Д.Ширэндэв: Сэтгэлийн зөв хандлага гэгээ дагуулдаг

2020-05-12 0

Хүн бүр амар амгалан, аз жаргалтай аж төрөхийг хүсдэг ч амьдралд тохиох зовлон бэрхшээл, өдөр тутмын аар саархан зүйлээс болж стресстэж, бухимддаг. Үүнээс ангижирч, сэтгэлээ төвшитгөх зүйл нь өөрийн дотор хүнтэйгээ ярилцах, бясалгал аж. Бясалгал дан ганц хүний сэтгэлийг амирлуулахаас гадна хат суулгадаг. Тиймдээ ч зохиолчид уран бүтээл дээрээ төвлөрөх, аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус бодитой хандах үүднээс бясалгалд байсхийгээд суух болжээ.

Номын дэлгүүрүүдэд бүтээл нь борлуулалтаараа тэргүүлдэг энэ цаг үеийн алдартай зохиолчид хэдэн хоногоор ч хамаагүй ирээд бясалгаад суучихдаг гэнэ. Бясалгахад хүний бодол ариусаж, эрч хүч, зохиолын шинэ санаа, өрнөл, төгсгөл орж ирдэг гэдгийг нэг бус зохиолч хэлж байсан. Нийгэм бухимдалтай байна. Аль болох хурдан бухимдлаас нь салгаж нэг ч гэсэн хүнийг гэгээн болгохын тулд Д.Ширэндэв Энэтхэг улсад суралцаж ирээд, “Випашяна” бясалгалын төвийг ажиллуулан, өдгөө 20 гаруй жил болжээ. Тус төвийнхөн ШШГЕГ-ын хүсэлтээр хорих ангид хүмүүжиж буй хүмүүст бясалгал заагаад таван жил болж байгаа аж. Гэрээнийх нь хугацаа дууссан ч тус газраас дахин сунгах хүсэлт тавьсан гэсэн. Ингээд Д.Ширэндэв багшийн яриаг хүргэе.

-Та шашин судлалаар хэдэн жил сурав. Варанасын их сургуулийг дүүргэсэн гэж таны намтарт байсан. Энэ тухай яриагаа эхлэх үү? 
-Ардчилал дөнгөж гарсны дараа Монгол, Энэтхэг Улсын хооронд оюутан солилцооны хөтөлбөрөөр сургуульд явсан анхны хоёр оюутны нэг нь би. Тэнд би зургаан жил суралцахдаа, 2600 жилийн өмнө бурхан Буддагийн заасан сургаал ямар гайхамшигтай шинжлэх ухаан байсныг заалгасан. Буддагийн бясалгалыг тэнд одоо хүртэл хадгалж иржээ. Энэтхэгт түүнийг заалгасан, биднийг стрессээс салгадаг зүйл болох бясалгалтай бодитоор учирсан. Товчхондоо, энэ бясалгалын онолыг эх хэлээр нь 2600 жилийн өмнө зааж байснаар нь заалгаж, Ганжуур, Данжуурын 140 ботийг Монголдоо авчирсан. Одоо бид бясалгал явуулж, энэ ботиудаа түрүүчээс нь орчуулж байна. Ард түмэнд бясалгалыг үнэ төлбөргүй явуулдаг. Нийгмийн бүх давхаргад хүрэхийг бид хичээдэг юм. Сүүлийн хэдэн жил хорих ангиудад бясалгалын сургалт явуулж  байна. Тэнд хүмүүс зовж, шаналж байгаа. Асуудал сэтгэлд нь бий. Буруу зүйл хийснийхээ төлөө биеэрээ хоригдож байгаа ч сэтгэл нь асуудалтай хэвээр байдаг.

-Сэтгэлийг нь эмчилж байна гэж ойлгож болох уу?
-Тухайн хүний сэтгэлд байгаа буруу хандлагыг арилгах дадал зуршлыг бясалгалаар дамжуулж заадаг. Үүнийг зааж өгөхгүй байгаагаас хоригдож байгаа хүмүүсийн сэтгэл улам догширч, суллагдаж гарч ирдэг. Нийгмийн энэ давхаргыг бясалгал өөрчилдөг учраас хорих ангийн удирдлагууд манай төвд маш их санал тавьдаг. Бясалгалд суугаад ирэхээр олон жилийн ялтай хүмүүс нь зөрчил гаргахаа больж байна. Ялаа эдэлж гараад, эргэж орохгүй байгаа нь зовж, зүдэрч буй хүнд хүрч буй хэрэг. Түүнийг дагаад нийгэм эрүүлжихэд чухал нөлөөтэй байна. Энэ ажлыг ШШГЕГ-тай хамтарч, таван жилийн хугацаанд хийлээ. Таван жил гэдэг багагүй хугацаа. ШШГЕГ-аас хугацааг сунгах хүсэлт гаргаад, сунгаад явж байна. Бодит үр дүн гарч байгаа учраас тэр шүү дээ.

-Та бүхэн нийгмийн бүх хэсэгт хүрч чадаж байгаа юм шиг. Хүүхдүүдэд бясалгал зааж байгаа гэсэн байх аа? 
-Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд бясалгал зааж байна. Боловсролыг сургуулиас авчихна. Энэ нь тэдэнд амьдралаа авч явахад нь хэрэгтэй. Гэхдээ тэр хүүхдэд дотоод ертөнц бий. Тухайн хүүхэд онц сурдаг байлаа ч гэсэн сэтгэл нь стресстэй, бухимдалтай байвал яваандаа буруу дадал, зуршилтай болж, хэрэг төвөгт ороолцолдохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хүүхдийн дотоод ертөнцийг амгалан тайван болгож хүн болж төлөвшүүлэхэд бясалгал чухал үүрэгтэй. Дан ганц онц сурснаар хүн болж төлөвшихгүй. Хүнлэг байж, бусдыг хайрлаж, энэрдэг байх нь чухал юм. Хүүхдүүд рүү чиглэсэн бясалгалыг алсдаа өргөн хүрээнд, нэгдсэн хэмжээнд явуулах бодолтой байгаа.

-Хүүхдийг тоглож, наадах насанд нь дураар нь байлгах тухай зарим хүн ярьдаг шүү дээ. Нэгэнт л том хүн болж, амьдралын баяр, гунигийг мэдрэхээс цааш багаас нь бясалгалд суулгах хэрэг байдаг юм уу гэх бодолтой олон хүн байгаа болов уу?
-Бие нь жижиг ч дотор нь хүний ертөнц бий. Аав, ээж нь ажил ихтэй, орой гэртээ ирэхдээ ядарсан хүмүүс. Хүүхэд нь ирээд “Аав, ээжийгээ тоглоё” гэхэд төвөгшөөдөг. Гэтэл хүүхэд ч зовж, шаналдаг. Анги дээр нь дээрэлхэх, шоолох, илүүрхэх, зиндаархах гээд олон асуудал гарна. Түүнийгээ хэлэх гэтэл төвөгшөөж, аар саархнаар аргалах нь тэднийг стресстүүлдэг. Үүнийг эцэг, эх огт ойлгодоггүй. Багш бол хүүхэд нэг бүртэй мэдээж ажиллах боломжгүй. Хүүхдийн дотор байгаа шаналлыг арилгахад багш тулж ажиллаж, нөлөө үзүүлж чадахгүй шүү дээ. Эцэг, эх хүүхдүүдээ “Хичээлээ хий. Онц сур” гэнэ. Хооллож, хувцаслаж байгаагаа бүтэн байлгаж байна гэж боддог. Гэтэл хамгийн гол зүйл болох хүүхдийнхээ дотоод сэтгэлийг мартсан байдаг.

-Хүүхдийнхээ сэтгэлийг хуваалцаж, илэн далангүй байна гэсэн үг үү?
-Зарим хүүхэд их дотогшоо байдаг. Хүнтэй ярьдаггүй, чимээгүй болоод, хэн нэгэнтэй ярихаараа дургүйцэх нь бий. Энэ бол стрессээ дотроо хуримтлуулж байгаа хүүхдийн шинж. Ингэж явсаар шилжилтийн насандаа ирээд, бусдад уруу татагдаж, муу зуршилтай болдог. Бага насны хүүхдүүдэд бид анхаарал төлөврүүлэх дасгал зааж байгаа. Энэ дасгалыг хийснээр хүүхэд асар их тайвшралыг олдог. Мөн хүүхдийг багаас нь ёс суртахуунтай байхыг заадаг. Амьтан алж, худал хэлж, хулгай хийж болохгүй гэх мэтээр ёс суртахууны таван дасгал заана. Дээрээс нь бусдыг хайрлаж, энэрэх тухай заадаг юм. Энэ гурван зүйлд алинд нь ч шашны ямар нэгэн нөлөө байхгүй. Эдгээр аргыг эзэмшчихвэл хүүхэд стресстэж эхлэхээрээ, аав, ээж нь ярилцахгүй үед өрөөндөө ч юм уу, хаа нэг газар орж суугаад, анхаарал төвлөрүүлэх, амьсгалын дасгалаа хийдэг. Энэ дасгалыг хийж байхдаа хүүхэд тайвширчихдаг. Ингэж тайвширдаг хүүхэд яваандаа стрессээ тайлах гэж буруу зүйлд уруу татагдаж, дурладаггүй гэсэн үг. Дээрээс нь анхаарлаа төвлөрүүлж сурсан хүүхэд сурлагын хувьд ахиц дэвшил мэдэгдэхүйц гардаг.

-Анхаарал төвлөрч сураагүй хүн ямар үйлдэл үзүүлдэг юм бол?
-Хүн шөнө унтахад бие амардаг. Зөвхөн бие бус сэтгэл ч давхар амрах ёстой. Сэтгэлээ амрааж сурах дасгал хийж үзээгүй хүн шөнө унтах гэж хэвтээд, олон зүйл эргэцүүлж бодож байгаад унтчихдаг. Нэг ёсондоо, бие нь амарч байгаа ч оюун ухаан нь шөнөжин ажиллаж байна гэсэн үг. Өглөө нь шөнөжин унтсан хэр нь ядарч байгаа мэт мэдрэмж төрөөд байдаг. Тиймээс анхаарлаа төвлөрүүлж, орж, гарч байгаа амьсгалаа хянаад сурчих хэрэгтэй. Сэтгэл амарна гэдэг эрч хүч өгнө гэсэн үг.

-Олон хүн сэтгэлээ амраахгүй яваад байна гэсэн үг үү. Магадгүй эндээс үүдээд, стресс, бухимдал үүсээд байгаа юм биш үү. Сэтгэлээ амраахын тулд яах ёстой юм бэ?
-Сэтгэлээ амраах маш чухал ойлголт. Үүний тулд бясалгалд сууж, сэтгэл санаагаа төвшитгөх шаардлага хүмүүст тулгарч байна. 10 хоногийн бясалгалаар анхаарлаа төвлөрүүлэх, амьсгалаа зөв хуваарилах, ёс суртахууны тухай заадаг.

-Та ярианыхаа эхэнд ШШГЕГ-ын харьяа хорих ангиудаар явж, бясалгалын сургалт явуулдаг тухай ярьсан. Хорих ангид ял эдэлж буй хүмүүст гэлтгүй жирийн иргэд ч бухимдалтай байх болж. Нийгмийн янз бүрийн хүчин зүйл нөлөөлж байгаа ч сэтгэлээ төвшитгөх, стрессгүй амьдрах юу юунаас илүү чухал байна шүү дээ. Гэхдээ заавал бясалгалд сууж байж, сэтгэлээ төвшитгөх ёсгүй биз дээ?
-Бясалгалд сууж байж цогцоор нь сурна. Нэгдүгээрт, бясалгалаар сэтгэлээ анагаах, хоёдугаарт, нэгэнт тогтсон амархан уурлаж, уцаарладаг сэтгэлийн хирийг арилгана. Манай төвд хүмүүс 10 хоног бясалгалд сууж, энэ талаар цогцоор нь ойлгож авдаг. Үүний дараа өглөө, оройд нэг цаг бясалгалаа хийгээд явж болно. Хүн яг компьютер шиг. Компьютер вирустдэг, тэр үед бид форматлаж, апдэйт хийдэг. Хүн яг үүнтэй адил. Хүний сэтгэлийн хир ихдэхээр стресс, уур бухимдал төрж, амархан хямардаг. 10 хоног бясалгалд суухаар сэтгэл дэх хирээ арилгах аргыг сурдаг.

-Сэтгэл дэх хир буртгаа арилгах аргыг сурсны дараа насан туршдаа дадал зуршил болгож чадах юм уу. Хүнд орчны нөлөө их байдаг шүү дээ?
-Сэтгэлийн тайвшралыг олох аргаа сурчихдаг гэсэн үг. Бясалгалын талаар би олон удаа ярьж байсан. Хүн бие махбодийнхоо хирийг угаагаад арилгадаг хэр нь хамгийн чухал сэтгэл гэдэг эрхтнээ зөнд нь орхичихдог. Бие хиртдэгтэй адил хүний сэтгэл ч бохирддог. Өглөөнөөс орой хүртэл хүний мэдрэхүйн зургаан эрхтнээр дамжсан бүх мэдээллийг бид хадгалж байдаг. Таалагдсан мэдээлэлд нь дурладаг, татагддаг, таагүйд нь гутарч, хямарна. Энэ бүхнийг хийж байгаа учраас хүний тархи тасралтгүй ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр сэтгэлд ямар нэг хэмжээгээр буртаг сууна. Тэр буртгийг бясалгалаар арилгаад төрөх мэдрэмжийг хүмүүс авч үзэх хэрэгтэй. Сэтгэлийн хирийг арилгах арга шинжлэх ухаанд байхгүй атал дорно дахинд 2600 жилийн өмнө арилгах саванг өгчихсөн байна. Тэр савангаа өөрөө ашиглаж чадвал үлдсэн амьдралдаа стресстэхгүй амар амгалан амьдарч чадна.

-Та хэчнээн мянган хүнд өнгөрсөн хугацаанд бясалгал заав. Таны шавь нараас буруу зүйлд автахгүй, сэтгэлээ төвшитгөөд явж байгаа хүмүүс олон байдаг уу?
-Би 1990 онд дунд сургуулиа төгссөн. Тэр үед хүний амьдралын тухай эргэцүүлсэн бодол санаанаас маань нэг хэсэг салаагүй. Тэр нь “Төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Гэхдээ би төрөхөөсөө өмнө хаана байсан юм бол” гэдгийг мэдмээр санагдаад болдоггүй. Хүн үхээд, цааш амьдрал байдаггүй юм бол би “Юуны төлөө хичээгээд байгаа юм бол” гэж хүртэл бодогдсон. Хүн бүр үүнийг бодох ёстой. Завгүй, бодох сөхөөгүй явсаар байгаад хүн нэг л мэдэхэд үхэх хаалганд тулж очсон байдаг.

-Ингээд ярихаар таны хүүхэд насыг асуумаар санагдлаа. Та багаасаа өгөгдөлтэй хүүхэд байжээ дээ?
-Би Увс аймгийн Тэс суманд төрж, өссөн. Манай аав, ээжийн талд ном эрдэмтэй лам нар байсан. Багаасаа сүсэг бишрэлтэй хүүхэд байв. Гэхдээ мухар сүсэгтэй. Амьдралын утга учрыг олох гэсэн эрэл маань намайг Энэтхэг рүү сургуульд явахад хөтөлсөн. Тухайн үед би “Лам нарын уншиж байгаа номон дотор миний хайгаад байгаа эрэл хайгуул бий байх” гэж бодсон. Хэрэв хариулт нь байхгүй бол “Би буддизмыг орхиод, өөр зам мөрөө хөөе” гэсэн бодолтой очоод, хариултыг нь олчихоод ирсэн. Буддизмын онол дотор миний хариултууд байсан. Онолыг хэдийгээр ойлгож байгаа ч практикт туршиж үзмээр санагдаад болдоггүй. Тэр нь бясалгаж эхлэх байв. Ер нь сонссон, уншсан зүйлээ хүн мэдчихлээ гэдэг. Гэтэл яг үнэндээ бүрэн дүүрэн мэдэж чадаагүй байдаг. Ойлгосон зүйлээ практикт хэрэглэж үзтэл оюун санаа маань амар амгалангийн далай руу явж орсон.

-“Випашяна” бясалгалыг хэдэн оноос Монголд дэлгэрүүлсэн бэ? 
-“Випашяна” бясалгалыг 1997 онд Монголд авчирсан. Үүнээс хойш 2004 он хүртэл Энэтхэгээс багш нар авчирч, сургалтаа явуулж байсан юм. Харин 2004 оноос хойш өөрөө багшлаад 16 жил болж байна. Энэ хугацаанд надаар заалгасан 20 мянга орчим хүн бий. Нийт 30 мянга орчим хүн бясалгалд хамрагдсан байдаг. Хорих ангиудаас 2000 орчим хүн бясалгалд суусан. Хамгийн анх 2006 онд эмэгтэйчүүдийн хорих ангид бясалгал явуулсан. Тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Дэлхийн олон оронд хорих ангиудад бясалгал явдаг учраас Монголд явуулж үзье” гэсэн юм. Ингээд эмэгтэйчүүдийн хорих ангид явуултал үгээр илэрхийлэхийн аргагүй сайн үр дүн гарсан. Бясалгалд суугаад, тэндээс гарсан хүмүүс зөв зам руу орж, бизнес хийгээд, компани байгуулаад явж байгаа нь олон. Энд тэнд явж байхад хүрч ирнэ “Та намайг таньж байна уу. Би тэр үед бясалгалд суусан шүү дээ” гэнэ. Энэ өөрчлөлтөөр би сүүлд “Ухаарал” нэртэй баримтат кино хийсэн. Бясалгалд 10 хоног суусан хүн гэмээ ухаарч, сэтгэлээсээ муу бодлоо салгаж чадсанаар хорт зуршлаа хаяна. Муу хүн гэж энэ хорвоод үгүй. Гагцхүү орчныхоо муу нөлөөнд автаж, сэтгэл нь хиртсэн байдаг. Түүнийг нь арилгаад өгчихөөр сэтгэл нь цэвэрлэгдэнэ, сайн сайхан зам руу амьдралаа хөтөлдөг. Одоо хорих ангиудад гардаг байсан зөрчил 50 хувиар буурсан. Бид жилд таван хорих ангид ажилладаг. Сүүлдээ ангийн дарга нар “Манайд түрүүлж ир” гэж булаацалддаг болсон шүү. Энэ 10 хоногийн сургалт ямар нэгэн шашин биш. Тухайн хүн будда, христ, лал алийг нь ч шүтдэг байж болно. Гол нь тэд бясалгалд сууснаар уур бухимдлаасаа л ангижирч байгаа нь хамгийн том ололт юм даа.

-Нийгэмд гэрэл гэгээ түгээж байгаа нэг хэлбэр юм уу даа?
-Хүний сэтгэлийн амар амгаланг үгээр илэрхийлэхийн аргагүй. Дэлхийд олон төрлийн бясалгал бий. “Випашяна” сэтгэлийн хирийг төгс арилгадаг. Сэтгэлийн зөв хандлага, гэгээ гэгээг дагуулдаг. Бүх зүйл уялдаа холбоотой. Нэг ч гэсэн Монгол хүн стрессээсээ ангижирч чадаж байвал бидний ажлын үр дүн. Зорилго зөв байвал бүх зүйл бүтдэг учраас манай төв олон хүнд бясалгал зааж байна. Тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй ч иргэдийн өгсөн хандиваар болоод л байдаг юм.

-Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав танай бясалгалд сууж байсан гэсэн. Зохиолч Д.Төрмөнх, Г.Аюурзана гээд олон зохиолч, яруу найрагч суудаг гэж сонсож байв. Тэд байнга суудаг юм уу?
-Янз бүрийн мэргэжлийн хүн суудаг. Д.Дорлигжав гуай бясалгалд нэлээд суусан. Зохиолч, яруу найрагчид ч ялгаагүй. Бүгдийнх нь нэр усыг хэлэх боломжгүй. Тэдний зарим нь зөвшөөрөхгүй байж ч магадгүй шүү дээ. Тиймээс хэн нэгний өмнөөс ярих нь зохисгүй болов уу. Улстөрчид ч нэлээдгүй бясалгалд суудаг юм.

Холбоотой мэдээ