Хамгийн их улс төрждөг, талцаж, намчирхдаг улс орнуудын дээгүүрт манайх зүй ёсоор бичигдэнэ. Улс төржиж талцсанаараа өнгөрсөн 30 жилд юу хожив, таны, миний амьдрал ахуйд яаж нөлөөлөв гэхээр яг таг хэлэх хариулт бидэнд олддоггүй. Тэгсэн хэр нь улс төржиж, сонгуулийн дараа амьдрал үргэлжлэхгүй юм шиг санаж, сэтгэж талцахыг нь яана. Бид сониноороо дамжуулан ард иргэдэд мэдээлэл өгөх үүргийнхээ хүрээнд намуудын нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг тойрог бүрээн цувралаар хүргэж эхэлсэн. Энэ удаа УИХ-ын II тойрог буюу Баян-Өлгий аймагт нэр дэвшиж буй хүмүүсийг онцолж байна.
ХАР ТОЛГОЙГООРОО ХАРИУЦНА ГЭЭД АЖИЛ УРАГШЛУУЛДАГГҮЙ Х.БАДЕЛХАН
Тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж бүрэн эрхээ дуусгаж буй хүн. Ийн гурав дахь удаагаа Баян-Өлгийчүүдийг төлөөлөхөөр намын даргаасаа мандатаа авсан ч казак түмнийг талцуулсан “хэрэгт” унаад буй. Учир нь, эмэгтэйчүүдийн квотоор ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Баян-Өлгийд нэр дэвших гэж байсан ч эцсийн бүлэгт “жийгдэж” Х.Баделхан өөрийн хамаарал бүхий хүмүүсээ оруулж ирэв.
Энэ талаар Ж.Сауле “Бүх нэр дэвшигчдэд амжилт хүсьe. Намайг дэмжиж, ирэх байх гэж харж суусан нутгийн зон олонд баярлалаа. “Бадeлхан байхад улс төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй” гэсэн та бүхний үг үнэн байсныг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шударга ёсны төлөө тэмцээд барсангүй. Заалнаас нэр дэвшсэн, тооллогын комисст Аскараа оруулав. Манай намаас Бадeлхан, түүний нэг омгийн дүү Галимхан, Бадeлханы эгчийн хүү (Солтан гишүүний төрсөн ахын хүү. 2016 онд Солтан миний эмэгтэй квотыг авч нэр дэвшсэн) Аубакир нар нэр дэвшлээ” хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.
Казах түмний төлөөлөл дотроо ийн талцал, маргаантай ирэх сонгуульд оролцож байна. Өмнөх сонгуулиар ч Ж.Сауле нэр дэвшихээр Баян-Өлгийг “тойглож” байсан ч эцсийн мөчид мөн л намынхаа ах нарт өвдөг шороодож байв. Улс төрийн тоглолт, талцал аль ч тойрогт байгаагийн ганц тод жишээ энэ.
Х.Баделхан УИХ-д сонгогдоод сул гишүүнээс сайд болсон зайтай эр. Казах түмний төлөөлөл болж, 20 гаруй жилийн дараа энэ ард түмнээс Засгийн газрын гишүүн болж буй нь тэр. Гэвч тэр Барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан хоёр жил гаруйн хугацаандаа дорвитой ажил хийлгүй байсаар бүрэн эрхээ дуусгаж байна. Цэвэрлэх байгууламжаа ч шинээр барьчихаж чадахгүй түүний хар гайгаар нийслэлчүүд зуныг хамар нэвт цоргисон өмхий үнэртэй агаараар амьсгалж өнгөрөөх нь.
Шинэ цэвэрлэх байгууламжтай болгон гэж Ерөнхий сайд хэлж, энэ ажлыг Х.Баделхан сайд “Хар толгойгоороо хариуцна” гэж байсан ч тэр хар толгойгоороо хариуцах манатай л явна. Сонгууль дөхөөд дахин сонгогдож, төрийн түшээ, сайдын зөөлөн сэнтийд залрах гээд чөлөө, завгүй таваргаж яваа аж. Мөн тэр албан тушаал голдоггүй нэгэн. Өнгөрсөн парламентын үед МАН сөрөг хүчин байхад гишүүнийхээ албанаас буучихаад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд зөвлөх хийж байсан. Хаана албан тушаал, сул орон тоо гарна, тийш зүтгэж байдаг нэгэн.
Мөн Баян-Өлгийд МАН-аас Т.Аубакир дэвшиж буй. Тэрбээр ХХААХҮ-ийн дэд сайдад өмнө нь яригдаж байсан ч АТГ-т шалгагдаж байгаа гэх шалтгаанаар шаардлага хангаагүй юм. Түүнийг чанаргүй үрийн буудай оруулж ирсэн гэх асуудлаар хууль, хүчний байгууллагууд шалгаж байсан билээ. Монголд бус ихэвчлэн Казахстанд амьдардаг гэх мэдээлэл ч бий. Тэрбээр “Тариан цацал” компанийн ТУЗ-ийн даргын алба хашдаг нэгэн юм. Харин А.Галимхан бол өдгөө Баян-Өлгий аймгийн Засаг дарга. Д.Баделхантай ах, дүү учраас хууль тогтоох байгууллагын гишүүнд нэр дэвших квот авахад ногоон гэрлээр авсан гэхэд болно. Нам дотроо танигдаагүй ч Баян-Өлгийгөөс МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Аймгийн Засаг дарга нь өнгөрсөн дөрвөн жилд хэр ажилласан дүнг одоо ч өлгийчүүд тавих нь ээ.
МУУ НЭРТЭЙ ЛУУ ДАНСТАЙ Д.МУРАТ
Тэр муу бүхний жишээ болчихлоо. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр хууль хяналтын байгууллагаас нэрийг нь оруулж ирсэн ч энэ удаагийн парламент цээжээрээ хамгаалаад үлдсэн. Дорвитой мэдлэг гээд байх зүйлгүй, бизнесийн салбараас улс төрд орж ирсэн тэрбээр хууль тогтоох байгууллагад сул гишүүн байсаар бүрэн эрхээ дуусгаж байна. Нөгөө талаар парламентын түүхэнд муу нэртэй үлдээж, буруу жишиг тогтоов.
УИХ-ын чуулганы хуралдаанд барагтай дуугардаггүй, “хэлгүй” гишүүдийн нэг. Түүний санаачилж, автор нь болсон хууль бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Маш цөөхөн хууль, тогтоолын төсөлд нэрээ оруулсан төдийхнөөр ажиллаж, чимээгүй байсан нь энэ удаагийн УИХ-д баян-өлгийчүүдийн төлөөлөл болж чадаагүйд хангалтгүй ажилласан гэх гуншин зүүхэд хүргэв. Гэсэн ч тэрбээр намын даргаасаа нэр дэвших квотоо авчихаад буй. Түүнийг энэ удаа УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж байсан ч С.Эрдэнэтэй хөшигний ард тохирч, гар барилцсан учраас ийн ногоон гэрлээр орж ирээ биз ээ.
Ямар ч байсан АН Д.Мурайтыг А.Бакейгээс илүү гэж үзсэн нь тун хачирхалтай, гайхмаар сонголт байв. А.Бакей бол УИХ-ын гишүүнээр хэдэнтээ сонгогдож, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Д.Муратыг бодоход мэдлэг боловсролоороо хол илүү хүн. Гавьяат эдийн засагч, доктор А.Бакей өнгөрсөн парламентын үед хууль тогтоох байгууллагын хамгийн чухал Байнгын хороог төвөггүй толгойлж, гишүүдийн ая эвийг ч олчихдог байсан. Тэрбээр өнгөрсөн сонгуульд өвдөг шороодсон ч энэ удаа намаасаа квот авчих болов уу гэсэн хүлээлт баян-өлгийчүүдэд байсан. Гэвч С.Эрдэнэ түүнийг тойргийн гадна үлдээж, Д.Мурат, Б.Бейсен, Р.Гажайв нарыг сойсон нь МАН-ынхантай ханцуйн дотроо “наймаалцсан” байх гэх хар төрүүлж байна.
Б.Бейсений хувьд саяхан хүний гавьяат эмч болсон. Аймгийнхаа Мэс заслын тасгийн зөвлөх эмчээр ажилладаг нэгэн аж. Харин Р.Гажайвын хувьд барилгын инженер мэргэжилтэй.
Казах түмний төлөөлөл Баян-Өлгийд хоёр том намаас гадна бусад нам эвслээс хүмүүс нэр дэвшиж байгаа. Энэ аймагт сүүлийн жилүүдэд дандаа МАН ялж байсан бол 2012-2016 онд А.Бакей АН-аас нэр дэвшиж, сонгогдож байсан юм. Мандатын өнгө хувирах эсэх өлгийчүүдийн сонголтоос хамаарах нь ээ.