС-ын маргааны талаарх өмнөх шийдвэрүүдийг няцааж, хяналтын шатны шүүхэд хэргийг дахин  хянуулахаар шилжүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгджээ.

Долоон жил үргэлжилж буй энэхүү шүүхийн маргааны улмаас 50 гаруй тэрбум ам.долларын хохирол барагдуулах асуудал шийдлээ хүлээсээр байгаа юм.

Юкос компанийг өмнөх хувьцаа эзэмшигчдээс нь хууль бусаар булаан авсан гэдэг үндэслэлээр 2014 онд Гааг дахь олон улсын арбитрын шүүх уг дээрхи мөнгийг өмнөх хувьцаа эзэмшигчдэд нь нөхөн олгуулахаар шийдвэрлээд байсан билээ.

Гэвч хоёр жилийн дараа Гаагийн дүүргийн шүүх ОХУ-ын Засгийн газрын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж байжээ. Уг шийдвэрийн эсрэг ЮКОС компанийн өмнөх хувьцаа  эзэмшигчид давж заалдах гомдол гаргаж, улмаар 2020 оны хоёрдугаар сард гомдлын шаардлагыг хүлээн авсан шийдвэр гардан авчээ. Үүний дараа Москва Нидерландын Дээд шүүхэд хандан хяналтын шатны гомдол гаргасан байна.

ЮКОС-ын өмнөх хувьцаа эзэмшигчид Арбитрийн ажиллагаанд хуурамч бичиг баримт бүрдүүлж оролцсон гэх ОХУ-ын Засгийн газрын гомдлыг давж заалдах шатны шүүх хууль бусаар харгалзаж үзэлгүй процессийн алдаа гаргаж шийдвэрээ гаргасан гэсэн үндэслэлээр Нидерландын дээд шүүх хэргийг давж заалдах шатанд нь буцаасан байна. Уг асуудлыг давж заалдах шатны шүүх бие даасан шүүх хуралдаанаар шүүн хэлэлцэх юм байна.

Michail Chodorkovski

Путиныг шүүмжлэгч Ходорковский

Уг хууль зүйн маргаан 2003 онд ЮКОС группыг задалсан үйл явдлаас үүдэлтэй. Ил тод бусаар явагдсан дуудлага худалдаагаар 2004-2006 онуудад ЮКОС компанийг ОХУ-ын төрийн өмчит компаниудад хэсэгчлэн худалдсан бөгөөд дийлэнх хувийг эрчим хүчний Роснефть компани авсан билээ.

ЮКОС нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хурцаар шүүмжлэгч, олигарх асан Михаил Ходорковскийнх байжээ. ОХУ-ын Засгийн газар түүнийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгаж 10 жилийн хорих ял хүлээлгэсэн. Ходорковский уг ялыг биечлэн эдэлж 2013 онд суллагдсан юм.

Гаагийн арбитрын шүүх ОХУ-ын Засгийн газар Ходорковскийг Ерөнхийлөгч Путины гол өрсөлдөгч тул замаас нь зайлуулж ЮКОС-ын өмчийг хуваан авах зорилго хэрэгжүүлсэн гэж үзсэн.

Уг маргаан бүрэн шийдвэрлэгдэж дуустал цаашид ч олон жил сунжрах төлөвтэй байгаа аж.

 

Эх сурвалж: www.dw.com 

Холбоотой мэдээ