Б.Жавхлан: Энэ төслүүд хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн суурь тэлж, бусад салбар хөгжих юм

2021-12-28 335

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг парламентад өчигдөр өргөн мэдүүлсэн билээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд Засгийн газрын сайд нараас асуулт, тодруулга авч, зарим нь байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Батлут: Монгол Улсын гадаад өр 2021 оны эхний хагас гэхэд 33 тэрбум болж өсжээ. Хөгжиж буй орнуудтай харьцуулахад хурдацтай өссөн байна. Энэ байдал нь урт хугацаандаа сөрөг богино хугацаандаа эерэг нөлөө үзүүлнэ. Өрийн үйлчилгээнд төлж байгаа төлбөрөөс хамаарч экспортын орлогын эдийн засагт оруулах хөрөнгө оруулалт хумигддаг. Тэгэхээр бид зээлийн хүүний зардлаас илүү үр өгөөж өгөх төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байж эдийн засгийн сөрөг нөлөө буурна гэж харж байна. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогод байгаа төсөл хөтөлбөрүүдээс үр өгөөжтэй төсөл нь аль вэ? Гаднын зээлээр хэрэгжүүлэх төсөл бүр үр өгөөжтэй юу? баланс нь хэрхэн гарч байна вэ?

Бид олон чиглэлд хос морьтой, солонгоруулан ажиллах ёстой. Уул уурхайгаас шууд хамааралтай эдийн засагтай. Тиймээс ШУ, технологийн чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бид импортлогч бус экспортлогч орон болохын төлөө зорих ёстой. Энэ төсөлд байгаа мэдээллийн технологи, инновацын чиглэлд эрдэмтэн, мэргэжилтнээ ашиглан стартап эхлүүлэх, ажиллах, хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж болохгүй байгаа юм уу?

Тогтоолын төсөлд баяжуулах үйлдвэрлэлүүдийг хөгжүүлнэ гэсэн байна. Одоо үйлчилж байгаа хуулиар давхар АМНАТ аваад байгаа. Энэ эрхзүйн орчинг өөрчлөхгүйгээр яаж баяжуулах үйлдвэрлэлээ дэмжих юм бэ? Монгол Улсад алсдаа өгөх өгөөжийг илүү харах нь зүйтэй гэж би бодож байна” гэсэн юм.

Сангийн сайд Б.Жавхлан: Энэ төслүүд бүрэн ашиглалтад ортлоо дор хаяж 4-5 жил болно. Энэ жилүүдэд төлбөрийн тэнцэл дээр мэдээж хүнд тусна. Харин ашиглалтад орсноос хойш эдийн засагт үр өгөөж өгөх топ төслүүд.

Уг төслүүд хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн суурь тэлэгдэж, бусад салбарууд дэмжигдэх юм. Үүний үр дүнд ДНБ 2-3 дахин нэмнэ, нэг хүнд ногдох үндэсний орлогоо 2 дахин нэмнэ. Бусад төсөл хөтөлбөрүүдтэй огт зөрчилдөхгүй. “Шинэ сэргэлтийн бодлого” бол эдийн засгийн сэргэлтийн бодлого юм. Дунд, урт хугацааны “Алсын хараа 2050”-тай зэрэгцэж гарч ирж байгаа бодлого биш. Эхний 10 жилийн эдийн засгийн хүлээсийг тайлах бодлого юм.

Нийгэм, соёлын чиглэлийн асуудлууд бусад хөтөлбөрүүдэд хангалттай суусан. Давхар АМНАТ-ын асуудал өнгөрсөн жил Үндсэн хуулийн цэц хүртэл яригдсан ч УИХ хүлээж аваагүй. Энэ бол давхардсан АМНАТ биш. Энэ бол өсөн нэмэгдэж байгаа, өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс газрын хэвлий дэх баялагаа ашиглуулсныхаа төлөө ард түмэн авч байгаа АМНАТ юм. Үүнийгээ тооцож байж үйлдвэрлэл явах хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа болон Засгийн газрын хөтөлбөр хоёрыг холбож өгсөн гэж бодож байна. Эдийн засагт гацаа болоод буй  асуудлыг шийдье гэж оруулж ирсэн нь талархууштай. Гэхдээ санхүүжилтийг яах вэ. Засгийн газарт өр үүсгэхгүй байх асуудлыг нэн тэргүүнд авч үзэх хэрэгтэй. Хувийн хэвшил хийх зүйлийг өөрсдөөр нь хийлгэх хэрэгтэй. Экспортод саад болоод байгаа зарим зүйл заалтыг хасах нь үр дүнтэй болов уу гэж бодож байна. Хувийн хэвшлийг илүү татан оролцуулахад анхаарах нь зүйтэй болов уу гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг дэмжиж байна. Гэхдээ “Алсын хараа-2050” бодлоготой хэрхэн уялдаж байгааг асуумаар байна. Стратегийн том ордуудад төрийн өмчит компани байгуулах замаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлогыг нарийн тусгаж өгөх үү.

Ажлын хэсэг“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжсэнээр “Алсын хараа-2050”-ын эхний үе шатанд эдийн засгийн жилийн дундаж өсөлт зургаан хувьд хүрч, нэг хүнд ногдох үйлдвэрлэл гурав дахин өсөж, ажиллах хүчний оролцооны түвшин 65 хувьд хүрнэ. Дундаж ба түүнээс дээш давхаргын иргэдийн эзлэх хувийг 13 хувиар өсгөж, хүлэмжийн хийн ялгаралтыг 22 хувиар бууруулна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁндонШинэ сэргэлтийн бодлогод ашиглаж эхлээгүй байгаа Асгатын орд зэрэг өндөр ач холбогдолтой ордуудын эрэл, хайгуулын ажлыг төрийн өмчит компаниудаар гүйцэтгүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар тусгаж өгсөн.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Цар тахлын улмаас аж ахуйн байгууллагууд маш их өрөнд орж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд мега төслүүдэд хэрхэн оролцож хамтран ажиллах вэ. Гаднаас ажиллах хүч авах хуулиа саяхан бид баталсан. Шинэ сэргэлтийн бодлогын хуулиар гаднаас хичнээн хэмжээний ажиллах хүч авах тоо баримт байгаа юу.

Сангийн сайд Б.Жавхлан: Мэдээж том төслүүдийг хэрэгжүүлэхэд төр дангаараа дийлэхгүй. Төр, хувийн хэвшлийн болон гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар хэрэгжүүлнэ.

Том төслүүдийн 80 гаруй хувийг төр, хувийн хэвшил, гадаадын шууд хөрөнгө оруулагчдын оролцоотой хэрэгжүүлнэ.

Энэ хуулиар эдийн засаг болон нийгмийн аль алиныг нь хөндөж байна. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих эхний 10 жилийн хугацаанд 4300 ам.долларыг 10 мянгад хүргэхээр тусгасан. Мөн Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр ДНБ буюу эдийн засгийн хэмжээ хоёр дахин томорно.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Эдийн засгийн сэргэлтийн бодлогыг дэмжиж байна. Хоёр долоо хоногийн дараа намрын чуулган дуусах гэж байна. Энэ намар 74 хууль хэлэлцэнэ гэж баталсан. Эдийн засаг, хөрөнгө оруулалттай холбоотой нэлээдгүй хууль орж ирэх байсан ч хойш суулаа. Жишээлбэл, Байгаль орчны багц хууль, Газрын багц хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулт, Зөрчлийн тухай хууль, Үнэт цаасны тухай хууль зэрэг хуулиуд байна. Эдгээр хууль энэ намрын чуулганаар хэлэлцэгдээд батлагдсан бол их тус нэмэртэй байсан юм. Одоо энэ хуулиудыг нэгдүгээр сард өргөн барихгүй бол хаврын эдийн засгийн гол мөчлөгийг алдах нь. Засгийн газар энэ хуулиудыг эртхэн оруулж ирж болоогүй юм уу?

Сангийн сайд Б.Жавхлан: Цаг хугацааны хувьд ингэж таарч байна. Хуулиудаа өргөн бариад явна. Их хурал дээр түргэвчилсэн, яаралтай горимоор хэлэлцээд явбал их сайн байна. Гол шаардлагатай, нэн яаралтай зүйлүүд нь нэмэлт өөрчлөлтөд орсон байгаа юм. Иймээс цаг авах харьцангуй бага болов уу гэж бодож байна.

Гишүүд ийн асуулт, хариулт авсны дараа тогтоолын төслийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ