ОнцлохЯрилцлага

Д.Энхболд: Миний үнэт зүйл миний уран бүтээл

Үзэл бодол, итгэл үнэмшилдээ тэр үнэнч амьдарчээ. Нуурын эрэг дээр өвсөн овоохойд ямар ч ажил хийлгүй бодлоо хураан гурван сар амьдрахдаа тэрбээр амьдрал, уран бүтээлийнхээ төлөвлөгөөг гаргаж, түүнийхээ яг тэг дунд нь яваагаа, хүний сэтгэлгээ хэр хурдан тэлнэ тэр хэрээр амьдралыг үзэх үзэл, хандлага өөрчлөгддөг тухай ярьсан түүнийг Д.Энхболд гэдэг. Геологийн инженерээс сэтгүүлзүй, утга зохиол руу “урвасан” түүнийг “Паанан”, “Буйлс дахин цэцэглэнэ” туужаар нь  уншигчид, Монголын радио, телевизэд хийсэн нийтлэл, нэвтрүүлгээр нь үзэгчид таних биз ээ.

-Та радио, телевизийн маш олон нийтлэл, нэвтрүүлэг хийсэн. Үүнийхээ хажуугаар өгүүллэг, тууж, баримтат болон телевизийн олон ангит киноны нэлээд зохиол бичжээ. Сонинд хамгийн анхны хэвлүүлсэн зүйл тань юу байв?
-Энэ их сонин. Үүнийг ярихаар миний бага настай холбогдоно. Аав, ээж хоёр маань оюутан учраас би өвөө, эмээ дээрээ, говьд өссөн. Миний өвөө хийдэд шавилж байсан, нэрийн номтой лам  байв. Өвөө маань надад үлгэр, тууль ярина. Сүүлд харахад, Панчантара, Ганжуур, Данжуур байсан юм билээ. Би өвөөгийн амин хүүхэд байсан, нэг бол өвөрт нь үгүй бол тэмээн дээр хамт явна. Эмээ маань ч ялгаагүй үлгэр, домог бас их ярина. Дээрээс нь манай аав оюутан мөртлөө амьдрахын тулд сонин, сэтгүүлд мэдээ, сурвалжилга, нийтлэл, найруулал, тэмдэглэл бичдэг байсан. Энэ талаасаа надад зохиол, бүтээл бичих өгөгдөл байсан юм болов уу. Би гуравдугаар ангид байхдаа аймгийнхаа “Говийн мэдээ” сонинд “Усны Ойдов” гэдэг гарчигтай мэдээ бичиж, нийтлүүлээд, гурван төгрөг 76 мөнгөөр шагнуулж байсан. Энэ бол миний хамгийн анхны уран бүтээл (инээв). Тэр үед манай аав сонин хэвлэлд идэвхтэн бичигч байсан. Аавын нөлөө байсан биз. Одоо аав маань 90 нас хүрч байна.

-Усны Ойдов гуай нь  мэдээг тань уншаад юу гэж байх юм. Сонин намтартай хүн юм уу?
-Манай суманд зан ааль сайтай, ажилсаг, өгөөмөр Ойдов гэж хүн байсан. Амьдрал ахуй нь сайнгүй ч хүнд өнгөтэй, өөдтэйгөө барьдаг тийм  хүн л дээ. Сониноо Ойдов гуайд өгөхөөс ичээд, дэлгүүрт ороод хүмүүс уншсан болов уу гэж бодож, хэсэг зогсож байгаад тоохгүй болохоор нь гараад явчихсан. Харин сүүлд Ойдов гуай намайг өөрийнх нь тухай сонинд бичсэнийг мэдсэн байна лээ. Тэр өдөр бүр усны гантай тэмээн тэрэг хөтлөөд явдаг. Айлууд гэрийнхээ гадаа лаазаа гаргаж тавиад, түүнд нь ус хийгээд явдаг ажил л даа. Нэг өдөр Ойдов гуай миний духан дээр үнсээд, “Лааз, бидоноо бүү гаргаж тавьж байгаарай. Ах нь гэрт нь ороод ус хийгээд тавьчихаж байя” гэсэн. Энэ бол говийн айлд том арын хаалга шүү дээ.

-10 настай хүү сонинд анхны мэдээгээ хэвлүүлээд гурван төгрөг 75 мөнгөөр шагнуулсан ньцаашид зохиол, бүтээл туурвихад тань нөлөө болсон байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Урамшаад маш олон удаа мэдээ бичсэн. Бүр бичлэгийн шагнал гэж 13-14 төгрөг хүртэл дунд сургуулийн сурагч байхдаа авч байлаа. Молоко хоёр төгрөг байсан үе. Тэр үед яаж барна даа гэж бодно. Ихэвчлэн өөрөө тансаглачихна шүү дээ. Намайг наймдугаар анги төгсөх жил манайх Улаанбаатар руу шилжсэн. Ингээд дунд сургуулиа нийслэлийн XII сургуулийг дүүргээд, геологийн инженер мэргэжлээр Их сургуульд дөрвөн жил сурсан.

-Та мэргэжлийн сэтгүүлч биш хэрэг үү. Атал та МҮОНРТ-д 20 орчим жил ажилласан юм билээ. Уран бүтээл, сэтгүүлзүйтэй таны амьдрал яаж холбогдсон юм бэ?
-Манай аав малын эмч, ээж маань багш. Тэр хоёр намайг малын эмч болгох гэж нэлээд хүчилсэн. Би автын инженер болох сонирхолтой конкурсдаад, оноо хүрээгүй. Тэгээд 0101 гэсэн кодтой хуваарь байхаар нь шалгалтын комиссын нарийн бичгийн даргаас асуутал “Маш гоё мэргэжил, зураг зураад гадаад, дотоодоор явдаг” гэлээ. Гадаад гэдэг нь сонин сонсогдоод, тэр хуваарийг авчихсан юм. Тэр нь геологийн зураглалын инженерийн анги байж таарсан. Сургуулиа төгсөөд Чойрт мэргэжлээрээ нэлээд жил ажилласан. Ингээд ажиллаж  байтал “Радио, телевизийн улсын хороонд инженер мэргэжилтэй, сэтгүүлч авна” гэсэн зар гарсан. Тэр бол 1987 он. Энэ шалгалтад ирж ороод, тэнцээд сэтгүүлзүйн салбартай амьдралаа холбосоор өнөөдрийг хүрчээ.

-Геологи хайгуул хийж явахдаа та олон өгүүллэг, тууж бичсэн байна шүү дээ. Хүний өгөгдөл, бичих дадал ямар ч ажил хийж байсан мартагддаггүй бололтой. Геологич хүн Радио, телевизийн улсын хороонд сэтгүүлчээр ажилд орохоор болоход айж сандарч байв уу? 
-Би эхлээд радиогийн үйлдвэрлэлийн редакцад ажилласан. Үүнээс өмнө Монголын зохиолчдын эвлэлийн дэргэд хоёр жилийн курст суусан юм. Яруу найргийнхныг нь Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, үргэлжилсэн үгийнхийг нь Д.Гармаа гуай эрхэлж явуулж байсан. Нэг ёсондоо Горькийн утга зохиолын дээд сургуультай адилтгаж, тийм курс явуулж, бид ажлынхаа хажуугаар бичих дадалтай болж байв. Энэ курст явж байхдаа би “Соёо” гээд тууж бичсэнээ уншдаг юм. Тэгтэл Д.Гармаа гуай “Чи юу хийгээд яваад байгаа хүн бэ. Чи Монголын радиод ор. Ажилд шалгаруулж авах зар гарсан байна” гэсэн. Ингээд л радиод шалгуулж байгаа нь тэр. Мэдээлэл радиогийн улсын хороо гэдэг сүрдмээр том байгууллага. Тухайн үед хэдхэн том хороо байсны нэг. Энэ хороонд ажилд орж байгаа ч би бичих дадлаа орхиогүй байсан учраас айж, сүрдээгүй. Радиод дандаа нэртэй яруу найрагч, зохиолчид ажиллана. Тийм ч утгаараа зохиолдчын бага хороо гэнэ. Радиод би 1987-1996 он хүртэл ажиллаад Монгол телевиз рүү шилжсэн.

-Радиод та ямар нэвтрүүлэг хийж байв. Монголын радиод бүх зүйл цаг, минутаар хэмжигддэг, хагас цэрэгжилтийн байдалд байдаг газар шүү дээ. Энэ он жилүүдийг би таны уран бүтээлийн оргил үе байжээ гэж хардаг? 
-Яг үнэн. Маш олон нэвтрүүлэг хийсэн. Улсын их баяр наадмын шууд дамжуулалтын нэвтрүүлгийн зохиол бичнэ. Шууд нэвтрүүлэг 3-4 цаг. Энэ нэвтрүүлгийн сценарыг бичихэд 100 гаруй хуудастай зохиолын хэмжээнд очдог. Үүнийг бичихийн тулд бүх ажлаас нэг сар чөлөөлөгдөнө. Цагаан сарын, Майн баярын нэвтрүүлгийн зохиол нэлээд бичсэн. Манай Үйлдвэрлэлийн редакц Хөдөө аж ахуйнхтай нийлээд 20-оод уран бүтээлчтэй “Шинэ Эрин” радио болсон. Ингээд нэгдчихээр ажил үүргийн хуваарь өөрчлөгдөж байгаа юм. Би жишээ нь, аж үйлдвэрийн талын нэвтрүүлэг хийдэг байсан бол сүүлдээ үйлдвэрийг хөдөө аж ахуйтай яаж холбох вэ гэдэгт чиглэж, “Малчин”, “Таван эрдэнэ” нэвтрүүлэг хийж эхэлсэн. Заримдаа намрын ургац хураалт сурвалжилна. Манайд “Цагаан шугам-ногоон гэрэл” гэж нэвтрүүлэг байсан. Орон нутаг ажиллаж, ургац тээвэрлэлт, зам харилцаа ямар байна гээд бүх сэдвээр сурвалжилна. Уншигдах хэлбэрээр биш хүмүүс чихээр нь дамжуулж, тархи, зүрхэнд нь хүрэхээр нэвтрүүлгээ “урла” гэдэг байсан. Бид бараг тэнд зохиол бичээд байна аа даа. Радиод зохиолч олон ажилладгийг учир энэ юм билээ. Тэгж байж радио хүнд хүрдэг. Радиод ажиллаж байхдаа “Буйлс дахин цэцэглэнэ” номоо хэвлүүлсэн. Говийн буйлс Японы сакура шиг маш гоё цэцэглэдэг. Хонхорцог хэлбэртэй тэр цэцгийг хулан жороо шувуу түүгээд, өвөл иддэг. Заримдаа тэр ургамал ургахгүй. Тэр үед нь хулан жороо шувуу түүсэн цэцэгнийхээ үрийг цацчихдаг байсан юм шиг санагддаг, гэнэтхэн ургана. Тэр буйлс гэдэг ургамал миний бага насанд маш том нөлөө үзүүлсэн. Тийм учраас өгүүллэг, туужийн номоо ингэж нэрлэсэн юм. Дараа нь “Паанан” номоо буюу 1997 онд худалдаанд гаргасан. Хоёр дахь ном маань мөн нь тууж, өгүүллэгээс бүтсэн. Үүнээс хойш ном гаргаж чадалгүй байж байгаад 2000 онд “Хүн байхад юу хэрэгтэй вэ” эссэний номоо хэвлүүлсэн. Радиод хийж байсан нийтлэл, нэвтрүүлгүүдээ номондоо огт оруулж байгаагүй. Яагаад ч юм, эдгээрийг би тусдаа төрөл гэж боддог. Радиод бичиж байсан зүйлүүд маань гар бичмэлээрээ бий. Манай охин “Та бүх гар бичмэлээ файл болгочих” гээд хуулах хард диск Америкаас явуулсан байна лээ. Нэг завандаа тэр ажил руу оръё гэж бодож байгаа.

-Таныг ажиллаж байхад радиогийн нийтлэл, нэвтрүүлэг онцлогтой байжээ. Шинэ цагийн радио хэр болсон байна вэ?
-Миний анзаарснаар, одоо бол радиогийн нийтлэл, нэвтрүүлэг чихэнд л байна. Тархи, зүрхэнд хоногших зүйл алга. Хүний тухай хөрөг найруулал, аж амьдралын эгэл жирийн үнэнг сонсогчдод хүргэдэг байсан. Хөдөөгийн аж амьдралыг харуулсан нэвтрүүлэг хийх гээд тэр жил орон нутгийн томилолт аваад явлаа. Гурван хүүхэдтэй, залуухан хос. Гадаа малын хотон доторх хурга, ишиг майлалдах, үхэр мөөрөх, адуу янцгаах дуу чимээнээс гадна хөдөөгийн малчдын айргаа бүлж, сүүгээ хөөрүүлж, цайгаа самарч байгаа дуу чимээг бичиж авъя гэж бодлоо. Микрофоноо асаагаад, ширээн доор нь аваачаад тавьчихсан. Унтраахаа мартаад, өглөө болгочихож. Өнөөхөө авчраад, эвлүүлэгчид хуулуулж үлдээчихээд, сурвалжилгад явчихдаг юм. Гэтэл эвлүүлэгч нар “4-5 цагийн бичлэг юм чинь хоолонд орчихоод ирье” гээд асаалттай орхиод явчихаж. Тэр хооронд радиогийн дөрвөн давхарт янз бүрийн шуум, чимээ гарч бүгдээрээ “Юу болж байна” гэж гарч ирж, сонссон байгаа юм. Гэтэл хөдөөгийн айлын аж амьдралын шуум, мөн залуу хосын янз бүрийн үйл хөдлөл, чимээ хураагдсан байсан юм билээ. Үүнээс болж, хатуу донгодуулсон. Ажлаасаа арай ч халагдаагүй. Гэхдээ тэр үед үндсэн цалингаас гадна бичлэгийн шагнал өгнө. Тэр нь сард 700-800 заримдаа 1000 төгрөг хүрнэ. Их мөнгө. Үүнийг нэг сар хассан, тухайн үедээ том шийтгэл. Эфирээр яваагүй ч ажлын хариуцлага алдсан гэдэг шалтгаанаар хатуу сануулга өгсөн. Нэрт нэвтрүүлэгч Б.Цэдэндамбаа гуай хөдөө томилолтоор явж байгаад айлд агсам тавьсан гээд, ажлаасаа халагдаж байв. Тэр нь хальсанд бичигдчихсэн байж таараад, ийм арга хэмжээ авахуулсан хэрэг.

-Ардчилал эхэлсэн жилүүдэд хүн бүр ажлаасаа гарч, ганзагын наймаа хийж байсан үе. Энэ үед та сэтгүүлчийн ажилдаа үнэнч үлджээ. Тухайн цаг хугацаанд хийж байсан нийтлэл, нэвтрүүлгүүдээ та хадгалдаг уу. Нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэгдэж чадаж байсан уу?
-1991 оноос нийгмийн амьдрал хэцүүдэж, туйлдаж эхэлсэн. Гэхдээ сэтгүүлчийн ажлаа орхиогүй. Ингэж явсаар байгаад 1996 онд Монгол телевиз рүү шилжсэн. Телевиз цалин өгөхгүй байсан үе л дээ. Нэвтрүүлэг хийгээд, тэр дундуураа реклам олж байж, өөрөө өөрийгөө цалинжуулна. Манай найруулагч А.Машмаа. Энд тэнд явж байгаад сэдэв олоод, би зохиолыг нь бичнэ. А.Машмаа маань зургийг нь аваад, би хоолойг нь уншаад хөөрхөн “халтуур” хийчихнэ. Үүний хажуугаар тухайн үед дөнгөж байгуулагдсан “Монголын мэдээ” сонинд сэтгүүлчийн ажил давхар хийнэ. Бас С.Жаргалсайхан “Эх орон” сонины эрхлэгч байсан. Намайг ажлынхаа хажуугаар “Хагас цагийн цалингаар материал нийлүүлж бай” гэсэн. Ийм олон давхар ажил хийж, амьдралаа болгож байв. Хэд хэдэн удаа ганзагын наймаанд бас явсан. Нэг сард өгөх дөрвөн нэвтрүүлгээ 2-3 өдөр сууж хийчихээд ажлынхаа дундуур урагшаа наймаанд гүйнэ. Тэр үед манайхан голдуу Европ руу наймаа хийж, Эрээн явж эхлээгүй байсан үе. Долоо хоногт нэг удаа галт тэрэг явна. Эндээс цэргийн шинель, зургийн аппарат, сахлын машин аваачиж өгөөд, оронд нь дээлийн даавуу, дүнсэн тамхи авна. Авчирсан бараагаа бариад, Дэнжийн-1000 зах руу гэр бүлийн хүнтэйгээ гарна. Ингэж наймаа хийсний дүнд Баянхошууны гэр хорооллоос Төмөр замд хоёр өрөө байр худалдаж авч байлаа. Тэр үед дэлгүүрийн лангуу хоосон байсан ч  наймаа хийсний ачаар манай хүүхдүүд хэцүү цагийг  үзээгүй. Манайх хоёр охинтой.

-Америкт та 10 гаруй жил амьдарсан. Сэтгүүлчийн ажлаасаа залхаад шинэ газар, өөр ажил хийж үзмээр санагдсан хэрэг үү?
-Телевизэд ажиллаж байхдаа бага охиноо хувийн сургуульд сургаж байсан юм. Цэцэрлэгээсээ англи хэл үзсэн. Охины ангийн хүүхдүүдийг ахлах ангиас нь эцэг, эхчүүд нь АНУ руу сургуульд явуулаад байсан юм билээ. Охин “Би гадагшаа явж сурмаар байна” гээд гомдол мэдүүлээд болдоггүй. Аргагүйн эрхэнд охиноо АНУ руу сургуульд хүргэж өгчихөөд буцаад ирье гээд гэр бүлээрээ явсан. Яг газар дээр нь очтол тэнд хүүхдээ орхиод ирнэ гэдэг бүтэхгүй ажил байсан. Манай охины сургуульд дандаа хар арьст хүүхдүүд сурдаг. Чи бод л доо, наймдугаар ангийн охин нялх хүүхдээ урдаа үүрчихсэн хичээлдээ ирж байгааг хараад охиноо таньж, мэдэхгүй газар ганцааранг нь үлдээж болохгүй нь гээд эхнэр бид хоёр Америкт харлачихсан. Нэг мэдсэн тэнд 11 жил болсон байв. 2014 онд ээжийн маань бие чилээрхээд би эх орондоо ирсэн, эхнэр маань бага охинтой хамт Америкт байгаа. Бага охин гэр бүлтэй болсон учраас хүүхдийг нь харж байна. Энэ жилээс гэр бүлийн хүн маань ирэх байх. Манай том охин “Зөвхөн Монголдоо” гэдэг уриатай. Америкт амьдарсан 11 жилд хийгээгүй ажил гэж надад байхгүй. Хажуугаар нь уран бүтээлээ орхигдуулаагүй. Гадаадад очоод 5-6 жил амьдраад эхлэхээр орчны нөлөө ордог юм билээ. Тэр сэтгэхүйгээрээ хэдэн өгүүллэг, 2-3 кино зохиол бичсэн. 2009 онд Америкт УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй таарсан. Тэгэхэд “Та эх орондоо очиж, зохиол бүтээлээ хийвэл яасан юм” гэж байсан. Монголдоо ирчихээд С.Эрдэнийг ямар ажил хийж буйг нь хүнээс асуухад  Хүн амын хөгжил, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд хийж байгаа гэдэг юм. Тэгээд уулзаад, жаахан ярьж сууж байтал “Кино хийе” гэсэн. Тэгээд “Хоймор өнжих нар” гээд телевизийн олон ангит кино хийсэн.

-Одоо та ямар уран бүтээл хийж байна вэ?
-“Шар хөвийн зэрэглээ” гээд уран сайхны киноны зохиол бичиж дууслаа. Найруулагч Ж.Жамъянсүрэн зохиол дээр маань ажиллаж байна. Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хүн. Энэ сумын Засаг дарга баримтат кино хийх хүсэлт тавьсан. Зохиолыг нь бичих ажилтай сууна. Дүүгийнхээ ажилд тусалж, хятад барилгачдын тухай баримтат кино хийсэн. Энэ ажил нэлээд сайн болсон тухай хятадууд ярьж байна гэсэн. Ерөөс миний үнэт зүйл бол уран бүтээл юм. Би уран бүтээл рүүгээ орчихвол юу ч сонин биш болдог. Бүхнийг уран бүтээлдээ шингээдэг. Энэ миний үзэл бодол.

-Та энэ бүх хугацаанд үзэл бодол, үнэт зүйлдээ чин үнэнчээр хандаж ирж чадсан уу?
-Чадсан гэж бардам хэлнэ. Надад маш олон санал ирж байсан. Хэрэв би АНУ яваагүй байсан бол аль нэг намын зүтгэлтэн болсон байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ нь гэр бүл, уран бүтээлдээ үнэнч үлдсэн. Нөгөөтэйгүүр, суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж бодоод, эрх чөлөөний оронд хөл тавьж байлаа.

-Магадгүй АНУ-д олон жил амьдрах хугацаанд таны сэтгэлгээ тэлж, Монголд чадахгүй байсан олон зүйлийг өөр өнцгөөс харсан тань уран бүтээл болж төрсөн байж мэдэх юм.
-Магадгүй. Хамгийн эхлээд, мэдэрсэн зүйл “Хүүе, би хүн юм байна шүү дээ” гэж бодогддог юм билээ. Хүн гэдэг ийм эрх дархтай байдаг юм байна гэдгээ мэдэрсэн. Монголд байсан нөхцөл байдал 180 градус өөрчлөгдөнө шүү дээ. Зохиолч Б.Эрдэнэсолонго, Х.Болор-Эрдэнэ хоёр одоо гадаадад амьдарч байгаа. Тэдний сэтгэлгээ тэлж, задарч байгааг би мэдрээд л байгаа. Сэтгэлгээ нь тэлсэн хүн сайн уран бүтээл хийнэ.

-Та өнгөрсөн хугацаанд ажилласан уу, амьдарсан уу. Энэ бол тэнгэр газар шиг зөрүүтэй ойлголт юм билээ. Хүний амьдрал богино. Цаг наргүй ажиллахаар хүн нас насандаа ирдэг сайхан зүйлийг мэдрэх завгүй өнгөрдөг юм шиг ээ? 
-Би бол амьдарсан. Өөрийнхөө хийнэ гэснийг хийсэн, зүтгэсэн. Тэр бол миний амьдрал, уран бүтээл. Ардчилал дөнгөж гараад нийгэм ороо бусгаа, хүмүүс талхныхаа мөнгийг яаж олох вэ хэмээн шаналж байхад бид “Соёо” гээд кино хийгээд явж байлаа. Хүн  хоногийн хоолоо төлөө явж байхад бид уран бүтээлийн эрэл хайгуул хийж байсан. Сэтгэлгээний хувьд тэс өөр, эрх чөлөөтэй байв.

-Нийтээрээ ядуу байсан үеийг сэтгэлгээний эрх чөлөөтэй зүйрлэж болохгүй шүү дээ. Ахуйгаа шийдээгүй хүн түүнээсээ давж сэтгэх учир дутагдалтай гэж бодож байна?
-Би үүнтэй санал нийлнэ. Гэхдээ радио бидэнд өөрийнхөө дураар амьдар гэдгийг заасан юм шиг байна лээ. Хүн юу уншиж байна тэр түвшнийхээ амьдралаар амьдарна гэдэг үг бий. Зөвхөн ажил гэдэг амьдралаар амьдарч байгаа хүмүүс маш олон шүү дээ. Сонин шүү, хоолны төлөө амьдрах юм уу, амьдрахын төлөө хоолоо олох ёстой юу гэдгийг Америк орон надад заасан. Нэг зун би эхнэртээ гомдоллож байгаад, гурван сар хэрэг болгож, жижиг нуурын дэргэд өвсөн овоохойд амьдарч үзлээ. Завиар нууран дээгүүр яваад амарсан. Тэр жижиг хотод зохиолч, яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолчид ирж, өвсөн овоохойд байрлана. Тэнд гурван сар амрахдаа би цаашдын амьдралын төлөвлөгөөгөө гаргасан. Энэ төлөвлөгөөнийхөө яг дунд нь одоо явж байна. Хүн сэтгэлгээгээ аль болох чөлөөтэй байлгах хэрэгтэй. Энэ нь өдөр тутмын аар саар зүйлээс өөрийгөө чөлөөлөхөд асар их тус дэмтэй зүйл шүү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

3 Comments

  1. Forr mst up-to-date nedws yyou have to visit world wikde
    web and onn tthe webb I found thhis site ass a best website for most up-to-date updates.

  2. Normally I do not read post on blogs, but I wish to say that this write-up very forced me to try and do it! Your writing style has been surprised me. Thanks, very nice post.

  3. At thijs tiome it seems likke Movable Type iss tthe preferred blogging platorm available right
    now. (from wht I’ve read) Is tha what you’re using on your blog?

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн