Гадаад худалдааг дэмжих түр хороотой болно

2020-09-01 71 0

Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг нэр бүхий 20 гаруй гишүүн боловсруулжээ. Санаачлагчдын төлөөлөл болох УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Д.Өнөрболор, Д.Тогтохсүрэн нар уг төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр өргөн барилаа.

Холбогдох хуульд заасны дагуу гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох, гадаадын хөрөнгө оруулагч нарт хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх, тэднийг дэмжих, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах асуудлыг судалж, шийдлийн санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороог УИХ-ын тогтоолоор байгуулан ажиллах шаардлага үүсээд байна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Манайх гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны хувьд нээлттэй, таатай орон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газар 29 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай” хэлэлцээр, 24 улстай “Худалдаа, эдийн засгийн ерөнхий хэлэлцээр”, 42 улстай “Хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрийг байгуулаад байна.

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ҮАБЗ-өөс 2020 оны нэгдүгээр сард “Хилийн боомтыг хаах тухай” зөвлөмж, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 31-нд “Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 39 дүгээр тогтоол гаргасан. Цар тахлын улмаас улсын хил хаасантай холбоотойгоор агаарын зорчигч тээвэр хязгаарлагдаж, гадаад улсын иргэд, хөрөнгө оруулагчид, мэргэжилтнүүд, гадаадын хөрөнгө оруулалтаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдсан.

Түүнчлэн гадаад эдийн засгийн өсөлт өмнөх жилийнхтэй харьцуулахад тодорхой хувиар буурсан энэ үед гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг оновчтой боловсруулах, төлөвлөх, санхүүжүүлэх, зохион байгуулах, идэвхжүүлэх, хянах, хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих. Гадаад худалдааны бодлогыг зөв тодорхойлох зайлшгүй шаардлага бий болоод байгаатай холбогдуулан “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо”-г УИХ-д байгуулах нь зүйтэй гэж үзэж, тогтоолын төслийг ийн боловсруулжээ

Холбоотой мэдээ