Х.Нямбаатар: Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүний нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасна

2022-04-27 0

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Манай яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хамгийн эхнийх нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл. Төр заавал хувьцаа эзэмшилгүйгээр зарим төрийн компани дотор өөрийн төлөөллийн эрхээ шилжүүлэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Цаашид төрийн өмчит компанийг ашгийн болон ашгийн төлөө бус хэмээн ангилна. Энэ удаад зөвхөн ашгийн төлөө төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн хууль эрх зүйг зохицуулахаар тусгасан.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Саяхан залуучуудын жагсаалаар авлига албан тушаалд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах шаардлагуудыг тавьсан. Энэ дагуу Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт байгаа зүйл ангийн нэг хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг чангатгах. Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байгаа. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт ял наймаалцах буюу хэрэг хялбаршуулан шийдэх зүйл ангийг хассан. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүний нийтийн албанд ажиллах эрхийг 20 жилээр хасахаар тусгасан. Түүнчлэн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял оногдуулахгүйгээр хорих ял оногдуулахаар оруулж ирсэн.

Цаашид өршөөл үзүүлэхээргүй байх заалтуудыг мөн тусгаж өгсөн. Бэлгийн хүчирхийлэл, авлига, албан тушаал, хүн төрлөхтөн, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл, уучлал үзүүлэхгүй.

300 мянган төгрөгөөс доош хохиролтой хулгайг зөрчил, түүнээс дээш хохиролтой бол эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг байсан. Үүнийг өөрчилж бүх хулгайг эрүүгийн хэрэг гэж үзэхээр болж байгаа. Хулгайг том, жижиг гэж ялгахгүй гэсэн үг. Өмнө нь жижиг гэж үздэг байсан хулгай жилд 11 мянга бүртгэгддэг байсан” гэлээ.

Холбоотой мэдээ