Дэд онцлохШуурхай

Б.Жавхлан: Төрийн үйлчилгээний алба хаагчдын цалин, урамшуулалд өөрчлөлт орохгүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2022 оны шинэ төсөв эхлэхтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Энэ тогтоолын төсөл 2022 оны төсвийн үйл ажиллагааг илүү чанаржуулах урьдчилсан чиглэлтэй. Тогтоол орлогын чиглэлээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрийн өмчит компаниудын ашигтай ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх гэх мэт найман хэсгээс бүрдэж байна. Харин төсвийн зардал талдаа нийгмийн суурь үйлчилгээний санхүүжилтийн шинэчлэл, төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлнэ. Мөн төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх талаар ямар схемээр зохион байгуулах талаар нарийвчилсан чиглэл өглөө. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, гадаад зээл тусламжийн хувьд дамжуулан зээлдүүлэгч нарын санхүүжүүлсэн төслийн өрийг барагдуулах, эдийн засгийн чанарыг нь сайжруулах талаар чиглэл өгсөн тогтоол гарлаа. Энэн дотроос төрийн үйлчилгээний албан хаагчдыг цомхотгох, ажлын байрыг нь өөрчлөх, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх асуудалд олон нийтийн зүгээс үл ойлголцол үүсээд байна.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдаад яг нэг жил болж байна. Уг хуулийн 20.1.18 дугаар заалтад “Боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ орон нутгийн чиг үүрэгт шилжсэн” гэж байгаа юм. Үүнийг дагаад 2022 оны төсөв дээр тодорхой зүйлүүд тусгагдсан. Өөрөөр хэлбэл, үүнтэй холбоотойгоор бүх цалин урамшуулал, тэтгэмж гэх мэт зардлууд одоо байгаа албан хаагчдынхаа тоогоор орон нутгууд руу шилжсэн. Тэгэхээр төсвийг нь багасгаад хувиас үйлчилгээ авна, ингээд орон тоог нь багасгана гэсэн ямар ч зохицуулалт хийгдээгүй. Үүн дээр цалин, цалингийн сан, төсөвтэй холбоотой санаа зовох зүйл байхгүй. Одоо байгаа статусаараа цааш үргэлжлүүлэхэд санаа зовох зүйлгүй. Төсвийн шинэчлэлийн хүрээнд зардлын хувьд гурван том чиглэлээр шинэчлэл хийж эхэлсэн. Энэ жил эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлд суурилсан санхүүжилтын том шинэчлэлүүдийг хийсэн. Ирэх жил боловсролын салбарт хийнэ. Хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ гэдэг нь ганц энэ асуудал дээр биш бусад төрийн чиг үүргүүдийг мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх гэх мэт маш олон зүйл дээр төсвийн шинэчлэл хийж байгаа. Энэ асуудлыг буруу тайлбарлах, улстөржүүлэх агуулгатай мэдээллүүд гарч байна. Үүнийг цаашид яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаар сая маш тодорхой чиг үүргүүд гарлаа” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн