Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хаврын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд онцгойлон санууллаа.
Нийслэлийн хэмжээнд Гэр хорооллыг орон сууцжуулах, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах гэсэн хоёр төсөл хэрэгжиж байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй явж байгааг Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар тодотгож байлаа.
Тэрбээр үргэлжлүүлэн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төсөл Улаанбаатар хотын төвийн бүсүүдэд хэрэгжиж байна. Их, Бага тойруу, 40, 50 мянгатын хуучны 3-5 давхар барилгуудыг буулгаж, дахин барилгажуулах төслийн хүрээнд тендер зарладаг ч аж ахуйн нэгжүүд ордоггүй. Учир нь дээрх барилгуудыг буулгаад 6-7 давхар барилга барих зураг төсөлтэй. Гэтэл аж ахуйн нэгжүүд багадаа 16 давхар, цаашлаад 20-24 давхар барилга барих сонирхолтой байдаг. Тиймээс тендерийг 20-30 удаа зарлаад аж ахуйн нэгж орж ирээгүй талбаруудад тухайн орон нутгийн орон сууцны асуудал хариуцсан байгууллага оролцож болохуйц өөрчлөлтийг журамд оруулахаар болж байна. Эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн Гэзгийн худаг, Сонгинохайрхан дүүргийн гурван байршил багтаж байгаа” гэлээ.