Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Зөрчлийн тухай хууль 2017 оны долоодугаар сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Зөрчлийн хуулийг анх боловсруулахда тухайн үед хэрэгжиж байсан 240 гаруй хуулийн хариуцлагатай холбоотой зохицуулалтуудыг нэгтгэж баталсан. Энэ удаад төр шууд торгодоггүй, шалган тусалдаг, зөвлөдөг байдлаар төслөө боловсруулсан. Ирэх пүрэв гарагт Соёлын төв өргөөнд энэ төслийг олон нийтээр хэлэлцүүлнэ.
Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн төслийн онцлог нь зөрчлийг шалгах ажлыг цахимаар хэрхэн явуулах вэ гэдэгт суурилсан. Зөрчил шалгах эрхтэй 11 мянган албан тушаалтан зөрчлийн дугаар авах гэж бүгд прокурорын байгууллага дээр дугаарлах шаардлагагүй. Зөрчлийн дугаараа цахимаар авдаг болно. Зөрчил шалгах ажиллагааны дийлэнх нь цахимаар явагддаг болно.
Манай яамнаас Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн дараагийн асуудал нь 2016 онд Хөгжлийн банканд хийсэн ажлын хэсгийн шалгалтын дүнг олон нийтэд ил болгох асуудал байлаа. 130 хуудас материал бий. Энэ шалгалтын үр дүнгийн дагуу ямар ажил хийгдсэн нь илүү тодорхой болно. 2016 онд Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орох хэлэлцээ хийж байсан. Тэр үед энэ ажлын хэсгийн дүгнэлтийг ил болгох нь ОУВС-тай хийх хамтын ажиллагаанд эрсдэл үүсгэхээр байсан учраас нууцалсан юм билээ” гэлээ.