УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Хуулийн төсөлд гурван байнгын хороо нэмж байгуулахаар тусгажээ.
Шинээр байгуулагдах байнгын хороод:
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо- Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд байсан зарим асуудлыг хариуцна.
-Инновац, цахим бодлогын байнгын хороо- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг салган хариуцуулна.
-Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороон- Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний зарим чиг үүргийг хариуцуулахаар төсөлд тусгасан байна.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, байнгын хороодын тоог, дарга нарын асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ гурван байнгын хороо шинээр нэмэх шийдвэр гаргасан. Уг нь УИХ найман байнгын хороотой байхаар болж, бүрэлдэхүүнийг нь баталсан ч дахин нэмж шинээр гурван байнгын хороо байгуулж 11 байнгын хороотой болохоор болсон байна. Одоо УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, түүний дараа байнгын хороодын дарга нарыг томилох юм байна.