Г.Занданшатарын ангийнхны отгон хаврын чуулган хуулийн дагуу энэ сарын 6-нд эхэлнэ. Коронавирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар УИХ-ын дарга Г.Занданшатар шийдвэр гаргасан. Цахимаар хуралдах бэлтгэлийг хангах ажил УИХ-ын Тамгын газарт өрнөж эхэлжээ.
Одоогоор чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна.
2020 он сонгуулийн жил учраас хаврын ээлжит чуулганы хуралдах хугацаанд өөрчлөлт орох буюу нийт хугацааныхаа тал хувьд хуралдахаар болж буй. Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Ирэх тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөнө. Тиймээс энэ хаврын чуулганаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын тухай болон Засгийн газрын тухай хуулиа батлах ёстой. Ээлжит сонгууль болохоос өмнө бид энэ хуулиудаа Үндсэн хуульдаа нийцүүлэн баталж байж, сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ, Засгийн газар үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжтай болно. Ийм байдлаар нэн шаардлагатай хуулиудаа батлаад, хаврын чуулган завсарлахаар байна. Энэ нь мэдээж ээлжит сонгуультай холбоотой. Хаврын чуулганыг ирэх сарын 6-нд нээх ч хаах цаад хугацаа тавдугаар сарын 20 байх болов уу. Өөрөөр хэлбэл, бүтэн гурван сар хуралдах боломжгүй буюу 40-45 орчим хоног хуралдахаар байна” хэмээсэн.
Хэдийгээр хаврын чуулганаар 17 асуудал хэлэлцэхээр УИХ-ын даргын захирамж гарсан ч бүгдийг нь хэлэлцэж амжихгүй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг “амь” оруулахад дагалдан гарах хуулиудаа батална гэсэн үг. Засгийн газар ирэх сарын 25-нд хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр чадамжгүй болно гэх яриа өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэгвэл УИХ дагаж мөрдөх хуулиуддаа хаврын чуулганы эхэнд өөрчлөлт оруулснаар энэ асуудал шийдэгдэхээр болсон билээ.
Үүнээс гадна хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх хууль, тогтоолын төслийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шийдвэрлэх юм.