ОнцлохУлс төр

Г.Занданшатарын ангийнхны гай ба гавьяа

Хамгийн их дуулиан, шуугиантай парламент отгон хаврын чуулганаа нээлээ. Парламентын түүхэнд энэ удаагийн УИХ-д хэд хэдэн гишүүнийг нь түдгэлзүүлэх хүсэлт прокурорын байгууллагаас хүргүүлж байсан ч заримыг нь цээжээрээ хамгаалаад үлдсэн, нөгөө хэсгийг нь чөлөөлсөн гэж тэмдэглэгдэж үлдэх биз. “Энэ хошууны булайг дэлгэвэл далай” гэдэг шиг Г.Занданшатартын удирдсан парламентаас ЖДҮХС, ХЭДС зэрэг сангуудын хөрөнгийг цөлмөсөн, хүчингийн хэрэгт ял авсан, хүний амь нас хохирсон хэрэгт холбогдсон, бага хүүтэй сангуудын зээлийг албан тушаалтнуудад олгох шийдвэр гаргасан, банкаа дампууруулж татвар төлөгчдийн мөнгийг хэрхсэн нь тодорхойгүй байдал бий болгосон гишүүн хэд хэдээрээ гарав.

Эдгээрээс гишүүний халдашгүй бүрэн эрх, ямбаасаа түдгэлзсэн хоёр гишүүн бий. Үүнээс гадна таван ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагаас хүсэлт хүргүүлсэн ч парламент хүлээж аваагүй юм. Үүнээс улбаалж, УИХ-ын нэр хүнд нийгэмд навс унав. Хууль тогтоох үүрэгтэй гишүүд худалч, хулгайч гэж баалуулж, олон нийтийн сүлжээнд цоллуулж байна.
Баталсан хуулиа чанд мөрдөж байж, ард түмэнд үлгэрлэх ёстой түшээд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан төрийн мөнгийг төрөл төрөгсдөдөө тендер нэрээр өгч байгаа нь олон нийтийг бухимдуулж, өнгөрсөн 30 жилийн алдаа, оноо ажил үүрч яваагаар нь энэ удаагийн парламентад хаяглагдаж байна.

ҮНДСЭН ХУУЛЬД “ГАР ХҮРЧ” ЧАДЛАА

Нэг намын 65 хүний төлөөлөл гэдэг нэг чигт зангидагдаж чаддагийн тод илрэл “эцэг” хуулийн өөрчлөлт байв. Гурван парламент дамнасан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийснээрээ Г.Занданшатарын удирдсан УИХ түүхэнд тэмдэглэгдэж үлдэнэ. 2000 онд “эцэг” хуульд оруулсан дордуулсан гэх долоон өөрчлөлтийн ихэнхийг нь зассан гэж байгаа ч агуулга бус хэлбэр төдий өөрчлөлт ч бий. Тийм байлаа ч, “давхар дээл”-ийг тодорхой хэмжээнд тайлуулж, 20 гишүүн сууж байгаад хууль баталдаг явдлыг 50 болгоогүй ч 39 гишүүний босго тогтоосон.

Улсын төсвийг дураараа задалж, гишүүд тойрогтоо ахиу төсөв хуваарилуулах гэж улайрдаг байдалд нэг талаараа цэг хатгасан. Мөн шүүх эрх мэдэл, Ерөнхийлөгчтэй холбоотой зохих заалтууд орсноороо “эцэг” хуулийн өөрчлөлт өмнөхөөсөө дээрдсэн. Гэхдээ хуулийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж байж, хийдэл, зөрчил нь харагддаг. Шинэ Үндсэн хууль ирэх сарын 25-наас хэрэгжиж эхлэхээр алдаа, оноо нь мэдэгдэнэ.

Нөгөө талдаа, хууль тогтоох эрх мэдэлтэй 65 хүн гэдэг бүлэг дотроо хүчтэй сөрөг хүчин үүсэж болохын томруун жишээ ч болов. 2000-2004 онд МАН парламентад үнэмлэхүй олонх буюу 72 суудал авахдаа байгуулсан Засгийн газраа дөрвөн жил тогтвортой ажиллуулж байв. Харин 16 жилийн дараа дахин үнэмлэхүй ялалт байгуулчихаад, бүлэг дотроо талцаж, байгуулсан Засгийн газраа унагасан нь мөн л энэ удаагийн парламентад хаяглагдана.

ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ХОЁР ЧУХАЛ ХУУЛЬ

Дэлхий нийтийг түгшээсэн цар тахалд улс орнууд бүсээ чангалж, хариуцлагатай байж, ард иргэдээ ядуурал руу хөтлөхгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх, аж ахуйн нэгжүүдийг дэмжихээс эхлээд хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг тасалдуулахгүй байхад чиглэсэн олон арга хэмжээ авч байна. Манайх үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон учраас энэ цар тахлын үед эдийн засгийн оновчтой арга хэмжээ авч, хүн амын 1/3 нь ядуу байгаа энэ үед дундаж давхаргаа тэтгэх бодлого явуулах нь юу юунаас илүү чухал байгаа.

Энэ асуудлыг УИХ-ын холбогдох Байнгын хороодоос дөрвөн ажлын хэсэг гарч, судлан Засгийн газарт чиглэл өгснөөр гүйцэтгэх засаглал цогц арга хэмжээ авч, эдийн засгийг дэмжих таван их наядын багц төлөвлөгөө, холбогдох хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Уг асуудлыг нэн яаралтай горимоор энэ долоо хоногт хэлэлцэн батлахаар төлөвлөж буй. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хэвээр хадгалж үлдэх, иргэд ажилгүй, орлогогүй болохоос сэргийлэх чухал арга хэмжээ учир хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал болж байна.

Г.Занданшатарын ангийнхан өнгөрсөн арваннэгдүгээр сард “эцэг” хуулийн өөрчлөлтийг баталсан ч түүнийг дагалдан гарах хуулиудыг баталж байж, тавдугаар сарын 25-наас хэрэгжих шинэ Үндсэн хууль “амь” орох юм. Тиймээс энэ удаагийн парламент отгон хаврын чуулганаараа ямар хуулиуд батлах талаар спикер Г.Занданшатар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн бусад эрхүүд хязгаарлагдсан. Тиймээс шинэчлэн батлах УИХ-ын тухай хуулиар гишүүд иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэгч, зөвхөн хууль тогтоогч болно. Шүүхийг хараат бус, шүүгчдийг шударга болгоход чиглэсэн Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулга “Шүүхийг ярьдаг хууль, хуулийг ярьдаг шүүх” болгоно гэдэгт итгэж байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай болон холбогдох бусад хуулиар төвлөрөл саарч, аймаг сумын эрх, үүрэг нэмэгдэж, Монгол Улсад хот, хөдөө тэгш хөгжих боломжийг бүрдүүлнэ” гэлээ.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийн үзэл санаатай нийцүүлж сонгуульд олонх болсон намын дарга нь Ерөнхий сайдаар томилогдохоор Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгасан. Үүгээр Үндсэн хуулийн 3.1-д заасанчлан ард түмэн гүйцэтгэх засаглалын тэргүүнээ дам сонгох эрх эдлэх юм. УИХ-ын сонгуулийн агуулга өргөжиж, гүйцэтгэх Засгийн тэргүүнээ зарлаж, ил тод өрсөлдөх замаар ард иргэд Засгийн газрын тэргүүнээ гишүүдээр дамжуулж, шууд бусаар сонгоно.

15 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ АМЖИХГҮЙ

Хэдийгээр хаврын чуулганаар 15 асуудал хэлэлцэх тов гарсан ч ирэх сарын 20 хүртэл хуралдах чиг байгаа учир эдгээрийг бүгдийг нь хэлэлцэж амжихгүй. Эдийн засгийг тэтгэх арга хэмжээнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой хуулиуд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахаар байна.

Үүний завсар улс орны эрх ашгийг дордуулан, нэг гараараа шударга ёс ярьж, нөгөө гараараа төрөөс “хулгайлах” хуулийг хаврын чуулганы төгсгөлд батлахгүй байх нь чухал байна. Учир нь, 2012-2016 оны парламентын төгсгөлд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь тус үйлдвэрийг өөрийнх нь мөнгөөр худалдаж авсан гэх мэдээллийг эрх баригчид өгч байсан. Эндээс үүдээд, хоёр талын маргаан өнөө хэр шийдэгдээгүй байгааг сануулж, иргэдийн дунд муу нэр, луу данстай явааг дурдах нь илүүц биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн