Тэр хүнээс АН аврал эрж байна

2020-09-16 413

Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэж үг бий. Тэгвэл үнэн үгийг мянга давтвал худал болох уу.

Ардчиллын, тэр дундаа Ардчилсан намын “амь”-ийг аварья гэвэл нэг хүнээс ангижрахаас өөр алга тухай С.Эрдэнэ тахимаа өгөхдөө хэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд тэр хүнтэй ойлголцолд хүрээгүйгээс сонгуульд ялагдаж, өнөөгийн сөрөг хүчин хүчгүйдэж байгааг тэрбээр онцолсон юм.

Эл мэдэгдлийн дараахан дээрх яриаг Л.Болд давтав. Тэгэхдээ нөгөө хүний байр сууринаас асуудлыг тайлбарласан ч гогцоо нь нэг байв. Өөрөөр хэлбэл, өнөөх ойлголцлын зөрүүгээс болж АН сонгуульд ялагдал хүлээсэн нь нүцгэн үнэн байж.

Тэгвэл тэр ойлголцлын зөрүү нь юу байв. Шил шилээ даран шоронгийн хаалга татсан АН-ын лидерүүд үл ойлголцлын золиос болов уу. Хэн хэн нь энэ бүхэн улс төрийн зорилготой явуулга гэдгийг тодотгосон нь амиа хоохойлж, өөрийгөө хамгаалах гэсэн үйлдэл биш гэж үү. Энэ мэт олон асуултад нэг л хүн хариулж чадна.

Тэгвэл тэр хүний гарт АН атгагдсанаар аврагдах боломж бий юу. Сонгуулиас сонгуулийн хооронд тамирдаж, хүч тамираа барж, лидергүй болж, шинэчлэл гэх амны уншлагатай үлдсэн АН-аас цаашид юу хүлээх вэ.

Одоогоор Орон нутгийн сонгуулийн маргаашийн үр дүнг хүлээж, хариуцлагыг хар толгойгоороо хариуцах хүн ч алга. Өнөөгийн удирдлагууд нь бүгд үүрэг гүйцэтгэгч статустай. Өөрөөр хэлбэл, албан бус. Тиймээс энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээвэл эл намд хариуцлага хүлээх хүн үгүй. Нууц ноёнтныг өөр зуураа чичилж, хов базахаас хэтрэхгүй.

Өөрийгөө намын даргад нэр дэвшүүлээд байгаа Ц.Оюунгэрэлийнхээр бол нэн тэргүүнд дэнчинг үгүй хийх нь. Намын даргад өрсөлдөхийн тулд 100 сая төгрөгийн дэнчин төлөх нь 2016 оны сонгуулийн ялагдлын дараагаар хийж эхэлсэн АН-ынхны шинэчлэлийн нэг хэсэг нь. Тэгвэл лав энэ шинэчлэл устах юм даг уу. 2000 оноос хойш төлсөн дэнчингийн түүхийг өнөөдөр ухаж ойлгож, устгахаар шийдсэн гэдгээ ч тайлбарласан байна билээ.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгатынхаар бол АН нүүрээ бүтэн угаах шаардлагатай. Халтайсан царайгаа савандаж угаагаад цэвэр усаар зайлчихвал шинэчлэлийн салхи сэвэлзэж байгаа нь тэр бололтой.

Өөрөөр шинэ хувилбар одоогоор алга. Гагцхүү Орон нутгийн сонгуулийн маргаашнаас шинэчлэл хийнэ гэх өмнөтгөлтэй. Яг үнэнээсээ хийнэ гэх тодотголтой.

Харамсалтай нь, яг энэ эрчээрээ АН Ерөнхийлөгчийн сонгуультай золгох болов уу. Арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөсөн Их хурал ч хугацаандаа хуралдах эсэх нь эргэлзээтэй. Хэдийгээр тов зарлагдсан ч ирэх жилийн сонгуулийн салхины чимээг чагнах шаардлага гарна.

Нөгөөтэйгүүр, лидерийн эрэлд хэр удаан хатах бол… Их хурлаар намын даргыг сонгохын тулд өөрийгөө өргөмжилсөн нөхдүүдийг бус тэр хүний таалалд нийцсэн нэгнийг гаргаж ирэх хэрэгцээ шаардлага үүснэ.

З.Энхболдоос өвлөж авсан намаа С.Эрдэнэ яг л ингэж галдсан. Нам дотох МАНАН-г устгана гэж шүдэнз зураад эцэст нь өөрийгөө галдсан түүхийг тэр хүн ч давтаж мэдэхээр дүр зураг буугаад байна.

Гэрээ барьж, гишүүдээ бөөгнүүлж дөнгөөгүй АН-ыг нийслэлчүүдийнхээ төлөө юу хийнэ гэж итгэж сонгох вэ.