О.Батбаяр: Нэг, хоёрдугаар тунтай бол омикроноор 100 хувь өвдөх эрсдэлтэй байна

2022-01-11 0

Коронавирусийн Омикрон хувилбар дотоодод тархаад буй. Халдварлах чадвар өндөртэй уг вирусээс хэрхэн хамгаалах, сэргийлэх, вакцин яагаад чухал болох талаар

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр: Омикроны давлагаа улс орон бүрт харилцан адилгүй үргэлжилж байна. Жишээ нь, Өмнөд Африкт энэ давлагаа нэг сар орчим үргэлжилсэн. Тухайн улсын газар зүйн байрлал, улирал, өмнө нь өвчилж байсан хувь өндөр, дундаж нас 27 байсан гэх мэт хүчин зүйлээс хамаарч тус улсад харьцангуй хөнгөн шинж тэмдгээр илэрсэн байж болно. Манай улсын хувьд өмнө нь өвчилж байсан хүмүүсийн хувь өндөр, вакцины 3-р тунгийн хамрагдалт өндөр зэргээс хамаарч омикроны шинж тэмдэг хөнгөн байх магадлалтай. Нөгөө талаас агаарын бохирдол ихтэй, хавсарсан өвчинтэй хүмүүс өндөр байгаа нь сөрөг нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй. Мөн томуу, томуу төст өвчний давлагаатай хавсарч байна. 2020-2021 онд манай улсад томуугийн давлагаа орж ирээгүй, харин энэ оны эхнээс томуу, томуу төст өвчин их байна. Омикроны давлагааг нам дор явуулахын тулд иргэдийн оролцоо туйлын чухал байна. Иргэд амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих уламжлалт халдвар хамгааллын дэглэмээс гадна вакцины 3, 4-р тундаа хамрагдах нь маш үр дүнтэй.

Өмнө нь вакцинд хамрагдаагүй өвдөөгүй байсан хүн одоо омикрон хувилбараар өвдөх магадлал 100 хувь болсон. Нэг, хоёрдугаар тунтай бол омикроноор 100 хувь өвдөх эрсдэлтэй байна. 3-р тун хийлгээд гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол өвдөх магадлал мөн 100 хувьтай байгаа. Аль нэг тунтай хэр нь өвдөж эдгээд вакцин хийлгээгүй бол мөн өвдөх эрсдэл 100 хувь. Энэ вирусийг энгийнээр зүйрлэж хэлбэл, хүний эс рүү нэвтрэх чадвар маш өндөр.

Бүүстэр тун хийснээр маш богино хугацаанд хүний дархлааны эсүүдийн тоог олшруулна. Мөн эсрэг биетийн хэмжээг 4-5 дахин нэмэгдүүлж байна. Ийм тохиолдолд таны дархлаа вирус орж ирэхээс өмнө устгаж байна гэсэн судалгааг омикроны давлагаанд өртсөн маш олон улс орны судлаачид хэлж байна.

Холбоотой мэдээ