Ховд-Алмата чиглэлд энэ сарын 16-наас шууд нислэгтэй

2022-03-01 333

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймаг дахь Нисэх онгоцны буудал, Автотээврийн төв, Авто замын  засвар арчлалтын компаниудын ажилтай танилцлаа.

Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн, аймгийн удирдлагууд Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, шөнө онгоц буух зориулалтын гэрэлтүүлэгтэй болох, Өлгий-Казакстан чиглэлд нислэг үйлдэх саналыг уламжиллаа.

Тус аймгийн Авто тээврийн төв өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсонги байсан ч эргээд сэргэж эхэлжээ. Улсын хэмжээнд Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвхамгийн багтаамж сайтай нь юм байна. Цаашид ашиглалтаа сайжруулахад анхаарч ажиллах чиглэлийг сайд Л.Халтар өглөө.

Зам, тээврийн хөгжлийн яамтай олон жилийн турш гэрээтэй ажиллаж буй авто замын засвар арчлалтын “Жол” ХХК-ийн үйл ажиллагаанд салбарын сайд сэтгэл дундуур байгаагаа хэлээд Өлгий хотын дундуур тавигдсан олон улсын авто замын засвар арчлалт, гэрэл ойлгогч суурилуулах зэрэг ажлыг 15 хоногийн хугацаанд гүйцэтгэх үүрэг даалгавар өгч, хоцорвол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэлээ.

Ховд аймгийн тухайд нисэх онгоцны буудал нь “Хүннү эйр” компани Улаанбаатар-Ховд чиглэлд орон нутгийн нислэг, Ховд-Алмата чиглэлд энэ сарын 16-наас олон улсын нислэг хийхээр бэлтгэж байна. Хил гааль, мэргэжлийн хяналтынхантай хамтарч ажиллах, төлөвлөгөө гаргахыг онгоцны буудлын удирдлагад Л.Халтар сайд даалгав.

Мөн хатуу хучилттай авто замыг төр мөнгө гаргаад барьдаг, засварладаг. Гэвч хэдхэн хүнд даацын автомашин яваад эвддэг байж болохгүй. Тиймээс даац хэтрүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг Авто тээврийн төвийн удирдлага, улсын байцаагчид  үүрэг болголоо.

“Ховд АЗЗА” төрийн өмчит компани 700 гаруй км замыг хариуцан засвар арчлалт хийж, хоёр хэсэгт шуурхай ажлын хэсэг ээлжээр ажилладаг. Цаашид замын үзлэгийн тоог нэмэгдүүлэх, Авто тээврийн төв болон АЗЗА компанийн удирдлагууд даац хэтэрсэн машиныг хатуу хучилттай зам дээр явуулахгүй байхад хамтарч ажиллахыг тэрбээр мөн даалгасан юм.

 

Холбоотой мэдээ