“Улаанбаатар үндэсний хоолны өдөрлөг” яг одоо Д.Сүхбаатарын талбайд болж байна. Уг өдөрлөг нь монгол үндэсний болоод олон орны хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад таниулан, сурталчлах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. Тус арга хэмжээнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 орчим иргэн, аж ахуй нэгж оролцож байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө тус өдөрлөгийг нээж үг хэлэхдээ “Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “UB food festival” арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн хоёр жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулсан. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуй нэгжүүд маань үндэсний хоолоо сурталчлан таниулах хэрэгтэй. Хотын даргын зүгээс ч мөн гудамжны хоолны соёлыг дэлгэрүүлэх, иргэд, аж ахуй нэгжүүд ямар нэг дарамт шахалтгүйгээр үйлдвэр, үйлчилгээгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байгаа. Иргэдийн ая тухтай байдлыг алдагдуулахгүй, явган зам дээр орц, гарц хааж зогсохгүй, хүнсний аюулгүй байдлыг чанд хангасан хэн бүхэн хүссэн үйлчилгээгээ иргэдэд хүргэж болох юм. Бид цаашид энэ асуудалд илүү анхаарах болно. Та бүхэн сайхан хооллоорой” хэмээсэн юм.
2013 оноос хойш “UB food festival” нэрээр зохион байгуулж буй тус өдөрлөгийн үеэр “Cosplay & Comic night” тэмцээн болоод бургер, зайрмагийн тэмцээнийг зохион байгуулж байна. Зайрмагийн тэмцээнийг зургаа хүртэлх насны таван хүүхдийн дунд явуулсан бөгөөд ялагчаар Э.Энхтүвшин хүү шалгарлаа. Тэрбээр “Өнөөдөр миний төрсөн өдөр. Төрсөн өдрөөрөө зайрмагны тэмцээнд ороод түрүүлсэндээ баяртай байна. Шагналынхаа эрхийн бичгээр эгч, дүү нартаа зайрмаг авч өгнө. Одоо удахгүй гоё хоол идээд, гэртээ харьж төрсөн өдрийн тортоо иднэ. Дараа жил дахиж ийм тэмцээнд оролцмоор байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.