С.Лувсангомбо: Түүх эрээн бараантай. Монголчууд түүхээ хүндэтгэх ёстой

2020-06-07 102 0

Монгол Улсын зэвсэгт хүчнээс гарын таван хуруунд багтах цөөхөн хурандаа генерал төрсөн байдаг. Тэдний нэг С.Лувсангомбо гуайтай ярилцлаа. Тэрбээр ОХУ-д сүүлийн 30 жил амьдарч буй жирийн нэг монгол сэхээтэн. Түүний амьдрал баялаг түүх, намтартай. Уулзах цаг хомс байсан ч амьдралынх нь нэгээхэн хэсгээс бага ч атугай яриулбал уншигчдад сонин байх болов уу гэж бодож ийн хөөрөлдсөн юм.  

-Сайн байна уу та. Сайхан өвөлжиж байна уу. Москва хотноо таньтай ярилцах завшаан тохиосонд баяртай байна. Улаанбаатарт цаг агаар дулаан, тогтуун сайхан, утаа ч өмнөх жилүүдээс эрс багассан. Та Монгол руу чих тавьж суудаг биз дээ. Ер нь та эх орондоо хамгийн сүүлд хэзээ очив?
-Генерал цол бий болсны 75 жилийн ойгоор нутагтаа очсон. Өнгөрсөн гуравдугаар сард Ардын жүжигчин Н.Сувд нарын хүмүүс Москвад ирж телевизийн бичлэг хийсэн. Үүний дараа генералын баяраар нутагтаа очиход хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ярилцлага авч, хотод хэд хоноод ирлээ. Тэр үеэр хотын даргатайгаа уулзаж, санал солилцсон юм. Би нутгаа их санадаг. Нутгийн тухай ярихаар хөөрч догдлоод сэтгэл тогтож яддаг юм. Би чинь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын хүн. Хангийн гээд алдартай хилийн застав бий. Тэр орчмын хүн л дээ. Сулинхээрийн IX дүгээр отрядад 1941 онд ажилчнаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Тэгэхэд би 17 настай байсан. Тэр үеэс л хилийн цэрэгтэй ойр дотно явлаа. Цэрэгт ирлээ, цолонд хүрлээ, генерал цол ч хүртлээ. Хил хамгаалахын асуудалд чадах чинээгээрээ оролцож явсан даа. Манай хилийн ойр орчимд амьдардаг ард иргэд их сонин шүү дээ. Сонирхолтой амьдралтай. Тэд хилийн цэрэгт их тусалдаг сонор соргог хүмүүс. Дайны жилүүдэд Япон ӨМӨЗО-ыг эзэлчихсэн учраас японы тагнуулчид их орж ирдэг байсан. Явган нүцгэн, тэмээтэй, морьтой гээд янз бүрийн л байдлаар хил нэвтэрнэ. Үүнийг нутгийн ардууд андахгүй. Гаднын хүн харагдвал сэжиглээд судлаад тагнуулыг хамтарч барьж чаддаг байсан. Манай аав гэхэд нэг тагнуулыг мэдчихээд булгийн тохойнд ярьж хөөрч байгаад тэнд нь амраагаад шөнө нь давхиж очиж заставынханд хэлж байсан гэдэг. Тэр мэтийн сонин содон жишээ бишгүй.
-Ижий, аав тань ямар хүмүүс байв. Нас ахих тусам унасан газар угаасан ус, ижий, ааваа үгүйлэн санаж бодогддог нь хүний жам юм болов уу?   
-Манай аав их ажилсаг хүн байсан. Хүн бүр ижийгээ магтдаг. Хорвоо дэлхийд хүн болгож төрүүлсэн сайхан хүн бол ижийгээс өөр байхгүй шүү дээ. Би эхээс тавуулаа. Аав маань бидэнтэй хамт амьдардаггүй байсан. Ижий минь л биднийг хүн болгосон доо. Бид тавыг яаж хүн болгосон бол доо гэж бодохоор л их өрөвдөнө. Ижийгээ ярихаар нулимс цийлэгнэж байна. Миний ижий гайхамшигтай хүн. Ижийнхээ буянаар бид бүгд мэргэжил боловсролтой хүн болцгоосон доо.

-Сулинхээрийн заставаас та ажлын гараагаа эхэлжээ. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Цэргийн ангид хувцас угаана. Нэг худагтай, том тогоотой. Тогоондоо ус буцалгаад цэргүүдийн хувцсыг их удаан буцалгана. Дараа нь усны онгоцонд хийж, угаана. Тэр үед бусад хилийн застав, отрядаас угаалгах хувцас ирнэ. Тэр бүгдтэй ганцаараа “ноцолдоно”. Ингэж л ажлын дөртэй болсон. Жагсаалын дарга хувцас яаж угаахыг зааж өгч, намайг ажил хөдөлмөрт сургасанд баярлаж явдаг юм.
-Цэргийн ангийн угаагч хүүгийн хувь заяа хэдийнээс НАХЯ-тай  холбогдсон юм бэ. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт та орсон. Ярьж амжаагүй, эсвэл нэвтрүүлэгт ороогүй үлдсэн зүйл таньд бий юу?
-Ийм, тийм хасчихлаа гэж гомдоллох эрх надад байхгүй. Хүмүүс асуусан, би хариулсан. “Надаас ингээд асуучихгүй дээ” гэж бодлоо ч би хэлэхгүй шүү дээ. НАХЯ-нд 1982 оноос цөөхөн жил ажилласан. Би Батлан хамгаалах яамны шугамаар ОХУ-д Зэвсгийн дунд сургууль төгссөн. Мөн  Москва хотод инженерийн академи дүүргэсэн хүн л дээ. 1956 онд армийн удирдлага, дивиз хороодын дарга нарыг Ардын болон Сангийн аж ахуй, нэгдлүүдэд хуваарилсан. Тэр үед намайг Төв хороо дуудаж, Барилгад хуваарилдаг юм байна. Ингээд миний амьдрал барилгатай холбогдож, Улсын барилгын байгууллагад инженер, трестийн дарга, Улсын барилгын яамны орлогч сайд хүртэл хийж байв. Тэгтэл нэг өдөр Улс төрийн товчоо дуудаж, “Чамайг Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдаар томиллоо” гэсэн. Тэр жил бол нийгмийн аюулаас хамгаалах байгууллагын 60 жилийн ойг тэмдэглэх ёстой байв. Энэ жил хил хамгаалалтын асуудалд онцгой анхаарч, хилийг бэхжүүлэх, хилийн шугамыг инженерийн хамгаалалттай болгох, хилийн отряд заставуудын барилгын ажлыг зохион байгуулах ажилтай байсан. Тэр зүйлд бид оролцоно доо.

-Гэнэтхэн л таныг НАХЯ-ны сайдаар томилсон хэрэг үү. Үүнээс өмнө Монгол төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал даргатай хэр их уулзаж, ойр байв?
-Уулзалгүй яах вэ. Ю.Цэдэнбал даргын командад би 15 жил ажилласан. 1971 онд намайг хотын даргаар томилсон юм. Тэр үед хот хэцүү байсан. Хотын бүх бохирын шугам хагарч, халиад хаа сайгүй урсаж байв. Яаралтай арга хэмжээ авч, хааш хааш 160 см-ийн хоолой тавих байсан юм. Түүнийг манай Барилгын яам хариуцаж байсан. Тэр асуудалтай холбоотой юм уу намайг гэнэтхэн дуудаад хотын даргаар томиллоо л гэсэн. Тэгэхэд би “Барилгын асуудал хариуцаж байгаа шүү дээ” гэсэн үг цухуйлгатал “Нам кадраа ашигладаг юм. Та үг дуугүй ажлаа хүлээж ав” гэж билээ. Удалгүй Ардын хувьсгалын 50 жилийн ой, Зөвлөлтийн дайчдын хөшөөг Зайсан толгойд барих ажил хүлээж байсан юм. Олон үйлдвэр, барилга хотод бэлэн болсон ч бохир усны шугамд холбож чаддаггүй. Тэр шугамыг маш богино хугацаанд засаж янзлах ажил намайг хүлээж байсан. Манай захиалагч инженер н.Мандах гэж хүн байв. Түүнд “Хоёр хоолой залгахад л заагийг нь шалгаад чи дотуур нь яваад байгаарай” гэлээ. Тэр хүн есөн км хоолой дотуур явж бүгдийг нь шалгасан. Хамгийн гол нь бид үүнийгээ Ардын хувьсгалын 50 жилийн өмнө ашиглалтад оруулж, бүх барилгаа бохирын шугамд холбож байлаа. Манай барилгынхан ч үүгээрээ их бахархаж, баярлаж байсан. Барилга хүлээлгэж өгөх ажил хэцүү шүү. Хот сайхан. Нийслэл хотын дарга байна гэдэг олон хүүхэдтэй айлын эцэг гэсэн үг юм шүү дээ. Түүн дотор дүрсгүй хүүхэд ч байдаг.
-Хотын даргаар та олон жил ажиллажээ. Таны үед нийслэл хотод олон бүтээн байгуулалт өрнөсөн гэдэг. Одоо тэр бүтээн байгуулалтын зарим нь алга болжээ?
-Хотын даргаар ажиллаж байхад иргэд надад их тусалсан даа. Ардын хувьсгалын 50 жилийн ой гээд субботник хийхэд хотынхон бүгд гар бие оролцсон. Бага тойруугийн гудамжийг тэр үед хийсэн юм. Явган зам гээд бүгдийг хотынхон өөрсдөө хийсэн юм шүү дээ. Хүүхдийн парк тэр үед ашиглалтад орсон байсан. Одоо миний хамгийн харамсаж явдаг зүйл хүүхдийн парк. Ганцхан парктай шүү дээ, манай хот. Монгол хүн байна даа, даанч дээ. 100-хан га газрын төлөө паркын хашаан дотор хувийнхаа юмыг барих гэж зүтгэх ямар хэрэг байна вэ. Хайран юм гэж боддог. Хүүхдийн паркыг Анастасия Филатова (бид авгай гэдэг байсан) 1959 оноос олон байгууллагатай ярилцаад 1961 онд барьж дуусгаж Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор ашиглалтад оруулсан юм. Харин 50 жилийн ойгоор “Солонго” рестораныг ашиглалтад оруулж, хүүхдийн парк ажиллаж эхэлж байсан үе.
-Шинэ үеийн Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийг та хэрхэн дүгнэдэг вэ. Хотыг удирдаж байсан учраас алдаа, оноог нь алган дээрээ тавьсан мэт хардаг болов уу?
-1996 онд үе үеийн хотын дарга нар хамтарч “Улаанбаатар” гэсэн альбом гаргасан. Тэр үед ч, одоо ч хэлдэг. Хамгийн харамсалтай нь хот утаандаа дарагдаж, тоос шороотой, замын түгжрэлтэй болжээ. Эдгээр зүйлсгүй байх бүрэн бололцоотой. Хотын ерөнхий төлөвлөгөө гэж бий. Түүнд Хүүхдийн паркаас цааш битүү модоор хүрээлүүлээд Зайсан толгойг ороогоод Богд уултай нийлүүлэх төлөвлөгөө байсан. Энэ төлөвлөгөөгөөр явсан бол хот цэвэр агаартай, чөлөөтэй болох байсан юм. Хотод газар байхгүй гэх зовлонгүй шүү дээ. Сонгиныг, Гүнтийг даваад Рашаант руу хүртэл төлөвлөж болно. Гэтэл бүгдийг хотынхоо төв рүү чихээд байх юм. Ш.Түвдэндорж сайд хамгийн түрүүнд очоод музейн дэргэд том сууцаа барьсан байсан. С.Батболд дарга түүнийг өнгөрсөн жил буулгасан гэж сонссон. Үнэн үү. Энэ мэт асуудал байгаагийн хажуугаар хот хөгжиж л байна. Манай хот өндөр барилгатай болсон байна, цэвэрлэгээ, үйлчилгээ сайжирчээ. Хамгийн гол нь, хотынхоо дүрмийг батлаад түүнийгээ мөрдөөд явсан бол сайхан байсан даа. Чойжин ламын сүм музейн хажууханд заазууран барилга бий. Тэр барилгыг шүүмжлэхгүй байхын аргагүй. Балиус, заазуурны ир Чингис хааны хөшөө, Төрийн ордон руу харж байгаа. Ийм хэлбэртэй барилгыг ямар зорилгоор хотын төвд барив гэдэг нь их сонин. Монголчууд түүх, шастир, билэгтэй ард түмэн. Энэ барилгыг ярихаар хүмүүс дургүйцдэг. Гэлээ гээд ярихгүй өнгөрч болохгүй.

-Хаана л сул газар байна тэнд хашаа хатгаж, өндөр барилга барих нь хотын төлөвлөлт биш байх. Ер нь хот төлөвлөлт гэж юу юм бэ?
-Энэ бол хууль. Хуулийг хүн бүр биелүүлэх үүрэгтэй. Энэ чинь хэн нэг хүний санаа биш шүү дээ. Олон байгууллага, газраар хэлэлцээд Засгийн газар, УИХ баталдаг хууль. Өнөөдөр баталлаа, маргааш нь хэрэгжүүлдэггүй. Асуудал нь дүрсгүй хүмүүст байна. Сахилга батгүй, хууль биелүүлдэггүй төрийн хүмүүст л байх шиг. Тэр хүмүүс л төрийн толгойд гарахаараа дураараа дургиж сууна. Намайг хотын даргаар ажиллаж байхад Улаанбаатар 500 гаруй мянган хүнтэй байсан. Би социализмын хүн. Үүнээс өөр амьдрал үзээгүй. 1989 онд Монголд ардчилал гарч байх үед Москвад ирсэн. Тийм учраас ардчиллыг сайн мэдэхгүй юм. Орчин үеийн Монголын улс төрийн амьдралд оролцож үзээгүй. Бидний үед хүмүүс сахилгатай, даруулгатай, соёлч байсан. Бүх хүн ном уншина. Гэтэл одоо цэргийн алба хааж байгаа залуусын зарим хэсэг нь бичиг үсэг мэдэхгүй байна гэж сонслоо. Энэ юу гэсэн үг вэ. Монголын бүх хүн бичиг үсэгтэй гээд НҮБ-ын алтан медальтай улс шүү дээ. Айлын хүүхдүүд ямар байдаг билээ. Аавынхаа үгийг сонсдог, ажил төрөл хийдэг, журамтай байх ёстой. Хотын хүн тийм л баймаар байна.
-Монгол Улс тусгаар тогтносноос хойш зуун жилийн дотор хурдацтай хөгжлөө. Үүний хагас зуун жил гаруй нь таньтай салшгүй холбоотой. Та сэтгэл оюунаа, хөдөлмөрөө хөгжил цэцэглэлтэд зориулсан сэхээтнүүдийн нэг. Монгол Улс ардчиллын замналаар яваад 30 жил хэдийнэ өнгөрчээ. Тэгэхээр ардчилсан нийгмийг та юу гэж хардаг вэ гэдгийг дахин тодотгож асуумаар байна?
-Ардчиллын 30 жилийн ойг Монголд тэмдэглэж байна. Ардчилал байх ёстой гэж өвгөн ах нь боддог. Гэхдээ социализмыг үгүйсгэх хандлага байж болохгүй. Ардчилал өөрийн жам ёсоор хөгжөөд явна. Улсаа хөгжүүлж, иргэдээ өндөр боловсролтой болгоё, орчин үеийн нано технологи гарч ирсэн дэвшил биз дээ. Түүх эрээн бараантай. Тийм учраас ямар ч байсан монголчууд түүхээ хүндэтгэх ёстой.
-Хүний нутагт та 30 жил амьдарлаа. Амьдрал ямар байна, жаргал зовлон ээлжилдэг хорвоо шүү дээ?
-Ахаасаа ардчиллын тухай битгий асуу. Ардчиллыг би шүүмжилж, магтаж чадахгүй. Миний энд ирсэн 30 жил амьдарсан шалтгаан өөр юм. Нэг үе Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгч гээд хоёр жил гэрийн хорионд байлаа. Хаашаа ч явах эрхгүй цаг хугацаа байсан. Тэр үед миний ээж, эгч, дүү минь ганцхан жилийн дотор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би орос эхнэртэй. Хань маань нутагтаа ирж эхийгээ асарч байсан юм. Ингээд хоёр жил өнгөрч, тойрон хүрээлэгч гэдэг нэрнээс арай гэж салаад хаачих билээ гэж бодсон. Ингээд хань, хүүхдүүдийнхээ хажууд очъё гээд би энд ирсэн. Тэр үед би 65 настай байв. Түүнээс хойш 30 жил энд амьдарч байна. Нутагтаа очно, тэр бүрт удаан байж чадахгүй юм. Монгол орон маань хөгжиж л байна. Цаашдаа сайхан болох биз гэсэн итгэл байдаг.

-Тойрон хүрээлэгчийн хэрэг гэдгээр хоёр жил та гэрийн хорионд байхдаа юу бодож байв. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй юм аа даа?
-Ёстой буруу зүйл л тухайн үеийн намайг шалгаж байсан хүмүүс хийсэн гэж боддог. “Чи улсаас 300 мянган төгрөгийн хангамж авсан байна, төл” гэдэг. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан би улсаас шатахууны зардал, хоолны мөнгөө төлүүлдэг байсан. УИХ-ын гишүүд ч одоо ийм хангамж эдэлдэг. Ардчиллын үед Засгийн эрхэнд гарсан хүмүүс эрх, ямбаа эдэлж байгаа. Хоёр жил ийм шалтгаанаар байцаачихаад нэг л өдөр “Болилоо. Энэ буруу юм байна” гэсэн. Тэд өөрсдөө засгийн эрхэнд гараад ойлгосон байх. Түүнийг би ардчиллын буруу гэж хэлэлтэй нь биш. Яах вэ, шинэ нийгэмд шилжсэн хүмүүсийн сэтгэл санааны хямрал байсан байх. Энэ мэтийн аахар шаахар зүйлээр байцаана. Тэр үед би 65 настай байсан. Гэтэл намайг байцааж байсан хүмүүс “Чи 500 грамм алт авсан байна. Түүнийгээ яасан бэ. Яах гэж чи алт хүнд өгөх тухай тогтоол гаргасан юм” гэнэ. Гэтэл тухайн үед манай гоёл чимэглэлийн үйлдвэрт жил, улирал бүр Засгийн газрын тогтоол гаргаж, алт өгдөг байсан. Бүр Монголбанкны фондноос гаргаж өгдөг журамтай. Тэр үед би Сайд нарын зөвлөлийн даргыг орлож байхдаа энэ мэт тогтоолд гарын үсэг зуралгүй яах вэ. Иймэрхүү зүйлээр байцаахдаа надаас ард түмний, засгийн эсрэг ийм ажил хийсэн гэж хэлүүлэх гэж оролдсон. Энэ бол ардчилсан хувьсгалын буруу биш. Түүний дор нэр олж авах гэсэн хэнээтэй залуусын дотор л тийм үе зурсхийж байсан болов уу.
-Хүний амьдрал тааварлашгүй юм. Гавьяаныхаа амралтад гарсан хойноо хүний нутагт суурьшина гэж хэн санах билээ. Хань, үр хүүхэд рүүгээ явахдаа та Улаанбаатарт амьдарч байсан орон гэрээ орхиод л явсан уу. Аль эсвэл улс хураагаад авчихаж байв уу?
-Миний эд хөрөнгийг битүүмжилсэн байсан. Сүүлд задалж өгсөн л дөө. Монголчууд янз бүрийн л цуглуулгатай. Би тухайн үед хөдөө ажлаар их явна. Тэр үед гуулин бурхан цуглуулдаг болчихсон байсан. Намайг байцааж байхдаа “Чи гуулин бурхан их цуглуулжээ. Түүнийгээ яах гэж байсан юм” гэдэг. Хорионоос гараад ОХУ явахынхаа өмнө би тэр цуглуулгаа “Соёлын ач холбогдолтой зүйлс. Үүнийг Монголын соёлын өвд өгье” гээд Монголбанкны үнэт эдлэлийн фондод тушаасан. Тухайн үед би дөрвөн өрөө байртай байлаа. Намайг Засгийн газарт ажиллаж байхад хоёр айлын нэг, хоёр өрөө сууцыг надад засаж, дөрөв болгож өгсөн юм. Түүнийхээ хоёр өрөөг нь дүүдээ өгөөд нэг өрөө байрыг нь хотод албан ёсоор тушаасан. Би олон дүүтэй. Тэглээ ч гэсэн хотын дарга байсан учраас байраа хотдоо буцааж өгсөн. Гэтэл тухайн үеийн хотын удирдлагууд “Эх орондоо ирсэн хэрэгтэй цагт тань буцааж өгнө” гэсэн.
-Тэр амлалтдаа хот хүрсэн үү?
-Монголд миний дүү нар, тэдний үр хүүхдүүд гээд тоймгүй олон хүн бий. Миний хоёр дүү тус бүр таван хүүхэдтэй. Мундаг хүмүүс бий. Улаанбаатар хотын 370 жилийн ойгоор хотын удирдлагууд намайг урьсан. Тэр үед ирэхэд хотын дарга “Та явахдаа байраа өгсөн юм байна. Нутагтаа ирэх үедээ байх байрыг тань өгье” гэсэн юм. Үүний дараа “Бололцоогүй байна” гэдэг байсан. Харин энэ жил хотын дарга С.Амарсайхан “Байрны тань асуудлыг шийдэж өгье” гэлээ. Би их баяртай байна. Нутагтаа очих боломж л гарвал би очно. Урин дулаан цагт чөлөөтэй, тав тухтай очмоор байна.
-Нутгаа их санадаг гэж та нэг бус удаа хэллээ. Зүүнбаянгийн талаа зүүдэлнэ биз. Өнгөрсөн амьдралаа эргээд бодож байхад таньд юу хамгийн их бодогдож байна вэ?
-Бараг өдөр болгон л зүүдэлнэ. Ялангуяа хүүхэд ахуй цагаа мориороо хөндлөн гулд давхиж явсан үе зүүдэнд их орж ирнэ. Манай аавынх олон морьтой байсан. Бид байнга морь унана. Тийм болоод ч тэр үү байнга морь, адуугаа зүүдэлнэ. Хүн нас ахихаар хүүхэд нас, ижийнхээ тухай л их боддог юм байна. Монгол эх орноо би ижийтэйгээ л жишиж зүйрлэдэг. Миний эх орон бол ижий минь юм. Үргэлж л ярьдаг даа.
-Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх гуайтай та хэдий хугацаанд хамт ажиллаж байв даа?
-Ажиллалгүй яах вэ. Ж.Батмөнх даргыг Сайд нарын зөвлөлийн дарга байхад орлогчоор нь ажиллаж байлаа. Сүүлд Улс төрийн товчооны бүрэлдэхүүнд байхад ч хамт ажиллаж байсан. Маш сайхан, гайхамшигтай ажилсаг хүн. Би 1972 онд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга болоход Ю.Цэдэнбал гуай даргаар нь ажиллаж байсан. Би цэргийн цолтой учраас энэ чиглэлийн асуудлыг шийдвэрлэхэд Ю.Цэдэнбал дарга надад үүрэг даалгавар өгдөг. 1974 оноос хойш барилгын цэргийг удирдаж, үйлдвэрийн асуудлыг эрхэлж байв. Арми өргөтгөн зохион байгуулах гэсэн том ажилд гар бие оролцож явлаа. Энэ ажлыг ЗХУ-ын тусламжтай байгуулж байсан юм. Тэр үед надад генерал цол өгсөн.
-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Хойд хөршийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр айлчлалын үр дүнг мэдээлж байгаа байх. Хөндлөнгөөс харахад таньд юу бодогдож байх юм?
-Ингэх л ёстой гэж бодож байна. Хоёр том гүрний дунд байгаа манайх шиг улс хөршүүдтэйгээ ижил хэмжээний зай барьж, хамтарч хөгжих ёстой. Нэг тал руу хэлбийх шаардлага байхгүй. Гадуур нь өнгийж, цаана нь байгаа улсуудыг “Миний найз” гэж хөөрөөд байх шаардлагагүй. Хойд хөрш манай улсад олон жилийн турш хамгийн их тусламж үзүүлсэн. Энэ орны ард түмний тусламжтайгаар монголчууд хөгжсөн бичиг үсэгтэй болсон, эрүүлжсэн. Бүгд ажилтай, ажилгүй хүн гэж тухайн үед байдаггүй байлаа. Орон нутагтаа эх орныхоо өөрсдийн зарим бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чаддаг болсон. Олон ч үйлдвэртэй байлаа. Арьс, шир, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан шүү дээ. Хүнсний бүтээгдэхүүний хувьд ч мөн ялгаагүй байв. Манжийн дарлалын үед ямар байсан билээ. Монголыг устгах л бодлого явуулж байсан шүү дээ. Манай худалдааны эргэлтийн 85 хувь нь одоо Хятад улстай хийсэн байдаг гэнэ. Тэгэхээр бид хүнсний аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй. Энэ бүхнийг харахаар заримдаа сэтгэл зовох юм. Дүрсгүй, тавьтиргүй хүмүүс манайд ирж шулж, мөлжих ч дуртай болжээ дээ, янз нь.
-Эх орныхоо талаарх мэдээллийг та цаг алдалгүй авч суудаг юм байна. Монголын төрөөс та ямар нэгэн тэтгэвэр тэтгэмж, цолны урамшуулал авч байна уу?
-Монгол Улс генералдаа тэтгэмж өгдөг. Би энд суудаг учраас Монголоос тэтгэвэр авдаггүй. ОХУ 1982 оны хэлэлцээрийн дагуу байнга оршин суудаг иргэдэд хамгийн бага тэтгэвэр өгч байх шийдвэр байдаг юм. Тэр дагуу би бага сага тэтгэвэр авдаг. Гэхдээ болж л байна. Голох юм биш шүү, бурхан минь.

Холбоотой мэдээ