Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл ээлжит бусаар хуралдаж 10 хувь байсан бодлогын хүүг нэг пунктээр бууруулж, 9 болгосон нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах хангалттай арга зам биш. Учир нь, экспорт хумигдсан, коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоосноос үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжсэн аж ахуйн нэгж, иргэд орлогын эх үүсвэргүй болж байна. Энэ нь эргээд зээлээ төлөх чадваргүй болгож, мөнгөний бодлогын хүүг бууруулсан нь тийм ч их үр дүнгээ өгөхгүй. Тодорхой хэмжээнд нөлөө үзүүллээ гэхэд хангалттай түвшинд биш. Дээрээс нь мөнгөний бодлогын нөлөө одоо биш, хагас жилийн дараа мэдрэгддэг гэдгийг зарим эдийн засагч, судлаач хэлж байна.
Хэдийгээр дэлхийн улс орнууд COVID-19-өөс үүдэлтэй хохирлыг даван туулахын тулд бодлогын хүүгээ бууруулж байгаа ч манай улс хоёр их наяд төгрөгийн алдагдалтай баталсан төсвөө тодотгохгүйгээр дан ганц бодлогын хүүг бууруулснаар галыг намжааж чадахгүй. Манайх бодлогын хүүг бууруулахтай уялдуулан заавал байлгах нөөцийн хэмжээг бууруулж, зээл олголтыг эрчимжүүлнэ гэж мэдэгдээд буй юм. Гэтэл манайх гадаад зах зээлээс бүрдэх төсвийн орлого хумигдсан байхад зарлагаа өндөр хэвээр байлгаж буй. Нэг ёсондоо, төсөвт тодотгол хийхгүйгээр 13.9 их наяд төгрөгийн зардлыг хэвээр байлгавал орлого хумигдаж таарна. Товчхондоо, энэ онд олох ёстой 11.8 их наяд төгрөгийн орлогоо олж чадахгүй, 2-3 их наядаар буурахад дагаад зардлаа танахгүй бол төсвийн алдагдал улам бүр нэмэгдэнэ.
Дээрээс нь бодлогын хүүг өөрчлөх үед иргэдийн гар дээр байгаа мөнгийг нэмэгдүүлж болох ч үйлдвэрлэлийг эрчимжүүлж, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлж чадахгүй. Тэгэхээр бодлогын хүү гэдэг улсын төсвийн нөгөө тал гэсэн үг.
Бизнес эрхлэгчдийг, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зүйл нь төсвийн бодлого болж таарч байна. Эдийн засагч, судлаачид төсөвт тодотгол хийхээс өөр гарцгүй гэдгийг дуу нэгтэйгээр хүлээж зөвшөөрч байгаа юм. Тухайлбал, энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр “Сонгуулиас өмнө тавдугаар сард төсөвт тодотгол хийх ёстой. Төсвийн орлогоо дор хаяж хоёр их наяд, зарлагаа мөн хоёр их наядаар танаж чадвал арай эрүүл төсөвтэйгөөр оноо үднэ. Энэ жил маш олон барилга барихаар төлөвлөсөн. Тэдгээр барилгын тендер зарлагдаад ажил нь эхэлнэ. Тендерт ялсан компани ажлаа хийхийн тулд банкнаас зээл авна. Барилгынхаа шавыг тавина. Гэтэл оны сүүлээр төсвийн орлого дутаад, өнөө барилгаа санхүүжүүлэхээ зогсооно. Тэгэхээр нэгдүгээрт, тэр ажил явахгүй гацна. Хоёрдугаарт, тэр барилгын төслийг тендерт ялж, хэрэгжүүлж эхэлсэн компани банкны зээлийн өрөө төлж чадахгүй. Зээлийн хүүндээ шатаж эхэлнэ. Үүнийг дагаад арилжааны банкны чанаргүй зээлийн хувь өснө. Тийм учраас төсөвтөө яаралтай тодотгол хийж, үр ашиггүй, шинээр эхлэх гэж байгаа барилгуудыг зогсоох хэрэгтэй” гэсэн.
Энэ оны нэгдүгээр сарын байдлаар жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд дөрвөн их наяд төгрөгийн зээл олгожээ. Иргэдэд олгосон зээлийг харахад 38.1 хувийг ипотекийн, 25.5 хувийг цалингийн, 13.8 хувийг жижиг дунд үйлдвэрийн, 10.8 хувийг хэрэглээний, 6.2 хувийг тэтгэврийн, 5.6 хувийг бусад зээл эзэлж байгаа аж. Эдгээр зээлийн 76.4 хувийг арилжааны банкуудаас олгожээ. Гэхдээ эргэн төлөлт төдийлөн сайн биш. Энэ нь шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах болон иргэдийг олон нийтийн газраар явахгүй байхыг уриалсантай холбоотойгоор дотоодын худалдаа, үйлчилгээ болон бусад салбарын орлого буурсантай холбоотой.
Ерөөс хөл хорио өрхийн үйлдвэрлэгчээс томоохон аж ахуйн нэгжид хүртэл нөлөөлж эхэлжээ. Үндэсний статистикийн хорооноос зээлийн эргэн төлөлтийн өнгөрсөн сарын дүнг нэгтгэсэн тайланд арилжааны банкуудаас иргэдэд олгосон зээлийн эргэн төлөлт 725.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарын мөн үеэс 121.2 тэрбумаар буурсан дүн мэдээ ч байна.
Манай улсад коронавирусийн анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан долоо хоног хүнс, ахуйн худалдаанаас бусад үйлчилгээний газрыг хаасан. Үүгээр зөвхөн нийслэлийн хэмжээнд 4728 аж ахуйн нэгж түр зогссон гэдгийг Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байсан. Үүний цаана олон бизнес, олон хүний цалин бий. Үйлчилгээний байгууллагуудын энэ тэг зогсолт нь иргэдийн амьдралд бодитоор сөргөөр нөлөөлж эхэлснийг статистикийн тоо баримтууд ч хэлж байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг, үүнээс тусламж нь 1.4 их наяд төгрөг болж, нийт орлогын 93.5 хувийг эзэлж байна. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсөв ийн алдагдалтай гарахад урсгал болон хөрөнгийн зардал өмнөхөөсөө 2.6 дахин өссөнтэй холбоотой аж. Төсвийн орлогын 86 хувь татварын орлогоос бүрддэг. Гэтэл энэ оны хоёрдугаар сард татварын орлого 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 76.2 тэрбум төгрөгөөр буурчээ. Нэг ёсондоо, орлого тасарсан гэсэн үг. Үүнд НӨАТ 25.8, бусад татвар, хураамжийн орлого 23.6, онцгой албан татвар 12.8 хувиар буурсан нь нөлөөлсөн байна.
Эдийн засгийн хүндрэлээс гарах гарцыг улс орон бүр эрэлхийлж буй. Гэхдээ хүндрэлийг намжаах гол гарц нь төсөв, мөнгөний бодлогоо уялдуулах явдал юм. Тэгэхээр дээр хэлсэнчлэн дан ганц мөнгөний бодлогын хүүг бууруулах бус, төсөвтөө дорвитой арга хэмжээ авах нь манай улсын хувьд аж ахуйн нэгжүүддээ, иргэдэдээ хал бал багатайгаар бэрхшээлийг давахн туулах арга байх нь ээ.