Эдийн засаг

“Ковид-19” цар тахлын дараах эдийн засгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллана

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Сайд Н.Энхтайван НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг тууштай дэмжиж, ялангуяа сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, хүүхэд хамгааллын хууль эрх зүйн орчныг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангах, эх нярайн эндэгдлийг бууруулах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсныг дурдаад Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын системийн байгууллагуудын тэргүүлэх чиглэл бүхий хамтын ажиллагааны хүрээг тодорхойлсон “НҮБ-аас 2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” бодлогын чухал баримт бичгийн хэрэгжилтийг хангахын төлөө бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн, шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/-ын цар тахлын улмаас иргэдийн орлого буурах, ажилгүйдэл нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засагт үүсч буй хүндрэл, сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэлт болгов.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг өндрөөр үнэлж буйгаа дурдаад цаашид КОВИД-19 цар тахлын дараах эдийн засгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Уулзалтад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Кумар Ахужа, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн орлогч Нашида Саттар нар мөн оролцов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн