Дэд онцлох

Т.Мөнхсайхан: Хөнгөлөлттэй эмийг ирэх арваннэгдүгээр сараас бүр эмийн сангаар олгоно

УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн, Эрүүл мэндийн даатгалын, Эмнэлгийн тусламжийн тухай хуульд зарим өөрчлөлтийг оруулсан. Ингэснээр энэ салбарт цаашид оновчтой санхүүжилт хийх, эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнууд гүйцэтгэлийнхээ хэмжээгээр цалин урамшуулал авдаг болох, эмнэлгийн үйлчилгээ сайжрах боломж бүрдэж байгаа аж. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.

-Эрүүл мэндийн хуулиудад орсон голлох өөрчлөлт юу вэ?

-Ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Хөнгөлөлттэй эм олгох тухай хуулийн өөрчлөлтийг УИХ баталлаа. Ингэснээр бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгох боломж бүрдэнэ. Ард иргэдэд чирэгдэл багатай байхаар зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Бусад хуулийн өөрчлөлтүүд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Ингэснээс эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт, тусламж үйлчилгээний хүртээмж сайжирна.

-Эмнэлгүүдийг 2022 оноос хагас бие даасан байдалд шилжүүлнэ гэж байсан. Одоогийн байдлаар гурван эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэний нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэг. Та УНТЭ-ийн даргаар ажиллаж байсан. Ямар өөрчлөлт гарсан бэ?

-Эмнэлгүүдийг хагас бие даасан байдалд шилжүүлнэ гэдгийг зарим иргэн буруу ойлгоод байх шиг байна. Энэ нь хувьчлалын асуудал огт биш. Эмнэлгүүд бие даасан ТУЗ-тэй болно. Эндээс улс төрөөс ангид тодорхой шийдлүүдийг гаргадаг, ТУЗ-өө өөрсдөө сонгодог болох тухай юм. Энэ онд буюу дөрөвдүгээр сарын 1-нээс УНТЭ, УГТЭ, Арьсны өвчин судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлэг хагас бие даасан байдалд шилжсэнээр хэд хэдэн өөрчлөлт гарсан. Үүний нэг илрэл эмнэлгийн ажилтнуудын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж эхэлсэн. Ирэх онд аймаг зарим дүүргийн эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ.

-Байнгын хорооны хуралдааны үеэр резидент эмч нарын цалингийн асуудлыг хөндсөн. Энэ тухайд?

-Эмнэлгийн тусламжийн тухай шинэ хуулиар ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэд цалинтай болох ёстой. 2021 оны төсөвт үүнийг тусгана. Резидент эмч нар цалинтай болсноор хариуцлага үүрэг хүлээх хариуцлагатай тогтолцоо руу орж байгаа юм. Мэргэшсэн эмч нарын тоо нэмэгдсэнээр аймаг, сумдад хүрч үйлчлэх боломж бүрдэж байна.

-Цар тахлын үед ажиллаж буй эмч ажилчдад урамшуулалт цалин олгох тухай яригдсан. Төсвийн тодотголд оруулсан уу?

-Оруулсан. Коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудын ар гэрт дэмжлэг болгож таван сая төгрөг олгох, тусгаарлах байруудад болон бусад тохиолдолд ажиллаж байгаа ажилтнуудад сая төгрөгийн урамшуулал олгохоор төсвийн тодотголд суулгасан. Хууль батлагдвал шууд олгож эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн