Ажил хөдөлмөрийн амт хүнийг хүн шиг амьдруулдаг гэх Г.Чулуунхүү гуай насаараа тариан талбайд ажиллажээ. Тэр тэртээ холоос цайран халиуран найгах тариан дунд трактор комбайнаа жолоодож, бункерээ дүүртэл будаагаа хураасан комбайнч, техникч явсан. Тиймдээ ч хөрсийг амь шигээ хайрладаг. Тэвш дүүрэн будаатай машины цуваа, үтрэм дүүрэн шаргалтах амуу будаагаа санан санан тэрбээр яриагаа эхэлсэн юм.
-Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойн энэ онд тохиож байна. Ухамсарт бүхий л амьдралаа та газар тариалангийн салбартай холбожээ. Анх комбайнч болж, ажлын талбарт гарч байсан үеэс тань яриагаа эхлэх үү?
-Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ойг дөрвөн зүг, найман зовхист тэмдэглэн өнгөрүүлж байна. Газар тариалангийн салбарт ажиллаж байсан техникчид, үе үеийн удирдлага, дарга нар, агрономич, инженер, механикууддаа баярын мэнд нэн тэргүүнд хүргэх ёстой. Би Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрүүлээд 1958 онд Увс аймгийн Баруунтуруун сумын сургуульд нэгдүгээр ангид орж, 1965 он хүртэл суралцаад, Барилгын техник мэргэжлийн сургууль дүүргэсэн хүн. Сургуулиа төгсөөд аймгийнхаа гурилын үйлдвэрт слесариэр хоёр жил орчим ажилласан юм.
Дараа нь 1969 онд тэр үеийн ЗХУ руу сургуульд суралцахаар явсан даа. Газар тариалангийн салбарт ажиллахдаа улсын хоёр удаагийн аварга, дөрвөн таван жилийн гавшгайч, аймаг, сумын аварга болж байсан. Төр засгаас энэ зүтгэлийг маань үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байдаг юм.
-Гурилын үйлдвэрт селесрээр хоёр жил ажилласан тань таныг ажил хөдөлмөрийн амтанд оруулж, цаашид үргэлжлүүлж сурах их хүсэлд хөтөлсөн юм аа даа?
-Тэгсэн. Селесрээр ажиллаад ажлын дөр суусан. Ямар нэг эд ангийн боолт, шрүүпийг тайлаад угсрах хэмжээний мэдлэгтэй болоод байв. Ингэж байхдаа ер нь техникийн эрин үе ирж байгаа юм байна гэж бодоод хөдөө аж ахуйн техникч болъё гэж шийдсэн. Энэ зорилгодоо ч хүрч, насаараа хоолоо олж идлээ. Би ЗХУ-д техник мэргэжлийн сургуульд хоёр жил сураад, онц дүнтэй төгсөж ирсэн. Хөдөө аж ахуйн трактор, комбайнч, IV зэргийн селесрээр төгсөөд аймагтаа Баруунтурууны Сангийн аж ахуйд хуваарилагдаж, 1970 оны зургадугаар сараас 1995 он хүртэл тасралтгүй 25 жил ажиллажээ. Намайг төгсөж ирж байхад манай аж ахуй улсад айргийн тавд ордог байсан. Тэр хугацаанд 1971, 1973, 1979, 1984 онд манай сангийн аж ахуйгаас дөрвөн хөдөлмөрийн баатар төрсөн байдаг юм. Үүн дээр МАХН-ын дөрвөн их хурлын төлөөлөгч манай Хар хадны бригадаас төрсөн. Манай бригадаас 10 гаруй аварга төрсний нэг нь би. Нэг бригадаас дөрвөн их хурлын төлөөлөгч сонгогдоно гэдэг тэр хамт олон хөдөлмөр бүтээлээрээ тэргүүлж байсны илрэл болов уу.
-Та хоёр удаа улсын аварга болжээ. Сургуулиа төгсөж ирээд гурван жил ажиллаад та аваргын болзол хангасан гэсэн. Таны ажилдаа дуртай, сэтгэлтэй, дайчин, махруу ажиллаж байжээ?
-Тэр бол 1973, 1979 он юм. Түүнээс хойш энэ болзлыг хоёр удаа хангасан ч намын, эвлэлийн гишүүн биш байсан учраас өндрөө аваагүй, тэгсхийгээд орхигдсон. Сургуулиа төгсөж ирээд хоёр хуучин комбайн ээлжилж, барьсан. 1973 онд шинийг авсан л даа. Энэ нь улсын хошой аварга н.Коля гэдэг хүний жолоодож байсан сайхан тохируулгатай комбайн байв. Сайн тохируулгатай комбайн үг хэлэхгүй ч гэсэн надад хичээл заачихсан хэрэг. Миний багш БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Ц.Сандуйжав гэж сайхан хүн байлаа. Тэр хүний шавь болж, ажиллаад би улсын хошой аварга болж байв. Хөдөө аж ахуйн салбарынхан байгаль цаг агаартай уралдаж ажилладаг хүмүүс. Бүгд байгалийн хүчин зүйлсээр хэмжигддэг. Тийм учраас багш маань цаг хугацааг ер алдаж болохгүй гэж зааж сургадаг байлаа. Би ч өөрийнхөө шавь нартаа ингэж сургадаг байв. Улсын, аймгийн, сумын аварга шавь би олныг төрүүлсэн. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн н.Одонхүү гэхэд миний шавь. Тухайн үед ажлын өндөр амжилт гаргасан хүүхдүүдэд их, дээд сургуулийн хуваарь өгдөг, эвлэлийн илгээлтээр явуулдаг байлаа. Тэд ингэж л явж, өндөр амжилтад хүрсэн дээ.
-Баруунтурууны Сангийн аж ахуй хэчнээн га талбайд тариалалт эрхэлдэг байв. Хэрэв би андуураагүй бол Увс аймгийг улаанбуудайгаар хангалттай хангадаг байсан гэж сонсож байсан?
-Манай Сангийн аж ахуй нийт 48-52 мянган га эргэлтийн талбайтай. Үүний 32 мянган га-д нь хаврын тариалалт явуулна, 20 гаруй мянган га нь уринш. Нэг үгээр хэлбэл, ирэх жилийн тариа будаанд хэрэглэнэ гэсэн үг. Тухайн үеийн хэллэгээр тосон хар уриншаас арвин ургац авдаг байлаа. 32 мянган га-гийнхаа 29 мянгад нь улаанбуудай, 3000 га-д нь арвай, овъёос, хөх буудай зэргийг тариална. Хүнсний ногоог тусдаа өөр талбайд тарьдаг байлаа. Тухайн үед хүнсний ногоог бага талбайд тарьж, иргэдэд хүчээр шахуу хэрэглүүлдэг байсан. Одоо цагт хүн бүр ногоо тариалдаг болжээ. Үе үеийн техникч, агрономич, инженер, механикчдэд ахмад техникчийн хувьд хэлэхэд хөрсөө л хайрлах хэрэгтэй. Тариачин, ногоочин, жимсчид хавар нь тариад намар хураадаг. Үүнийг байгаль ээж үйлдвэрлэж өгч байна гэсэн үг. Тэр хөрсийг хүн усалж, додомдож байгаа ч байгаль эхтэй салшгүй холбоотой салбар. Тийм учраас хөрсийг нүдний цөцгий мэтээ хайрлах хэрэгтэй. Уул овоогоо тахилгүй л яах вэ. Уул овоонд мөнгө тавихаас илүүтэй байгалийн хөрсөнд юу дутагдаж байгааг хардаг нүдтэй баймаар байна, манайхан. Тэжээллэг, үрлэн хэлбэртэй хөрс элэгдэл, эвдрэлд орвол үр шимээ өгч чадахгүй. Хүн эрүүл мэндээ алдвал бүхнээ алддаг шиг хөрс тэжээллэг чанараа алдвал үүнтэй мөн адил. Хүн ухамсарт амьтан. Гэхдээ байгалийн бүтээж өгснөөс лав дээш гараагүй байна. Өнөө хөрсөө л яриад байна шүү дээ. Хүн хэчнээн додомдож арчилж, тордлоо ч нэгэнт муудсан хөрс сэхэл, засал авахдаа маш олон жил зарцуулдаг. Ямар ч мундаг үйлдвэр байлаа ч байгалийн цэвэр хөрсөнд ургасан шиг байж чадахгүй. Хөрснөөс хоолоо олж идэж, хөрстэй харьцаж байгаа хүн хөрсийг хайрладаг болчихдог. Сайхан зүлэг, ногоог хүрзээр ухаж байгааг харахаар өөрийнхөө арьсыг сэндийчүүлж байгаа юм шиг сэтгэл өвддөг. Дээхэн үед манай аймагт айлууд зүлэг хатгаж аваад, зуухан дороо дэвсдэг байсан. Түүнийг хараад өр өмөрч билээ. Хүрзээр хатгаж, сэндийчиж орхисон хөрс лав ойрын 10 жилдээ дахиж сэргэхгүй. Тийм учраас байгаль дэлхийгээ л хүн хайрлах хэрэгтэй.
-Уул уурхайн тухай та яриандаа цухас дурдлаа. Тэд эргээд нөхөн сэргээлт хийсэн ч хөрс хуучин хэвэндээ ордоггүй байх нь, тийм үү?
-Дэлхий дээр үндэстэн, ястан, гарвал, угсаа өөр ч бид бүгд нэг л гэрт амьдарч байгаа. Хэл яриа, зан заншил өөр ч бид байгаль дэлхийгээ хайрлаж амьдрахаас өөр аргагүй. Газар тариалантай амьдралаа холбоод нас дууссан учраас байгаль дэлхийгээ хайрлахгүй үйлдлийг харахаар өөрийн эрхгүй сэтгэл шимширдэг. Манайх заримдаа даанч дээ гэмээр байгалиа сүйтгэсэн байх юм. Уул уурхай улсын эдийн засагт хэрэгтэй байлаа ч арай ч дээ гэмээр сүйдсэн байгалийг харахаад нулимс цийлэгнэдэг. Орчин үед гайхалтай сайхан техник хэрэгсэл гарчээ. Гэхдээ социализмыг би муулахгүй. Тэр үеийн техник тоног төхөөрөмжийн хүчин чадал тийм л байж. Аливаа технологи өдрөөс өдөрт өсөн дэвжиж байгаа нийгэмд би өнөөдөр амьдарч байна. Мэдээж өмнөхөөсөө муу техник хийгээд сууж байна гэж байхгүй. Залуу нас байдагсан бол тэр техникүүдийн кабинд нэг суухсан гэж бодогддог. Хүчин чадал үнэхээр сайн юм билээ. Техник хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарч байвал үзэхгүйгээр хажуугаар нь өнгөрч чаддаггүй. Таньдаг хүнтэйгээ уулзсан юм шиг тэр техникүүдийг сонирхож зогсох дуртай.
-Техник технологи шинэчлэгдээд сайхан болж байна гэж та хэлж байна. Нэг талаараа сайн ч бид дотооддоо гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэглээг хангаж чадахгүй байгаа. Социализмын үед аймгуудад байсан гурилын үйлдвэр одоо эзгүй хашаа, хэдэн төмрийн “сэг”-ээр дүүрчээ. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Бүгдийг шүүмжлэх нь хаашаа ч юм. Миний амьдарч байсан үеийн залуус, шинэ үеийнхэн бүгд тухайн цагт хугацаандаа л байгаа. Намайг залуу байхад амьдарч байсан үеэр одоогийн хүүхдүүдийг төлөөлүүлж, харьцуулж болохгүй. Гэхдээ хүн хаана ч аль ч цаг үед хөдөлмөрч байх ёстой. Амар олдсон мөнгө сайхан хоол болохгүй. Хөлсөө дуслуулж байж олсон мөнгийг амьдралдаа зарцуулах хамгийн амттай шүү дээ. Хөлс, хөдөлмөр шингэсэн бүхэн сайхан. Орчин үед өндөр хүчин чадалтай техник тоног төхөөрөмж гараад ургацыг хурдан хурааж байгаа ч байгальд дан ялангуяа хөрсөнд сөрөг нөлөөтэй байж мэдэх юм. Их ургац авна гэдэг байгалиас шим тэжээлийг нь төдий чинээ авч байна гэсэн үг. Сүүлийн үед рапс их тариалж байгаа сонсогдох юм. Энэ ургамлыг тарьж ургац авсны дараа хэдэн жилдээ дахиж тариа, будаа ургахгүй гэдэг. Тос гаргахын тулд чанартай ургамал тариалж байгаа учраас байгалиас хамаг шимийг нь сорж авч байна гэсэн үг. Тийм учраас дахин тэр талбай хэдэн жилд үржил шимгүй болж байна. Хүн байгалиас 100 төгрөг авсан бол 50-ийг нь хэнээр л гуйлгуулахгүйгээр буцаагаад хөрсөнд зарцуулдаг болох ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол “Тань руу дахин хэзээ ч эргэж харахгүйгээр хөрс цааш эргэнэ” гэж нэрт агрономич хэлсэн байдаг. Социализмын үеийн эрдэмтэд газрын хөрсийг байгалийн аргаар бий болгоход 150 жил хэрэгтэй гэдэг байсан. Харин шинжлэх ухааны аргаар хийвэл 90 жилд нэг см хөрс бий болгоно гэж байлаа. Эдийн засаг бус байгийн эко байдал алдагдвал хамгийн аюултай. Эдийн засаг унаж, өндийж болно.
-Тариан талбай дундуур комбайнаараа зүсэж явах үеийн мэдрэмжийг та хуваалцахгүй юу?
-Тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй шүү дээ. Тариан талбайн дундуур явахад том нуур, далай давлагаалж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Түүн дотор хүчин чадал сайтай сэлүүртэй завь явж байгаа юм шиг санагдана. Ургац сайтай жил тариан талбайн дундуур явж байхдаа” Би үнэхээр гоё мэргэжил сонгожээ” гэж бодогддогсон. Хүний, малын хоол тэжээлийг бэлтгэж явна гэдэг буян биз дээ. Ямар ч мундаг хүн байлаа ч хоол тэжээлгүй бол өлсөөд амжилт гаргахгүй. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдгийн адилаар мэргэжил бүхэн хоорондоо уялдаа холбоотой. Түүнээс ганцхан миний мэргэжил гээд онгироод байж болохгүй. Би тракторын жолооч хүн. Агрономич, агротехникч, инженер механик, комбайнчид тариаг ургуулахын тулд багаараа хамтарч зүтгэх байж сайн ургац авна. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа хувиараа эрхлэх аж ахуй байгуулсан олон хүн надаас яаж тариа тарих тухай ирж асуусан. Тэр бүрт “Ахаасаа асуугаад хэрэггүй. Би тарьсныг хураадаг хүн” гэсэн. Харин ямар үед тарих, хэдийд хураах, ямар хөрсөнд хэчнээн кг будаа хийх вэ гэдгийг агрономич н.Дашцэрэн гуайгаас асуугаарай гэсэн юм. Олон жил агрономич нэр төртэй хийсэн ч хөдөлмөрийг нь төр үнэлээгүй. Үнэхээр гайхамшигтай мэдлэгтэй хүн байгаа юм. Үлгэр дуурайлал болохоор ийм хүмүүсээ төр үнсээсэй гэж өвгөн ах нь бодож явдаг. Аливаа зүйл шударга байх ёстой.
-Хоёр удаа та улсын аварга болж байжээ. Социализмын үед дөрвөн таван жилийн гавшгайч гэж ажлыг бага цагт хийх болзол байсан гэдэг. Цаг нартай уралдаж байж энэ амжилтад хүрдэг юм биш үү?
-Би зөөлөн, хатуу үеийн аварга тус бүр нэг удаа хийсэн хүн. Хатуу үеийн аваргын шалгуур маш хүнд. Улсын хэмжээнд 33 Сангийн аж ахуйгаас 10-хан хүн хатуу үеийн аваргын болзол хангасан байдаг юм. 1000-аас дээш тонн тариа, будаа хураах болзолтой. Анхны аваргын болзол хангахад би 800 гаруй тонн буюу 900-гаад бункер будаа хураасан юм. Хатуу үед тонн нь нэмэгдсэн. Ингэж ажиллаад явж байтал зах зээлийн нийгэмд шилжиж, Сангийн аж ахуй маань хувьд гарсан. Одоо тэнд таван компани үйл ажиллагаагаа явуулж байна. Газар тариалангийн салбар нэг үе уналтад орсон ч одоо эргээд сэргэж байна. Өнгөрсөн жил хур бороо сайхантай байсан учраас ургац арвин авсан. Баруунтуруун сум байгуулагдсаны 60 жилийн ой өнгөрсөн онд тохиолоо. Тэнд очиход бороо ороод тариан талбайд манан татчихсан байсан. Намайг ажиллаж байх үеийнх шиг сайхан харагдаж байсан шүү. Цаг агаар хоёр градусаар дулаарсан гэсэн. ОХУ-ын М.В.Ломоносов эрдэмтэн “Та нүүрсийг шууд түлж байгаа бол хэтэвчтэй мөнгөө гал руу хаяж байгаатай адил” гэж хэлсэн байдаг. Түүн шиг усалгаагүй газар тариа тарина гэдэг мөнгөө чулуудсантай адил.
-Газар тариалангийн салбарт усалгааны систем байгуулна гэж их хэмжээний төсөв хуваарилдаг ч “бай”-гаа онохгүй явдал сүүлийн жилүүдэд их гарах боллоо. Тэгэхээр таны саяын ярьдагтай яаж уялдуулмаар юм бэ дээ?
-Телевизийн мэдээ үзэж байхад газар тариалангийн усалгаанд их анхаардаг болжээ. Усалгааны гоё систем манайд олонтаа нэвтэрсэн харагдах юм. Миний үед ОХУ-аас оруулж ирсэн усалгааны хоёр техник л байсан. Тэр үед манайх усалгааны системтэй аймгуудын тоонд орж байв. Одоо Хартолгой, Улаантолгой, Баруунтуруунд усалгааны систем бий. Усалгааны зориулалтаар ашиглана гээд төсвөөс өдий төдий хэмжээний мөнгө аваад буруу ашиглаж байгаа хүмүүс байж болох юм. Гэхдээ газартай, хөрстэй зөв харьцвал өгөөжөө харамгүй өгнө гэдгийг л дахин дахин хэлмээр байна. Би өнгөрсөн жил Төв, Сэлэнгэ аймагт усжуулалтын систем гаргаж байгаа 2-3 бригадаар явсан. Тэндээс харж байхад хэрэгжүүлбэл сайн ургац авахаар харагдаж байна лээ. Усалгааны төхөөрөмж олон янз байсан. Талбайн соёл гэж нэг зүйл бас бий шүү.
-Тэр нь юу юм бол?
-Өөрийн гэр орон шигээ шүүрдэж цэвэрлэхдээ биш нэг талбайгаас нөгөөд комбайнтайгаа орохдоо газрын хөрсийг нь хөндөлгүй цэвэрхэн нэвтрэх ёстой. Гинжит тракторыг газрын хөрсөнд 360 градус эргүүлэхэд 10-12 жилийн дараа тэр хөрс эдгэрдэг. Залуу байхад санамсар болгоомжгүй ийм алдаа мэр сэр гарна. Хөрс нөхөн төлждөг ч эвдэрсэн гэдэг нь мэдэгддэг. Газартай харьцаад ирэхээр хүний гараар эвдэрсэн хөрс маш тод харагдана. Миний бодлоор усжуулалтын системийг сайжруулж, тариагаа хангалттай тариалаад хэрэгцээнээс илүү гарснаа экспортолмоор байгаа юм. Ингэвэл байгалийн хөрс эвдэгдэхгүй, хөндөгдөхгүй. БНСУ-д очиж үзэхэд тэнд бордоо хийхгүйгээр авдаг ургамал гэж байхгүй юм билээ. Хөрс нь бордооны хүчээр явж байна. Монголд харин өөр. Төр хүнийхээ эрүүл мэндэд анхааръя гэж байгаа бол бордохгүйгээр эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан бүтээгдэхүүнтэй л баймаар байна. Манайх хөдөө аж ахуйн орон. Үүнийгээ цогцоор нь хөгжүүлэх сэтгэл л дутаж байна.
-Та түрүүнд тариа будаагаа гадаад руу экспортлох тухай ярилаа. Гэтэл манай улс экспортлох нь бүү хэл гаднаас импортоор улаанбуудай авч байна шүү дээ. Атрын-III аян гэж нэг хэсэг сэргэсэн ч эргээд уналтад орж байна уу даа гэж харагддаг. Ер нь газар тариалангийн салбарт бодлого алдагдсан уу?
-Зах зээл бол бусдын гар харахгүйгээр өөрсдөө амьдрах нийгэм. Биеэ дааж амьдарч байгаа энэ нийгэмд алдаа, оноо бий ч урагшилж л байна. Гэхдээ хариуцлага сул. Аж ахуйн нэгжтэй хатуу гэрээ байгуулмаар санагддаг. Хувийн өмч гээд дураар нь байлгах биш дотоодын гурил, хүнсний ногооны хэрэгцээг хангана гэдэг утгаар нь үүрэг хариуцлага байлгах ёстой. Гаднаас импортоор будаа авч байгаа нь Монгол хүний амьдралд нэмэр болохгүй. Үнэ, өртөг шингэж иргэдэд очно. Манай хойд хөрш газар тариалангийн баялаг түүхтэй. Жилд 75-76 сая тонн улаанбуудай хурааж авдаг байх шүү. Намайг газар тариалангийн салбарт ажиллаж байх үед нэг сая тонн орчим улаанбуудай хурааж авч, заримыг нь гадаад руу экспортолсон түүх бий. Энэ бол нэг удаагийн тохиол. Одоо түүх болж үлджээ. Үүн шиг зохион байгуулалттай ажилламаар байна. Бордоо хийгээгүй эрүүл хөрсөнд тариалсан гэвэл гадныхан дуртай авна шүү дээ. Увс аймаг Галдан Бошигт хааны үеэс газар тариалан эрхэлж байсан. Одоо хоршоо нөхөрлөлийн хэлбэрээр хэд хэдэн өрх нэгдэж, газар тариалан эрхэлж, өөрсдийнхөө амьдралыг аваад явбал төрд ачаалал ирэхгүй. Харин төр газар тариалан эрхлэх боломж, нөхцөлөөр хангаж өгөх хэрэгтэй болов уу. Улсын амьдрал айл өрхтэй салшгүй холбоотой. Тийм учраас өрх бүр амьжиргаагаа хэнээс ч хамаарахгүйгээр аваад явчихдаг болвол улсдаа оруулж буй том хувь нэмэр. Социализмын үед хэт баян, ядуу хүн гэж байдаггүй байсан. Одоо бол баян хоосны ялгаа тэнгэр газар шиг зөрүүтэй болсон. Бидний хамаатан садан сайхан амьдарч байна гээд ядуу хүмүүсийг хөсөр хаямааргүй байна. Ингэхийн тулд төр чинээлэг дундаж давхарга бий болгох бодлого явуулмаар байгаа юм. Үүнд газар тариалангийн салбарыг хөгжүүлж, түүгээр дамжуулж иргэдийг ядуурлаас гаргахыг үгүйсгэхгүй.
-Танай гэрийн хойморт “Соёлч өрх” гэсэн өргөмжлөл байна. Нутаг орнынхон тань танайхыг цэвэр цэмцгэр айл гэж тодорхойлдог юм билээ. Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс тань таны мэргэжлийг өвлөсөн хүн бий юү?
-Миний мэргэжлийг өвлөсөн хүн байхгүй. Хань маань Ахуй үйлчилгээний газарт оёдолчноор ажиллаж байсан. Энгийн л ажилчин ангийн гэр бүл манайх. Бид гэр бүл болоод таван хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн. Хань маань цэвэрч, аав ээж минь ч нямбай хүмүүс байсан даа. Цэмцгэр айл, байгууллагад хүн явж ороод гутал нь муухай байвал ичдэг. Хүн заавал үнэтэй хувцас өмсөх албагүй. Өөртөө тохирсон хиргүй цэвэр хувцастай байх ёстой. Хүүхдүүддээ ч би ингэж сургадаг. Хүнд боловсрол чухал гэж би боддог. Ихэнх хүүхдийнхээ боловсролд хань бид хоёр анхаарсан. Залуу нас сайхан. Гэхдээ түргэн зантай байх гээд байдаг. Залуу хүн эрүүл байвал зогсолтгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч, сайхан амьдралыг цогцлоож, бардам амьдрах шиг үнэ цэн хаана ч байхгүй шүү дээ.
Very interesting topic, thank you for posting.
My partner aand I stmbled over hhere by a differrent webb page and thought I should cheeck things out.
I like hat I see sso nnow i aam foillowing you. Look forwared to looking into your web pge yett again.
Assumed common sense has started creating images, writing texts, and composing music. What last wishes as hit on next? Intention robots supersede humans?
Is this show
[url=https://radikalfoto.host/i/e3qRV][img]https://a.radikalfoto.host/2024/08/29/foto.webp[/img][/url]
created aside phoney intelligence? Dispassionate[url=https://radikalfoto.host],[/url] isn’t it?