С.Энхболд: Энэ мөнгийг хөшөөнд бус эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа илүү цагийн төлбөрт зарцуулья

2021-11-21 0

УИХ ирэх оны төсвийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Үүгээр 2022 оны төсвийн жилд төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 9,406,608.4, жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 12,086,996.3 сая төгрөг байх юм.

Дотоодын эдийн засгийг 3 дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг дэмжсэн төсөв гэж эрх баригчид сайшааж буй. Ирэх онд 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.7 их наядыг зарцуулна гээд чухал заалт бий ч сиймхий ашиглаж, шаардлагагүй зарим зүйлд бүтээн байгуулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгах үрэлгэх хөрөнгө оруулалтууд ч байна.

Үүний нэг нь шүүмжлэл дагуулж буй Богд Зонхов бурхны хөшөөг барих төсөв юм. Манай улс цар тахалтай тэмцэхийн хажуугаар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхээр бодлого тодорхойлогчид ажиллаж буй. Ковидоос шалтгаалсан эдийн засгийн хүндрэлээс улбаалж, эрүүл мэндийн салбарынхныгаа цалинг тэр бүр нэмж чадахгүй байгаа билээ.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд Богд Зонхов бурхны хөшөөг ирэх онд 32 тэрбум төгрөгөөр барихаар төсөвт тусгаж, баталсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Өнөөдрийн трэнд Богдзонхов бурхны хөшөөний тухайд.

Аялал жуучлалд тодорхой бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд нөлөөлдөг л байх. Гэвч аливаа зүйлд үнэ цэнэ чухал гэдгээс гадна цаг хугацааны мөчлөг чухал. Яг өнөөдрийн байдлаар бид энэ мөнгийг хөшөөнд бус, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын маань илүү цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжинд зарцуулья. Тэгж гэмээнэ өдөр шөнөгүй ажиллаж байгаа манай салбарыхан хэсэгхэн хугацаанд ч гэсэн маргааш төлөх зээл, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр гээд ар гэрийн олон санхүүгийн асуудалд дэмжлэг болж чадна шүү дээ. Зарцуулья гэвэл үүнээс гадна засвараа хүлээж буй ХӨСҮТээс авахуулаад олон эмнэлэг шил шилээ даран хүлээж л байна” гэсэн байна.

No description available.

“Ковид-19”-ийн халдварын тохиолдол 500 гаруй мянгад хүрч, эрүүл мэндийн салбарынхан өдөр, шөнөгүй зүтгэж байхад хамгийн хэрэгцээтэй ажилдаа зарцуулахгүйгээр татвар төлөгчдийн мөнгөөр “тоглож” байгаа энэ цаг үед нүдээ олоогүй шийдвэр байлаа.

 

Холбоотой мэдээ