Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулжээ

2022-06-27 1

Нийслэлийн Байгаль орчны газарт Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулжээ. Өнгөрсөн жил Гандангийн өрхүүдийн нүхэн жорлонд ашигтай бактери хийсэн нь үр дүнгээ өгсөн. Иймээс энэ жил 52 мянган нүхэн жорлонд ашигтай бактери хийхээр төлөвлөөд байгаагаа нийслэлийн Засаг даргын Шуурхай хурлын үеэр тус газрын дарга М.Нямбаяр танилцуулав.

Нийтийн эзэмшлийн гудамж болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлын явцын талаар Хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг “Нийслэлийн Засаг даргаас 10 захирамж эрх шилжиж ирсэн. Гүйцэтгэл 50 орчим хувьтай байна. Гарааш чөлөөлсөн 70 байршилд зураг хийж байгаа. Үүнээс 47 байршлаас 17 байршилд зогсоол, үлдсэн 30-д зураг хийж, дөрвөн байршилд тохижилтын ажил хийгээд дуусаж байна. 11 байршлын тохижилтын ажил хийхэд бэлэн болж байгаа” хэмээн ярив. Зам, талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа зэрэг чиг үүргийн ажлууд хэвийн үргэлжилж байгаа аж. Мөн барилгын материалын үнэ өсөж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсэж байгааг хэлж байлаа. Хотын дарга дүүргийн Засаг дарга нарыг энэ ажилд уялдаатай, хамтран ажиллах хэрэгтэйг сануулж байв.

 

Холбоотой мэдээ