Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг УОК-оос гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “УОК-ийн 26 дугаар хурал дуусч, гурван шийдвэр гарлаа. Нэгд, нийслэлийн Засаг даргад үерийн уснаас хамгаалах далан шуудуу барих, ус зайлуулах хоолойг цэвэрлэхийг даалгалаа. Улаанбаатар хот мянга орчим км автозамтай. Үүний 65 хувь нь автозамын гадаргуу дээр тогтсон борооны усыг зайлуулах шугам сүлжээтэй. Үлдсэн 35 хувь нь сүлжээгүй байгаа нь өндөр насжилттай автозам юм. Мөн шугам сүлжээ бөглөрснөөс болж автозам дээр борооны ус үерлэх шалтгаан болж байна.
Хоёрт, Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахал гарч хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Хөл хориог цааш үргэлжлүүлэх үүргийг аймгийн Засаг даргад өгсөн.
Гуравт, дотоодод халдвар алдаагүй учраас ААН-үүдийг нээх ажлыг шат дараатай хийж байна. Нээсэн газруудын халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөгдөж байгааг шалгана. Дэглэмээ сайн баримталж ажиллаж байвал нээх шаардлагатай байгаа ААН-үүдийг үргэлжлүүлэн нээнэ.
Долдугаар сард өмнөх сараасаа 50 хувиар илүү буюу 3000 иргэнийг татаж авах ажил үргэлжилж байна. Цаашлаад 9884 иргэнээ татаж авахын тулд тусгаарлах байрны тоог нэмэх тооцоо судалгаа хийж байна. Зочид буудлыг тусгаарлах байр болгон ашиглуулах хувийн хэвшлийн санаачилга, зөвшилцлийн үндсэн дээр тусгаарлах байрны хүчин чадал тогтож байгаа явж байгаа. Бид сардаа 2600 гаруй иргэнээ тусгаарлаж байна.