Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, яаралтай горимоор хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдлээ.
Тус хуулийн төслийг өргөн барьснаар найман чиглэлийн үйл ажиллагааг авна. Үүнд:
-УИХ, ЗГ, Төв банк, хувийн хэвшил ямар эрх, үүрэгтэй оролцохыг нь тодорхой тусгаж өгсөн. Үүнтэй холбоотой хуулийн төсөл, тогтоолыг УИХ дараалал харгалзахгүй яаралтай хэлэлцэнэ.
-Монголбанкны мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг тус тус өөрсдийн харилцдаг банкуудын эх үүсвэрийг дайчлах, гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах.
-Монголбанк гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор банкаар дамжуулан алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн хөрөнгийн биржээс 5 хувийн нэмэгдэлтэйгээр алт худалдана авна.
-Мах, гурил, шатахууны хангамж, нийлүүлэлтийн хомсдол үүсэхгүй байхад Засгийн газраас арга хэмжээ авна. Үүнтэй холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалын албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх эрхийг ЗГ-т олгож байна.
-ЗГ-аас мах, гурилын нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг жилийн батлагдсан нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ.
-Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно.