Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Бээжингийн өвлийн олимпод оролцох талаар БНХАУ-ын хэвлэлүүд ингэж мэдээлжээ

2022-01-03 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр “Бээжингийн өвлийн олимп-2022” арга хэмжээнд оролцох талаар ярьсныг БНХАУ-ын Үндэсний радио телевиз болон China news, Фөн Хуан, Хятадын залуучуудын цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн байна.

Уг мэдээнд “Монгол Улсын хэвлэлээр тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн УИХ- ын нэгдсэн чуулганы үеэр ирэх хоёрдугаар сард Бээжин хотноо зохион байгуулагдах Өвлийн олимпод биечлэн оролцох тухайгаа зарласан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, Олимп бол дэлхийн нийтийн хүн төрөлхтний спортын томоохон наадам бөгөөд үүнийг улстөржүүлэхгүй, улс төрөөс ангид байлгах ёстой” гэв. Тэрбээр Монгол Улсын зүгээс Бээжин хотод Өвлийн олимпийн наадам зохион байгуулахыг тууштай дэмжиж, хамтдаа байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар олимпийн нээлтэд биечлэн оролцох болсныг мэдэгдэв. Түүнчлэн коронавирусийн цар тахал хүчтэй тархаж байсан хүнд хэцүү цаг үед Япон улс Зуны олимпийн наадмыг зохион байгуулсан. Тэр үед Монгол Улс Японы тал Олимпийн наадмыг зохион байгуулж байгааг тууштай дэмжиж, хамтдаа байна гэдгээ илэрхийлж байсан” гэжээ.

БНХАУ-ын ГХЯ-ны 2021 оны  арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн Хэвлэлийн бага хурлын үеэр “Хятадын өдрийн сонин”-ы сэтгүүлч “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Олимпийн наадам хүн төрөлхтний баяр наадам, тиймээс ч улстөржүүлэхгүй байх ёстой хэмээн илэрхийлж, Бээжингийн өвлийн олимпийн холбогдох арга хэмжээнүүдэд биечлэн оролцохоо мэдэгдсэн. Үүнийг хятадын тал хэрхэн үзэж байна вэ?” хэмээн асуусан байна.

Үүний хариуд БНХАУ-ын ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь “Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон, харилцан бие биедээ чухал, найрсаг хөршүүд билээ. Хоёр улсын харилцаа сайн хөгжиж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл, найрсаг сэтгэгдэл улам бүр гүнзгийрч, цар тахалтай тэмцэх бодит хамтын ажиллагаа арвин баялаг үр дүнд хүрч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ирж, Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцохоо илэрхийлсэн хамгийн анхны гадаад улс орнуудын удирдагч нарын нэг юм. Бид түүнийг Хятад улсад тавтай морилохыг хүсч байгаагийн зэрэгцээ Монголын тал Хятад улс Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулахыг дэмжиж байгааг сайшааж байна. Олимпийн наадмын үзэл санаа, үндсэн агуулга нь найрамдал, харилцан ойлголцол, эв нэгдэл, эрх тэгш байдал юм. Энэ нь Монгол Улс болон дэлхийн бусад дийлэнх улс орны хамтын хүсэл, хүлээлт юм. Талуудын хамтын хүчин чармайлтаар Бээжингийн өвлийн олимпийн наадам амжилттай зохион байгуулагдаж, улс орнуудын ард иргэдийн нөхөрлөл, харилцан биенээ дэмжих явдлыг гүнзгийрүүлж, олон улсын нийгэмлэгийн эв нэгдэл, хамтын ажиллагааны түвшинг улам ахиулна гэдэгт бид итгэж байна” хэмээн илэрхийлжээ.

Эх сурвалж:

https://content-static.cctvnews.cctv.com/snow- book/index.html?toc_style_id=feeds_default&share_to=wechat_timeline&item_id=24402 91685756490099&track_id=8CCDCB99-479D-4575-AAB9- 0670D15C0546_662559424863

https://finance.ifeng.com/c/8COydhVbB2m https://finance.ifeng.com/c/8COydhVbB2m https://baijiahao.baidu.com/s?id=1720577045994694202&wfr=spider&for=pc https://www.mfa.gov.cn/fyrbt_673021/202112/t20211231_10478030.shtml https://baijiahao.baidu.com/s?id=1720654212208104451&wfr=spider&for=pc

 

Холбоотой мэдээ