Х.Булгантуяа: Төсвийн алдагдал, өрийн дарамтыг бууруулах асуудлыг үргэлжлүүлэн ярина

2020-08-31 55 0

УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийсэн. Чуулганаар энэ оны төсөвт тодотгол хийсэн юм.  Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас тодрууллаа.

-Хүүхэд гарах үйлчилгээнд хоёр тэрбум төгрөг суулгаж, төсвийн тодотголыг баталлаа. Энэ асуудалд нийгэмд багагүй шүүмжлэл дагуулж байна?

-МАН-ын мөрийн хөтөлбөрт урт хугацаандаа яслийг буцаан сэргээнэ гэж байгаа. Үүний тулд тодорхой хугацаа шаардлагатай. 1990-ээд оноос өмнө ясли Эрүүл мэндийн яамны харьяанд байдаг байсан. Энэ бол хүүхдийн боловсролын хөтөлбөр гэхээс илүү эрүүл бойжуулах шат. Одоо цэцэрлэгийн анги дүүргэлтийн хувьд маш өндөр. Нэг ангид 60 гаруй хүүхэдтэй байхад хүүхдүүдээ халдварт өвчнөөс сэргийлэх нь нэн чухал байна. Тиймээс анги дүүргэлтээ багасгаад, хоёр настай хүүхдүүдийнхээ анги дээр бүлгээ хувааж оруулах байдлаар санал оруулж ирсэн. Хоёр настай хүүхдүүдтэй гэр бүлд үнэхээр хэцүү л дээ. Тиймээс гэр бүл сонголт өгөх хэрэгтэй.  Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг суулгаж хүсвэл хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгөх боломжийг бий болгох ёстой.

-Коронавирусээр үүдэж, эдийн засаг амаргүй байна. Гэвч оны сүүлээр эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэж байгаа. Энэ хэр бодитой вэ?

-Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай байна. Өчигдөр манай улсын түүхэнд байгаагүй их хэмжээний нүүрс буюу өдөрт 2230 орчим машин нүүрсний тээвэр урагшаа хийсэн байна. Үүнээс харахад, эхний хагас жилээс хоёрдугаар хагаст эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сайн гарахаар байна. хэдэн эерэг үзүүлэлтүүд харагдаж байгаа. Нэгд, 2020 оны хоёрдугаар хагас жилд нүүрсний экспортыг нэмэгдүүлж чадаад дараагийн хагас жил барьчихвал эдийн засгийн үзүүлэлт харьцангуй дээрдэхээр байна. Хоёрт, зэсийн үнийг 2020 онд тооцож байснаас хамаагүй өндөр болсон. Экспортын хэмжээ огт буурахгүй байгаа. Төмрийн экспортын хэмжээ ч буурахгүй байгаа. Манай төмрийн хүдрийн экспорт буураагүй. Нэг үгээр, цар тахлын үед төмөр замаар тээвэрлэж байгаа бүтээгдэхүүн тасралтгүй сайн байсан. Алтны үнэ өндөр байгаа учраас алт тушаалт ч өндөр байна. Энэ бүгдээс харахад, 2020 оны хоёрдугаар хагаст эдийн засгийн хувьд харьцангуй боломж байна. Тиймээс Сангийн яамнаас эдийн засгийн өсөлтийг хасах нэг хувь байхаар тооцож, оруулж ирсэн. Дэлхий дахинд хамгийн өндөр төсвийн алдагдалтайгаар Англи улс орж байна лээ. Английн төсвийн алдагдал 18.5, АНУ 15 орчим хувь байна.

-Өрийн дарамтыг хэрхэн бууруулах юм бэ?

-УИХ Засгийн газарт төсвийн алдагдал, өрийн дарамтыг бууруулах асуудлыг үргэлжлүүлэн тавина. Ирэх оны төсвийг оруулж ирэхдээ энэ жилийн алдагдлыг хоёр дахин бууруулж оруулж ир. Дараа жил 3.8 гэх мэт үе шаттайгаар өрийн дарамтыг бууруулах үүрэг даалгавар өгч байгаа. Мөн эдийн засгийн салбарын яамдыг нэлээд шахах ёстой. Монгол Улсын төсөв бол “Майкрософт” компанийн цалингийн зардал, “Рио Тинто” группийн засвар үйлчилгээний зардалтай л тэнцүү. Тиймээс бидний урт хугацаандаа хийх хамгийн чухал зүйл бол эдийн засгаа тэлэх юм.

-Төсвийн зарлага нэмэгдсэн байна. Эрүүл мэндээс өөр салбарт зарлага нэмэгдсэн үү?

-Цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хэд хэдэн арга хэмжээ бий. Энэ арга хэмжээнүүд нэг талаас төсвийн орлогыг маш их хэмжээгээр багасгаж байгаа. Нөгөө талаараа зарлагыг нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр энэ бүхэн төсөвт том ачаалал болж орж ирж байна. Түүнээс нэмж хөрөнгө оруулалт, урсгал зардал нэмэгдээгүй.

Холбоотой мэдээ