Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад долоон сар гаруй хугацаа өнгөрч байна. Түүнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдоход их зүйл хүлээхгүй гэж байсан хэсэг байхад нөгөө талд 80-аад оны төлөөлөл зоригтойгоор ажиллаж чадна гэх хүн ч байсан. Засгийн газарт алдаа, оноо аль аль нь бий. Шүүмжлэл, магтаал хоёрын дундуур явсаар ямартай ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүн амынхаа 70 орчим хувийг дархлаажуулчихлаа. Дэлхийн зарим улс орон хүн амынхаа 10 хувийг ч вакцинжуулаагүй байгаа тоон мэдээ бий. Ийм үед цөөн хүн амтай сул талаа давуу тал болгон, вакцины нөөцөө хангалттай бүрдүүлсэн учраас энэ ажлыг хийж чадлаа. Хэрэв вакцин байгаагүй үед цар тахлыг дотооддоо алдсан бол хүн амын 70 хувь өвчлөх байсан гэх судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Засгийн газрын 200 хоногтой зэрэгцэн зорилтот бүлгийн хүн амынхаа 60 хувийг вакцинжуулсан мэдээтэй угтав. Иргэдийнхээ эрүүл мэндийг бодсон эхний алхам энэ байлаа. Тэгвэл дараагийн бодлого нь цар тахлын үеийн эдийн засгийн Шинэ сэргэлтийн бодлого болж байна.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэхэд эдийн засагт тодорхой хэмжээний сэргэлт мэдрэгдэж эхэлж байна. Гэхдээ боломжит түвшнээс эдийн засаг харьцангуй доогуур түвшинд байгаа. Нэгдсэн бодлоготой явж, төр-хувийн хэвшил түншлэлээ ахиулж, ялангуяа бид экспорт, импортын тал дээр бодлогын томоохон реформ хийж чадахгүй бол дөнгөж өндийж байгаа эдийн засаг дахин хүнд байдалд орох нөхцөл байдал харагдаж байна. Эдийн засаг 5.3 хувиар сэргэж байгаа дүн нэгдүгээр улиралд гарсан. Харин хоёрдугаар улиралд энэ түвшингээ хадгалах прогнозыг бид Монголбанкнаас авч байсан” гэв.
Тэгэхээр дөнгөж сэргэж эхэлж байгаа эдийн засагт судас тариа залгаж, хэвийн гольдрилд нь оруулах шаардлага байна гэсэн үг. Үүний тулд Засгийн газар эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлого танилцууллаа. Уншигчдад ойлгомжтой байх үүднээс энэ бодлогын талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярианаас гол санаануудыг нь онцлон хүргэе.
-Улс төрийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдүүлэхийг зорьж байна. Нэг үгээр хэлбэл, улс төрийн тогтворгүй байдал үүсчихвэл хөрөнгө оруулагч нарт үл ойлголцол үүсгэдэг. Тийм учраас ҮАБЗ-ийн гишүүд энэ цаг үед яг нэг цонхоор харж байгаа. Ерөнхийлөгчийг Ерөнхий сайдаар, УИХ-ын даргыг ЗГХЭГ-ын даргаар, намайг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үед боловсруулагдсан “Алсын хараа-2050” хөтөлбөр гарч, та бүхэнтэй ярьж байсан бодлогууд үргэлжилж байна. 10 жилийн хугацаанд энэ төслүүд хэрэгжиж, үр дүнгээ өгөх хэрэгтэй. Томоохон төслүүдийн 1-2 жил ТЭЗҮ-д зарцуулагдаж, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд мөн тийм хугацааг авдаг. Хэрэгжиж эхлээд нэг жил болдог, тийм учраас томоохон төслүүд ялангуяа экспортыг дэмжсэн импортыг орлуулсан энэ бүтээн байгуулалтад цаг хугацаа зайлшгүй шаардлагатай. Бид Гашуунсухайтын төмөр замыг эхлүүлээд, өөрсдөө 13 жил гацаадаг гашуун түүхийг дахин давтаж болохгүй. Хувийн хэвшлийнхэнтэй Засгийн газар нэг зүйл яриад, өөр Засгийн газар гарч ирээд өмнөх бодлогоо үгүйсгэж, шинээр эхэлдэг байдал цэглэгдээсэй.
-Аль ч намын үед байсан Засгийн газар Монгол Улсын Засгийн газар. Тийм учраас бүх цаг үеийн залгамж бодлогыг бидний үед авч хэрэгжүүлнэ. Засгийн газар нэгдмэл бодлоготой явж байна. ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг цонхоор бодлогыг харж байна. Шинэ сэргэлтийн бодлогод тулгуурлаад томоохон хэмжээний хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа эхлэх улс төрийн суурь тавигдсан. Макро эдийн засгийн түвшин гэдэг бол аль болохоор ханшаа алдахгүйг хичээх том бодлого. Мөн бодлогоо аль болох савлуулахгүй байх эрх зүйн орчин юм.
-Бизнесийн таатай орчныг бий болгохын тулд хүнд суртал, зөвшөөрлийг халах нь чухал. Хувийн хэвшилд байгаа бизнесийн орчин, төрөөс хүнд суртлыг хэрхэн багасгах, яаж нэгдсэн уялдаатай байх вэ, цахимжуулалтыг яаж хийх вэ гэдэг агуулга бодлогын шинэчлэлт, стратеги руу оруулах нь зүйтэй юм. Гадааадын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны агентлаг татан буугдсан. Гадаадын хөрөнгө оруулагчидтай шууд уулзаад зөвлөгөө өгөх бүтэцгүй явж байгаа. Хөрөнгө оруулагчдын таатай орчин бүрдүүлье. Шүүх болон хууль хяналтын байгууллагууд хувийн хэвшил болон гадаадын хөрөнгө оруулалтын орчинд саад хийхгүй байх шинэчлэл рүү явж байна.
-Төсвийн шинэчлэлтийн холбоотой асуудлыг нээлттэй ярилцъя. Экспортыг дэмжих тал дээр хувийн хэвшлийг төр дэмжье, импортыг орлох бэлэн төслүүд байвал төр дэмжлэг үзүүлье. Хөрөнгө оруулалтын, бизнесийн орчин төрд байгаа төрийн өмчит газруудын зарим давхцаж байгаа чиг үүргийг аль болохоор хувийн хэвшлийн урдуур орохгүй байх, ашигтай бизнесийг аль болох хувийн хэвшил эрхэлдэг байх боломжийг бий болгох. Төрийн өмчийн үйлдвэр бусад хардлага дагуулаад байгаа газруудад олон нийтийн хяналт бүрдүүлэх замаар эдийн засгийн үр өгөөжийг бий болгох, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдээр дэмжсэн бодлого гаргах.
-Хөрөнгийн орхигдсон зах зээлийг сэргээх хэрэгтэй. Томоохон төрийн өмчит компаниуд өөрсдөө худалдан авалт хийлгүй хөрөнгө оруулагчид хүрч ирээд үнэ хаялцаж, эрдэс баялгийг худалдаж авдаг шинэ тогтолцоо руу Хөрөнгийн биржээр дамжуулж оръё.
-Эдийн засгийг сэргээх эрх зүйн орчин гэдэг бол хөгжлийн төсөл эхэлж явах нь бидний хувьд нэгдүгээр ажил. Ингэж байж олон улсад эргэлт үүснэ. Монгол Улсад ойролцоогоор 50 орчим их наяд төгрөг эргэлддэг. Эдийн засгаа хоёр дахин яаж тэлэх вэ. Төр бол жижиг хэсэг. Гол нь Монгол Улс том зургаараа хэрхэн томрох вэ гэдэг нь туйлын чухал. Ингэж байж нийлүүлэлт үүснэ. ЖДҮ, бусад хувийн хэвшилд борлуулалт хийх орон зай гарч ирнэ. Бид үйлдвэрлээд байдаг, борлуулах эдийн засгийн багтаамж байхгүй бол томоохон хэмжээний шинэчлэл болж чадахгүй. Уул уурхайн томоохон төслүүд хөдөлнө, бусад томоохон төсөл хөдөлнө. Үүн дээр төрийн бүтээмж рүү чиглэх хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх нь бодлогын гол концепц.
-Монгол Улсын төсвийн өнөөгийн нөхцөл байдлыг хамтдаа ярьж явах цаг болсон. Монгол Улс 50 орчим их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлттэй. Цар тахлаас болоод энэ тоо 35-37 орчим их наяд байна. Үүний 10-15 орчим нь улсын төсөв байдаг. Улсын төсвийг 15.1 наядаар өнөөдөр төсөөлж байна, үүний 11.2 их наяд нь урсгал зардал. Төрөөс цаашдаа урсгал зардлыг аль болохоор багасгах тал руу хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллана. Нэг үгээр хэлбэл, үнэхээр сайн такси үйлчилгээ гарвал төр заавал бүх үйлчилгээнд машин худалдаж аваад байх шаардлагагүй гэсэн үг. Энэ урсгал зардал дээр 30-40 хувийн хэмнэлт үүсэж байвал бид тэр үйлчилгээг хувийн хэвшилтэйгээ хамтарч хэрэгжүүлэх төслийг Засгийн газарт хамтрахад бэлэн байна.
Засгийн газрын танилцуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д энэ мэт зүйл заалтыг тусгажээ. Үүнээс гадна жил бүрийн улсын төсвөө оновчтой зөв хуваарилах нь хамгийн чухал. Татвар төлөгчдийн нэг төгрөгийг төр, хувийн хэвшил нийлээд яаж 10 төгрөг болгож чадах вэ. Энэ нь бидний тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ. Түгжрэлийг бууруулъя гэвэл хувийн хэвшлийн шийдэл дээр төр чадахгүй байгаа хэсэг дээр нь дэмжлэг үзүүлье. 10 их наяд дээр зах зээл рүү мөнгө гаргавал хүүгийн зөрүүг төр төлье. Үүнийг л төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын таатай ажлын уялдаа болохыг “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгажээ.