Орхонд горилогчдыг харвал МАН нэг ч суудал авахааргүй байна

2020-04-30 350 0

Төрийн түшээ болж эрх ямба эдэлж, төсвийн мөнгийг зарцуулна гэж сэрүүн зүүдэлж, хоосон мөрөөдөж яваа эрхмүүд сонгуулийн жилийн хаварт борооны дараах мөөг шиг олон болчих юм. Ердөө хоёр сар хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ сунгаанд хүч үзэхээр төрийн албаны туршлага багатай, мэдлэг боловсрол дулимаг хэр нь төр барих эрх рүү улайран дайрцгаах ашиг сонирхолд дөрлүүлсөн нөхөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тодорч хэсэгтээ л хөл хөөр, сүр болох нь ээ. Манай сонин горилогчдын талаар “Хэн нь хэн бэ” буландаа бичиж буй. Энэ удаа Орхон аймгийг гороолж буй нөхдийг онцолж байна.

МАН, АН-ынхан Эрдэнэтийн гурван мандатын нэгийг нь “золио”-нд гаргаж иржээ. Энэ нь хоёр том намд хоёуланд нь Орхон аймагт нэр дэвшүүлэх тулхтай лидер байдаггүйтэй холбоотой. Энэ удаагийн сонгуулиар МАН-аас горилогчдыг харахаар нэг ч суудал авахааргүй байгаа юм. Харин АН-ын тухайд С.Эрдэнэ “Шонхор” фракцынхнаа түлхүү өрсөлдүүлэхээр төлөвлөжээ. Мөн энэ тойрогт УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар өрсөлдөхөөр бэлтгэлээ хэдийн базаасан байна. Түүний рейтинг хоёр удаагийн судалгаагаар хол тасархай өндөр гарчээ.

ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТЫН БАЛАГ ДЭНДҮҮ ОЛОН

Орхон аймгийг 2016-2020 онд удирдаж, өдгөө барьцаа ахиулан хууль тогтоох байгууллагын гишүүнд өрсөлдөж, хүч үзэхээр хоосон мөрөөдөж яваа хүн бол Д.Батлут. Өнгөрсөн дөрвөн жилд түүний “үйлдсэн” хэргийг тоочвол барагдахгүй биз. Засаг дарга болсныхоо дараа автомашинаа сольсон л гэнэ, архины дэлгүүрүүдийг 24 цаг ажиллуулах зөвшөөрөл өгч, үүнээс болж гэмт хэрэг гарах нь ихэссэн л гэнэ. Аймгийнхаа төв цэнгэлдэх хүрээлэн дотор албан тушаал эрх мэдлээ ашиглан 1200 айлын орон сууцыг БНСУ-ын нэгэн компаниар 48 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж бариулж эхэлсэн гэх мэдээлэл ч бий. Энэ мэт гомдлыг нь АТГ-аас шалгаж байгаа аж. Түүнчлэн эрх мэдлээ урвуулан ашиглаж хамаарал бүхий этгээддээ орон сууц үнэгүй өгсөн гээд Д.Батлутын булхай, луйвар хэрээс хэтэрчээ. Түүний туслах  Б.Мөнхбаяр, гадаад харилцааны мэргэжилтэн Б.Ганди нар нь төрийн албанд хоёрхон жил ажиллаад Засаг дарга Д.Батлутын ачаар 71.8 ам.метр гурван өрөө орон сууцтай болсон гэх мэдээлэл ч байна.
Аудитын байгууллагаас гаргасан баримтаар хамгийн олон газар зарсан аймгаар Орхон аймаг “шалгарчээ”. Сайрхаад байх зүйл биш л дээ. Илгээлтийн эздийн хот Эрдэнэтийг өнгөрсөн дөрвөн жилд хөгжүүлж чадаагүй хэр нь хамгийн их гадаад томилолт авсан даргаар Д.Батлут тодорчээ. Гадаадын орны сайн туршлагаас нэгийг нэвтрүүлсэн бол яах вэ гэх сэн. Саяхан аймгийн намын хороо, ЗДТГ-ынхнаа дагуулаад төрийн ажлыг цалгардуулан Отгонтэнгэр хайрхныг зорьж ивээлдээ багтаахыг гуйсан гэсэн. Тэр энэ мэт олиггүй үйлдэлтэй ч төрийн эрх барих дээд байгууллагад нэрээ дэвшүүлэхээр зүтгэж байна.

Ц.НЯМДОРЖ ТОЙРОГГҮЙ БОЛЖ ЭРДЭНЭТИЙГ БАРААДСАН Ч НАЙДВАР АЛГА

УИХ-д тасралтгүй долоон удаа сонгогдсон тэрбээр. Орхон аймагт нэр дэвшихээр ая тал засаж яваа ч Эрдэнэтэд явуулсан удаа дараагийн судалгаагаар түүний рейтинг тааруу гарчээ. Хууль зүйн салбарыг хэдэнтээ толгойлж, орондоо хууль засаж явсан тэрбээр  Хан-Уулд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх бодитой ажил хийгээгүй, бэлэн амнаас өөр зүйлгүй дөрвөн оныг үдсэн учраас тус дүүргийнхний итгэлийг эвдэж, сэтгэлийг гонсойлгожээ. Угаас тэр “буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй” гэх зарчмаар хандсан ч байж мэднэ. Гэвч хааны алба халаатай, эзний алба ээлжтэйн адилаар тэр аль нэг тойрогт нэр дэвших цаг хугацаатай нүүр тулав.

Ц.БАТ-ЭНХ ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВЧЭЭ

Түүний хувьд Орхонд нэр дэвшихээр кампанит ажил өрнүүлж байсан ч коронавирусийн цар тахлын үед Улсын онцгой комиссоос гаргаж, мөрдүүлж буй дүрэм журмыг зөрчин хүндрэл учруулсан учир МАН-ын нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан гэдэг шалтгаанаар нэр дэвших эрхгүй болжээ. Учир нь, МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ нэр дэвшүүлэхгүй. Ёс зүйтэй, төрийн албаны туршлагатай хүмүүсийг ээлжит сонгуульд нэр дэвшүүлнэ” хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа юм.

Хэдийгээр Ц.Бат-Энх ЖДҮХС-гаас зээл аваагүй гэж мэдэгдсэн ч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Амарбаясгалан, Ц.Бат-Энх, М.Оюунчимэг, Г.Солтан, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар ЖДҮХС-гаас зээл авсан нь тогтоогдож байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан нь тодорхой болоод байгаа тул эдгээр гишүүн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд суух, санал өгөх эрхгүй” хэмээн мэдэгдэж байсан билээ. Ц.Бат-Энхийн хувьд “Мөнгөн дайван” компанитай нэр холбогддог билээ.

Гэсэн ч тэрбээр Орхон аймагт нэр дэвшихээ намын удирдлагууддаа илэрхийлсэн байна. Түүний хүсэлтийг биелүүлэх боломжгүй аж. ЖДҮХС-гийн зээлээс гадна Орхон аймагт явуулсан судалгаагаар түүний рейтинг сайнгүй байгаа нь гол шалтгаан болж буй гэсэн.

Б.БАТ-ЭРДЭНЭ МӨН Л ЖДҮ-ЧИН

Төрийн албаны туршлагагүй учир томилогдсон салбар бүртээ жинхэлж чаддаггүй нэгэн. Өмнө нь МХЕГ, ЗГХЭГ-ын дэд даргын албан тушаалд томилогдож байсан ч үүрэг гүйцэтгэчээр ажиллаж байжээ. Түүнийг жинхэлье гэхээр Төрийн албаны тухай хуулийн шаардлагыг хангадаггүй. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа хамаарал бүхий компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас зээл авчихсан зайтай эр.
МАН-ын залуучуудын байгууллагад ажиллаж, хамаг хор хутгаж явсан гэх нэр ч түүнийг дагадаг. Ямартай ч У.Хүрэлсүхийн фракц гэгддэг учраас албан тушаалд ногоон гэрлээр хүрсэн шигээ энэ удаа ч Орхон аймгаас нэр дэвшинэ гэж намын даргадаа ил, далдаар илэрхийлж яваа. У.Хүрэлсүх ард түмэнд хандан “Манай нам ЖДҮ-чин гишүүддээ хариуцлага тооцож УИХ-д нэр дэвшүүлэхгүй” гээд хэлчихсэн учраас аргагүйн эрхэнд түүнийг энэ удаа өнжөөх талаар ярьж байгаа аж. Нөгөөтэйгүүр ЖДҮХС-гийн зээлд холбогдсон гэх шалтгаанаар УИХ-ын зарим гишүүн нэр дэвших эрхээ алдчихаад байхад, парламентын гадна байгаа ЖДҮ-чин хууль тогтоох байгууллага руу зүтгэх нь шударга ёсонд нийцэхгүй гэдгийг МАН-ынхан өөр хоорондоо ярилцаж байгаа гэх.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООГООР ТҮРИЙ БАРИГЧ Б.ОЮУНГЭРЭЛ

Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд нүдэн балай, чихэн дүлий суусан тэрбээр сонгууль дөхөөд ч тэр үү телевизийн суваг эргүүлэх бүрт ухаантай зүйл ярьж суух болжээ. Гэхдээ тэр нь бай-гаа онох нь тун цөөн юм.
Түүнийг эмэгтэйчүүдийн квотоор Орхон аймагт МАН-аас нэр дэвшүүлэхээр тохирсон гэх яриа байна. Өмнө нь 2016 онд МАН Эрүүл мэдийн дэд сайд асан Д.Атармааг мөн Орхонд нэр дэвшүүлж “унагаж” байсан билээ. Эндээс харахад, МАН Эрдэнэтэд нэр дэвших хүчтэй лидергүй учраас тухайн орон нутгаас гаралтай бус тойргоо судлаагүй, тойглоогүй, эмэгтэйчүүдийн квот гүйцээхээс өөр үүрэггүй хүнийг явуулж, ялагдал хүлээдэг нь хэвийн үзэгдэл болжээ.  МАН бусад намд “хаяж” өгч буй нэг суудал гэж харагдахаар байна.

Харин АН-ын хувьд УИХ-ын гишүүн О.Баасанхүү,  Орхон аймгийн ИТХ-ын дарга асан Б.Мягмарсүрэн нарыг сойх нь  тодорхой болоод байна. О.Баасанхүүгийн хувьд С.Ганбаатараас дутагдахгүй танигдсан. Мөн тус аймагт МАХН, ШИНЭН, бие даагчдын төлөөлөл бий. Эрдэнэтчүүдийн гурван мандатаас ядаж нэгийг нь авахын тулд МАН-д тулхтай, нэр цэвэр хүнийг дэвшүүлэх нь цаг үеийн шаардлага болж байна. Хэрэв дээр дурдсан горилогчид МАН-аас нэр дэвшвэл сонгуульд өвдөг шороодохоор буйг МАН-ын дарга У.Хүрэлсүх тооцоолсон л болов уу. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй тэмцэнэ гэсэн хэр нь сонгуульд нэр дэвшүүлэх “виз” өгөхдөө энэ зарчмаа хөсөр хаявал эрх баригч намын өдий хүртэл олж авсан рейтинг хөөтэй хутгалдах биз. Дээрээс нь улсын хэмжээнд МАН хамгийн бага рейтингтэй аймаг нь Орхон юм.

Холбоотой мэдээ