Дэд онцлохЭдийн засаг

Н.Тавинбэх: Эрчим хүчний үнийг 28 хувиар нэмэхээс өөр аргагүй байдалд байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. Энэ үеэр эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц болон цахилгаан автомашины хэрэглээг дэмжих шийдвэрийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаар цахилгаан автомашины хэрэглээг дэмжих, үүнтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 492  цахилгаан автомашин байна. Зам тээврийн яамнаас авсан тоон мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 1.2 сая автомашин байна. Үүний 662 мянга нь Улаанбаатар хотод байгаа юм. Энэ тоотой харьцуулбал 492 цахилгаан автомашин гэдэг маш бага тоо. Иймд Засгийн газраас цахилгаан автомашиныг тоог нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээг авах шаардлагатай гэж дүгнэлээ.

Эрчим хүчний салбарын хувьд үйлдвэрлэлээс хэрэглээ давсан оргил ачааллын цаг үед байна. Цаашид хэрэглээ нэмэгдэх нь хүндрэл үүсгэнэ. Гэхдээ бидний хийсэн тооцооллоор  Улаанбаатар хотод хэрэглэж байгаа автомашины 20-30 хувьд нь цахилгаан автомашин нэвтрэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ 15-20 мВт-аар нэмэгдэх юм. Энэ хэрэглээг оргил ачааллын цагаас бусад цагт зохицуулах боломжтой гэж үзсэн. Цахилгаан автомашиныг цэнэглэх найман станц бий. Энд 300-1000 төгрөгөөр нэг кВт цаг цахилгаан эрчим хүч борлуулж байна. Цахилгаан автомашиныг 300 төгрөгөөр нэг кВт цаг цахилгаан эрчим  хүчээр цэнэглэхэд 100 км-т 5850 төгрөгийг зарцуулах тооцоотой. Харин 1000 төгрөгөөр нэг кВт цаг цэнэглэвэл 100 км-т 16000 төгрөг зарцуулж байна. Энэ нь 7-8 литр бензин зарцуулж байгаатай адил гэсэн үг юм.

Мөн өнөөдөр Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын талаарх асуудлыг танилцууллаа. Барилга угсралтын ажлыг эхлэхээр бүх бэлтгэл ажил хангагдсан. Ганц хүндрэлтэй асуудал бол орон нутгийн иргэд юм. Шинээр баригдах станцын газарт одоогоор ажиллаж амьдардаг газар тариалан эрхэлдэг 270 өрх бий. Эдгээр иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээ хийж, нөхөн олговор олгож байгаа. Засгийн газар мөн нөхөн олговрыг нь нэмэх талаар ярилцаж байна. Биет бус соёл, биет бус нөлөөллийг үнэлэх талаар эрчим хүчний яаманд тодорхой санал боловсруулсан. Ирэх Засгийн газрын хуралдаанаар саналыг танилцуулж шийдвэрийг эцэслэн гаргана. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа цахилгааны хэрэгцээг хангах ногоон эх үүсвэр манай салбарт дутагдаж байна. Иймд энэ эх үүсвэрээ бид заавал барих ёстой. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс Монгол Улсын эрчим хүчний онцлогт тохирох эх үүсвэр бол усан цахилгаан станц юм. Яг одоогийн нөхцөлд манайд ийм томоохон станц алга. Иймд цаашдаа усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай байна.

Мөн Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг төрөөс хариуцаж байгаа. Энэ төлбөр жилээс жилд ихсэж байгаа. Гэр хороололд амьдардаг олон айл халаалтаа цахилгаанаар шийдэж байгаатай холбоотой юм. Төсвийн төлөвлөгөөнд тусгасан хэмжээнээсээ гүйцэтгэл давж байгаагаас болоод өр авлага үүсч байгаа нь үнэн. Гэхдээ энэ үнийг дараа жилийн төсөвт суулгаж барагдуулна” гэлээ.

Мөн сэтгүүлчдийн сонирхсон асуултад тэрбээр хариулахдаа “Өнөөдөр эрчим хүчний салбар маш хүнд байдалд байна. Өнөөгийн тарифаар эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаагаа явуулах санхүүгийн боломжгүй болж байгаа. Ялангуяа цар тахал болон дайнаас шалтгаалсан үнийн өсөлтөд хамгийн хүчтэй нөлөөллийг авч байна. Алдагдал улам өсч байгаа учраас цахилгааны үнийг нэмэхээс өөр гарцгүй. 2019 онд 78, 2020 онд 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Эх үүсвэргүй их хэмжээний өглөг, авлага өссөөр л байна. Судалгаагаар одоо байгаа цахилгаан дулааны хэрэглэгчийн үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоолол гарсан. Хэрвээ цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй бол эрчим хүчний салбар маш хүнд байдалд орно” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Эдийн засаг

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлааЗасгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй юм байна. Дэвшилтэт технологи бүхий бүхээг, тоноглолуудтай, дуу чимээ бага тул зорчигчдод тухтай. Мөн 20 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай учраас Ази-Европыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлж жилд 10 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Уг хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нисэх бөгөөд АНУ, Сингапур, Австрали руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн