Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Тус хурлаар бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон карантины хугацааг сунгаж, есдүгээр сарын 1-нд хичээллүүлэх Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, шийдвэр гаргажээ.
-БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: УОК-ын хуралдаанаас бүх шатны боловсролын байгууллагын карантины хугацааг сунгаж, есдүгээр сарын 1-нд хичээллүүлэх шийдвэрийг гаргалаа. Ерөнхий боловсролын сургуулиудын цахим хичээл зургадугаар сарын 1 хүртэл үргэлжлээд, амарна.
Хавар болдог нэгдүгээр анги, цэцэрлэгийн бүртгэл зэргийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Төсвийн мөнгийг хэмнэх зорилгоор цэцэрлэг сургуулийн халаалтын мөнгийг дөрөвдүгээр сарын 15-аас зогсооно. ЭЕШ долдугаар сарын 2-15 хүртэл явагдаад, элсэлтийн хугацаа 8,9-нд явагдах хэвээрээ байгаа. Монгол хэл бичгийн шалгалт авдаг Ерөнхийлөгчийн зарлигтай. Гэхдээ энэ жил энэхүү шалгалтыг авахгүй байхаар болсон. Мөн едүгээр анги төгсөж буй хүүхдүүдийг улаан шугамаар хязгаарлахгүй. Өөрсдөө хүссэн чиглэлээ сонгох боломжийг олгоно.
Хувийн сургуулиудын төлбөрийг өндөр, дунд, бага төлбөртэй гэж ялгаж байгаа. Манай яамнаас ярилцаад хувийн төлбөртэй сургуулиуд теле хичээлээ явуулж байгаа эсэхийг судалсан. Төлбөрөө бүрэн авсан сургууль цөөхөн байна. Маш өндөр төлбөр авсан сургуулиуд эцэг, эхчүүдтэй ярилцаж, санал авч байгаа юм билээ. Тиймээс гэрээнийхээ дагуу дотооддоо төлбөрөө хөнгөлөх эсэхээ ярих хэрэгтэй гэж үзсэн.
Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар боловсролын үнэлгээний төвд 28 мянга гаруй хүүхдэд ЭЕШ-д бүртгүүлсэн байна. Цахимаар бүртгүүлж байгаа учраас ямар нэгэн хүндрэл учрахгүй байна. Тэгэхээр асуудал эрс нэмэгдэхгүй бол ЭЕШ-ыг хугацаанд нь явуулна. Танхимаар хүүхдүүд давтлага авах сонирхолтой байгаа ч одоогоор давтлага өгөхгүй. Нөхцөл байдал гайгүй бол тав, зургадугаар сараас давтлага өгөх эсэхийг ярина гэлээ.