Араасаа дагуулах залуу үегүй АН ахмадуудтайгаа хөгширч байхад  МАН-ын шинэ үе бэлэн жагсаж байна

2020-09-21 68 0

Хуучин бүхэн шинээр солигддог нь жам ёсны л үзэгдэл. Улс төрийн намууд ч ертөнцийн энэ хуулиас тойрч гарч чадахгүй. 30 настай Ардчилсан нам ч бас зугтах аргагүй. Энэ намд шинэчлэл хэрэгтэйг улс төр судлаачид, намын залуу үеийнхэн, ард  түмэн ч хэлж, сонгуулиар  түүнийгээ илэрхийлж, дүн тавьсаар байгаа.  Зуун жилийн ойгоо тэмдэглэх гэж Монгол Ардын Нам сүүлийн 30 орчим жилд хэд хэдэн удаа үе солив. Гэтэл ардчилсан хувьсгалаар  буюу 1990  онд  идэр насандаа явсан Ардчилсан намын  лидерүүд үе  солих байтугай тэр  тухай  дурсах  ч үгүй,  намаа,  тойргоо хувьчилчихаад хөдөлдөггүй ээ.

Улс төрийн хувьд ээлжээ хүлээлгэн өгч, дараа үеийнхэндээ зайгаа тавихгүй бол тэднээс илүү боловсролтой, шинэ цагийн залуус юу ч хийж бүтээж амжихгүй, дэмий л ээлж хүлээн өөрсөдтэй нь хамт тэтгэвэрт гарлаа шүү. Аргаа барсан зарим нэг сүйхээтэй залуус  нь  Монгол Ардын Намд  элсэж эхэлснийг харахад залуучууддаа боломж олгодоггүй, нэрнээс бусад  нь огт ардчилалгүй уг намыг шинэчлэгдэхийг  хүлээгээд нэмэргүй бололтой.

30 жил  гэдэг улс төрийн намын хувьд бүхэл бүтэн цикл юм. Намын шинэчлэл нь насны ангиллаар шийдэгдчихдэг зүйл биш ч залуу үеэрээ цус сэлбэх нь шинэчлэлийн нэг хэлбэр. 1990 оноос хойш МАН Даш-Ёндон, Г.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, М.Энхболд, С.Баяр….Өнөөдөр У.Хүрэлсүх  уг намын даргаар  ажиллаж байна.  Тэд  намын удирдлагыг авахдаа дараа үеийнхнээ бэлдэж, залуучуудыг намдаа татан оруулж ирж, өндийж босоход нь түшиж,тулж ирсэн  нь энэ олон үеэр шинэчлэгдэж,  залуужиж, цус сэлбэж байсны баталгаа.

Ардчилсан намынхан харин хэнийг татаж, хэнд  боломж олгож  манлайлагч,  лидер болох замыг  засаж, тулж өгөв.  Үнэндээ тэр гээд хэлчих  хүн алга. Булхай, хуйвалдаан,  хар  хор,  хоорондын зодоон цохионоор  үзэлцсээр цөөн удаа намын  удирдлага нь солигдлоо. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг,  С.Эрдэнэ арай дүүмэд нь  С.Баярцогт,  Ч.Сайханбилэг.  Гэлээ ч  тэд  бүгд  сүүлийн  30  орчим  жил  улс төрийн тогоонд гол дүрд  явчихсан  болохоор  үнэндээ Ч.Сайханбилэг,  С.Баярцогт нарыг  ч залуу хүн гэж монголчууд харахаа больчихсон шүү дээ.  МАН шинэчлэгдэж,  цус сэлбэж, дараа үедээ боломж олгож чаддаг,  Ардчилсан намын  ахмадууд  ахиад л сандал суудалтай зууралдаж буйг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020  оны нэр дэвшүүлэлт  нотолж байна.

Ардчилсан намын  ахмадууд өөрсдөө нэр дэвшээгүй ч өөрсдийн үр хүүхдүүддээ хувьчилж авсан тойргоо  өвлүүлжээ.  Үе солигдоно гэдэг  зөвхөн залуу байхын нэр биш.  Татуулах крангүй,  мөнгөгүй байлаа ч манлайлал,  лидерийн чадвартай хэнбэгуайн ч дээшээ гарахыг хэлдэг  болохоос үр  хүүхдээ өөрсдийнхөө  хувьчилж авсан тойргууд дээр дэвшүүлэхийн нэр биш. Харамсалтай нь  хоёр ч удаагийн  ээлжит сонгуульд бүрэн ялагдсан  Ардчилсан намд  үүнийг  ойлгох сөхөө алга. Ц.Элбэгдоржийн хүү,  С.Эрдэнийн  хүргэн, Болдын зээ дүү, Р.Гончигдоржийн охин, Д.Баттулгын бэр нэр дэвшлээ.  Тэдэн дээр  тус намтай эвсэж НИТХ-ын сонгуульд орж буй МАХН-ын  “мөнхийн дарга”  Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүргээс  нэр дэвшиж байна. Бусад нэр дэвшигчдийн хувьд мөн л  урьд  өмнөх сонгуулиудаар дүүрэг, нийслэлд нэр дэвшиж байсан  болон  УИХ-ын  2020 оны сонгуульд нэр дэвшээд  өвдөг шороодсон  нөхдүүд  дэвшсэн.  Тэдний дараа үе нэг иймэрхүү.

Гэтэл Монгол  Ардын Намын  НИТХ-д дэвшүүлсэн 45 хүний 33 нь  урьд  өмнө ямар нэгэн сонгуульд  нэр дэвшиж байгаагүй  шинэ хүмүүс байна.  Яг одоо  МАН-ын  нэгдүгээр эгнээнд  зогсож буй тус намын лидерүүдийн дараа үеийнхнээ бэлдэж,  бэлэн зогсоож буй нь  энэ.

Монгол Ардын Намын ахмадууд зайгаа тавьж өгч,  залуу үе, шинэ хүмүүст  боломж олгодгийг  2020  оны УИХ-ын  сонгуулийн нэр дэвшүүлэлт,  түүний үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын  танхимд  орсон сайд нарын томилгооноос ч харж болно.  Хэний ч мэдэхгүй,  төрийн жинхэнэ албанд  шатлан дэвших  тогтолцоогоор дэвшиж явсан мэргэшсэн хүмүүсийг  салбарын яамдуудад томиллоо.

Харин  өнөөдөр  45 суудлын 33-т нь  цоо шинэ хүмүүсийг оруулж ирж байгаа нь  намын удирдлагуудын хувьд том зориг бас  алсын хараа. Араасаа залгах хойч үегүй Ардчилсан холбооны өвгөд  намаа өөртэйгөө хамт дуусгаж байгаа бол, хөгшин, хуучин гэж шүүмжлүүлж, адлуулж байдаг  Монгол  Ардын Нам боловсон хүчний бодлогоороо намаа шинэчилж, шинэ залуу, шилдэг залууст боломж олгосоор. Энэ нь  зөвхөн  Монгол  Ардын Намд  бус  Монгол Улсад хэрэгтэй бодлого юм.

Холбоотой мэдээ