Омикрон: Дэлхий улс орнууд хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлаж байна

2021-11-30 0

Өнгөрөгч долоо хоногт Өмнөд африкт коронавирусын шинэ хувилбар Омикрон бүртгэгдсэн билээ. Дэлхийн улс орнууд ар араасаа уг шинэ хувилбарыг тогтоон барих зорилгоор хилээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Одоогоор уг вирус Герман, Португали, Их Британи, Израиль, Канад зэрэг орнуудад бүртгэгдээд байна.

Энэхүү шинэ хувилбар нь өмнөх Дельта хувилбараас тархах чадвараар илүү, вакцины нөлөөнд харьцангуй бага ордог гэх таамаглал байгаа тул улс орнууд хилээ хаах замаар хурдацтай тархахаас сэргийлж байна.

Хөдөлгөөн хязгаарлах нь хэр үр дүнтэй вэ?

ДЭМБ омикрон хувилбар дэлхий дахинд тархах магадлал тун өндөр гэж үзэж байгаа хэдий ч улс орнууд хилээр нэвтрэх хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Өмнөд Африкийн зүгээс уг арга хэмжээг “шаардлагагүй арга хэмжээ” гэж шүүмжилсэн.

Төрөл бүрийн судалгааны дүгнэлтээс уг арга хэмжээ нь вирусын тархалтыг хязгаарлах хамгийн үр дүнтэй арга гэж харагдаж байгаа аж. Тухайлбал цар тахал дэгдэж эхлэх үед Австралийн засгийн газраас авсан шийдвэртэй арга хэмжээ нь гаднаас орж ирэх халдварын тоо хэмжээг хязгаарлаж, тархалтыг нэг сараар хойшлуулж чадсан гэж үздэг.

England London | Coronakrise - Fußgänger um Westminster Brige

Канадын Нойфундланд мужид хийсэн судалгаа ч уг дүгнэлтийг баталдаг байна. “Зохих хэмжээний хараа хяналт тавихгүй бол халдварын томоохон давалгаа маш амархан бий болох боломжтой” гэж судалгааны дүгнэлтэд дурджээ.

Гэвч хөл хөдөлгөөнийг хязгаарлах нь дангаараа бүх асуудлыг шийдэх арга механизм биш юм. “Түүнээс хавьгүй чухал арга хэмжээ бол дотоод халдварын тархалтыг хязгаарлан барих явдал юм” гэж Science сэтгүүлийн нэгэн өгүүлэлд цохон тэмдэглэсэн байна.

Өмнөд Африкийн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ахлах судлаач Жинал Бхиман Дойче Велле-д өгсөн ярилцлагадаа: “Шинэ хувилбарыг хилийн хорио хязгаарлалтаар тогтоон барина гэж би бодохгүй байна. Аливаа хувилбарыг олж тогтоох үед аль хэдий нь газар авчихсан байдгийг бид дельта хувилбар дээрээс маш тодорхой харсан шүү дээ. Анхны халдварын тохиолдлууд аль эрт тархсан байдаг” гэжээ.

Эх сурвалж: dw.com

Холбоотой мэдээ