Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанд ирэх оны төсвийг танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдаас асуухад тэрбээр дараах хариултыг өглөө.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн төслийг сайжруулах ажлын хэсэг амаргүй нөхцөлд ажиллаж байна. Гэхдээ ахицтай урагшилж байна. Нэлээд санхүүжилт гаргаж, гадна дотоодын томоохон фермүүдтэй ажиллаж дэлхийн түвшинд эн тэнцүү мэтгэлцэх, шүүхдэх, санал шүүмжлэл өрнүүлэх чиглэлд ажиллах тал дээр Засгийн газар бүх боломжит хувилбарыг дайчлан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд чамлахааргүй үр дүн гарсан. Зарим нэг зүйлд алдаа байсан гэдгийг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрсөн.
Экспертийн дүгнэлт гарч, ТЭЗҮ дээр алдаа гарсан нь Монгол Улсын Засгийн газартай холбоогүй байсан гэсэн дүгнэлт хүртэл гарсан. Зарим хэсгийг нь хөрөнгө оруулагч тал хүлээж авахаа илэрхийлсэн. Бид ногдол ашгаа наашлуулах, Засгийн газар үүсэж байгаа өрийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн. Хөрөнгө оруулагч талын удирдах бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, хэлэлцээг амжилттай хийхийн төлөө ажиллаж байна.
Би УИХ-ын даргад санал тавьсан. УИХ-ын чуулганд Оюутолгой төслийн зарим нэг зүйлтэй зөвшилцөх шаардлага бий. УИХ-д Оюутолгойн хэлэлцээний зарим нэг зүйл дээр огтолцох цэгүүд орж байна. Зайлшгүй УИХ-тайгаа зөвшилцөх 2-3 шийдэл байна. Тогтоолыг өөрчлөх шаардлага ч гарахыг үгүйсгэхгүй. Оюутолйгон гэрээний хэлэлцээний явцад өмнө нь юу юу болов, Засгийн газар ямар тактик
барьж ажиллав гэдгийг УИХ дээр танилцуулах саналаа УИХ-ын даргад уламжилсан байгаа. Аль болох ойрын хугацаанд байвал сайн. Бүх асуудлыг
нээлттэй ярьж болохгүй.
Засгийн газарт та бүхнээс хэд хэдэн зүйлд улс төрийн дэмжлэг хүсч байна. Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. ЗГХЭГ-ын дарга болоод ч мэдэрч байсан.
Жишээ нь, “Эрдэнэбүрэн”-гийн усан цахилгаан станц явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Энэ төсөл явах нь зөв. Эрчим хүчний хараат байдлаас
бид гарахын тулд энэ төслийг урагшлуулах ёстой. Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах эс таалагдах зүйл гарна. Энэ бүхэнд манай улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийх тохиолдол гарна. Удахгүй энэ төслийг эсэргүүцсэн жагсаал болж магадгүй. Үүнд хөтлөгдөөд явах
уу эсвэл бид нэгдмэл байж чадах уу гэдгийг сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна.
“Оюутолгой”-той мөн адил. Засгийн газар ямар ч хатуу шийдвэр гаргаж болно. Тэнд дахиад эсэргүүцлийн том асуудал үүсч болзошгүй. Тэр үед бид нэгдмэл байж чадах уу.
Роснефть, “Эрчис ойл”-ын хамтарсан компани байгуулагдсан. Энэ манай зарим улстөрчид таалагдаагүй. Ил,далд олон зүйл болсон. Би “Үгүй” гэдэг зарчмынхаа байр суурийг хэлсэн. Цаашдаа энэ зүйл хийгдэх нь зөв гэсэн шийдлийн талд Засгийн газар зогсоно. Хэн нэгний лоббид эсвэл хэн нэгний компанийн эрх ашигтай үед төслүүд урагшлахгүй юм билээ.
“Таван Толгой” дээр бид чингэлэг тээвэртэй холбоотой технологийн шийдэл рүү орно. Чингэлгээр бус тээвэр хийж байгаа томоохон эдийн засгийн орон зайд буй хэсгийн эрх ашгийг зөрчиж таарна. Ингэж байж ирэх жилд 30-аас дээш сая тонн нүүрсээ экспортолж, 18 их наяд төгрөгийн төсвөө бүрдүүлнэ. Үүн дээр бид нэгдмэл байх ёстой. Нөгөөтэйгүүр БНХАУ ийм стандарт нэвтрүүлэхийг шаардаж байна. Гашуунсухайтын төмөр зам ирэх жил дуусна. 13 жилийн түүхтэй төмөр замаа дуусгана. Цэг холболтын асуудал гарна. Үүнд мөн зөрчилдөх асуудал их гарна. Үүнийг бид УИХ-даа нээлттэй ярьж, нэгдэж, экспортоо нэмэгдүүлэх асуудал гарч ирнэ.
Богдхаан төмөр замыг тавьж байж, хотын түгжрэлийг шийднэ. Жил бүр 60-70 орчим мянган машин шинээр нэмэгдэж байгаа ийм нөхцөлд бид бүх хүнд таалагдах шийдвэр гаргаж байж түгжрэлийг бууруулах боломжгүй. Энэ байдлаараа явбал 4-5 жилийн нийслэл тэг зогсолт хийнэ. Тийм учраас давс мэт хатуу шийдвэрүүдийг гаргана. Магадгүй энэ цаг үед таалагдахгүй байх ч ирээдүйд эс үйлдэл хийхгүйн бол шийднэ. Улаанбаатар хотоос зарим аж ахуйн нэгжүүдийг хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудал гарна. Тэр хүмүүст таалагдахгүй, гэхдээ ингэхгүйгээр бид юуг ч шийдэж чадахгүй. Хөшигийн хөндийд барилга байгууламж барих дэд бүтцийн асуудал төсөвт тусгагдсан. Ийшээ төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх асуудал гарна. Тиймээс та бүхэн язгуур эрх ашгийн төлөө хамт байх ёстой. Засгийн газрын зүгээс сайдуудад УИХ-даа аль болох нээлттэй байж бүх мэдээллийг өгч ажиллах нь чухал гэж хэлсэн. Энэ цаг үед хасах 5.3 хувийн эдийн засагтай байсан үе Монгол Улсад хоёр дахь удаагаа тохиов. Дөрвөн сар бид хатуу хөл хориотой байж, дэлхийн даяар ийм байдалд орсон. Гэхдээ маш хүнд нөхцөлд вакцины татан авалт хийгдсэнийг эрхэм УИХ-ын гишүүд бүү мартаарай. Өөрсдийнхөө хэрэгцээнээс илүүчилж, Монголын ард түмэнд тусалж, тэр үр дүнгээр бид хатуу хөл хориогүй өнөөдрийг хүртэл явж байгаа. Тэр үр дүнд тулгуурлаад бид хоёр жил тасарсан хичээлийн шинэ жилийг эхлүүлээд явж байна. Одоо бидэнд 2.5 сая вакцины сонголттой нөөц бий. Дэлхий дахинд дархлаа сэргээх нэмэлт тун хийж буй 4-5 улс байгаагийн нэг нь Монгол. Тиймээс бүгдээрээ вакцин дээр улстөржихгүй байцгаая. Бусад асуудалд шүүмжлэл, чөлөөт мэтгэлцээний хэлбэрээр нээлттэй ажиллах болно. Цар тахал, эдийн засгийн том төслүүд, Оюутолгойтой холбоотой асуудалд бид нэгдмэл байр суурьтай байж чадвал хожно. Даваад гарахаас л өөр аргагүй. Бид бууж өгч болохгүй. Ард нь гараад дараа дараагийн том төслүүд Монгол Улсын эрх ашигт нийцэх шийдвэрийг давс мэт шорвог ч гаргаад л явахаас өөр гарцгүй.