НийгэмШуурхай

Томуугаар өвчилсөн хүүхдийг хэрхэн гэрээр эмчлэх талаар Т.Навчаа эмч ингэж зөвлөж байна

Зинт Клиникийн эмч Т.Навчаа томуу, томуу төст өвчнүүдийн ялгаа тэр дундаа хүүхдийг хэрхэн асрах, гэрээр эмлэх талаарх зөвлөгөөг хүргэлээ.

Тэрээр “Томуу, ханиад хоёр өөр өвчин бөгөөд томуугийн инфлүнза вирусаар үүсгэгдэж байгаа нь томуу, бусад 200 гаруй төрлийн вирусаар үүсгэгдсэнийг нь томуу төст буюу ханиад шуухинаа гэнэ.

Томуу үүсгэх инфлүнза вирус нь 12 хувь, коронавирус 12 хувь, риновирус нь 40 хувийг тус тус эзэлдэг. Хавар, намар, өвлийн цагт хүүхдүүд коронавирусаар өвддөг учир дархлаа суусан, өдгөө туссан ч хүндрэх нь бага байна.

Аденовирус нь нуухтаж, нүд улайж загатнадаг шинж тэмдэгтэй. Эдгээрээс хамгийн хүнд тусдаг нь RSV вирус бөгөөд нярай халдвар авбал маш хүндэрч, эндэх ч эрсдэлтэй байдаг. Үүний эсрэг вакциныг гаргаж авахаар эрдэмтэд ажиллаж байгаа ба 2022 онд гаргана гэж найдаж байна.

Тэгэхээр дээрхээс үзэхэд инфлүнза вирусаар үүсгэгдсэн бол томуу, бусад вирусаар үүсгэгдсэнийг нь томуу төст өвчин хэмээн тодорхойлдог.

Хүүхдийн ба насанд хүрэгсдийн томууны ялгааг харвал:

Томуугийн үед хүүхдэд халууралт насанд хүрэгсдийнхээс өндөр, илүү олон хоног үргэлжилдэг.
Томуутай хүүхэд бөөлжих, суулгах нь элбэг /2-оос доош насны хүүхдэд ханиадны шинж илрээд бөөлжиж, суулгаж байвал томуу гэж сэжиглэх нь зүйтэй/
Бага насны хүүхдэд хүндрэл /уушгины хатгалгаа, дунд чихний үрэвсэл, таталт, нас баралт/ насанд хүрэгсдийнхээс олон.
Хэзээ эмчид хандах вэ?

3 сар хүрээгүй хүүхэд 37.5С ба түүнээс өндөр халуурвал
Амьсгалын тоо олшрох
Амьсгалахад бэрхшээлтэй болох
Уруул, нүүр хөхрөх
Цээж хонхолзох
Цээжээр өвдөх
Сүүлийн найман цагт шээгээгүй
Унтаарах
Татах
Халууралт, ханиалга багасаж байснаа эргээд нэмэгдэх
Хэрэв дээрх шинж тэмдэг илрээгүй тохиолдолд гэрийн нөхцөл эмчилгээ хийнэ. Хүүхэд ч бай, том хүн ч бай халуурч байвал тусгаарлаж, гэрээр эмчлэх хэрэгтэй. Тодруулбал,

Халуун бууруулах, өвдөлт намдаах /Жоргүй эм, уусмал авч хэрэглэж болно/
Ханиалга намдаах эмчилгээ /эмийн сангаас жоргүй олгодог эмийг мэргэжлийн эмч зүйчтэй ярилцаж байгаад авах/
Томуугийн үед ямар гэрийн асаргаа хийх вэ?

“Өвчтэй үед ердийнхөөс их уулгах” зарчим
Хамар цэвэрлэх, уураар утах
Цээж доргиох массаж
Толгой цээжийг өндөрлөх
Хангалттай сайн унтуулах
Сайн хооллох /саримс, сонгино, жимс, ногоо, витаминууд/
Хүний биеийн усны хэмжээ хэвийн байж биеийн бүх эрхтэн тогтолцоо эд эс хэвийн ажиллана гэдгийг ойлгох ёстой. Шингэнээ алдаж байгаа үед хэвийн ажиллах боломжгүй тул уух юм их уулгах хэрэгтэй. Томуугаас сэргийлэх аргын хувьд нэгт, жил бүр томуугийн вакцин тариулах, хоёрт, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм баримтлах хэрэгтэй. Жил бүр томуугийн вирусүүд мутацад ордог тул жил бүр томуугийн вакцин гардаг.

Одоогоор бол А хүрээний томуу хүүхэд болон насанд хүрэгсдийн дунд бүртгэгдэж эхлээд байна.

Анагаах ухаанд одоогийн байдлаар ханиадны вакцин гараагүй. Томуугийн вакцин тариулбал томуугаас сэргийлэх болохоос биш ханиаднаас сэргийлэхгүй” хэмээв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн