Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гарсан. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Одоогоор нийгмийн даатгалын сан бүр 0 заачихаагүй, 1.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тэтгэврийн даатгалын санд 300 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Нийтдээ 38 мянган ажил олгогч, 426 мянган даатгуулагчийн төлөх НДШ-ийг зургаан сарын хугацаанд тэглэх болсон. Нийтдээ 800 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл тэглэгдэнэ. Ажил олгогч ажилтнаа халахгүй, чөлөөлөхгүй, цомхотгохгүй байх нөгөө талаасаа ажилтны орлогыг хамгаалах бодлого юм. Тэглэлтэд ажил олгогчид, ААН-үүдийг хамруулсан. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй 180 мянган иргэн хамаарах эсэхийг судлаж байгаа” гэв.
Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр уг шийдвэрт нийгмийн даатгалын шимтгэл хувиараа төлдөг иргэд ч хамаарах боломжтойг мэдэгдлээ.
Тэрээр “Хувиараа нийгмийн даатгал төлдөг иргэд мөн адил 4 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл нийгмийн даатгал төлөхгүй. Тасарснаар тооцохгүй гэсэн үг шүү” хэмээн цахим хуудастаа нийтэлсэн байна.