НИТХ-ын сонгууль болох гэж байхад АН-ынхан гэж анхиагүй хүмүүс “бууж өгч, булшаа өөрсдөө ухаж” буй бололтой.
Албан тушаал, эрх мэдлийн төлөө шунан дурлагч МАХН-ын Н.Энхбаяр, ШИНЭН-ын Ж.Батздандан, Л.Болд нартай хамтарна хэмээн хүзүү, сэрээ холбосон нь багадаад нийслэлд хэрэгжүүлэх МАН-ын бодлогыг дуурайна гэдгээ илэрхий зарласан нь саяхан. Тодруулбал, Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа нийтийн тээврийг үнэгүй болгох тухай ярьсан.
Гэтэл өдгөө арайхийн барьж, өнөө, маргаашгүй ашиглалтад орох дөхсөн яармаг дахь хотын захиргааны шинэ барилгыг хүүхдийн эмнэлэг болгох тухай яриад сууж байх юм даа. Тодруулбал, “…Хотын захиргааг Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Яармагт барьсан шинэ барилга руу нүүлгэн шилжүүлэхээр болсон. Нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулж, захиргааны нийт гурван блок барилга барихаар төлөвлөсөн. Барилгын ажил ч дуусах шатандаа явж байна. Яармаг руу хотын захиргаа нүүхэд бичиг цаас барьсан хэдэн мянган иргэн өдөрт замын ачааллыг нэмэгдүүлэх нь тодорхой. Миний хувьд дарга нар байранд орж байхаар шинэ захиргааны байрыг хүүхдийн эмнэлэг болгох саналтай байна. Хүүхдүүд өвдөж эмнэлгийн коридорт хэвтэж байхад дарга нар шинэ байранд тухлах нь хэр зөв бэ…” хэмээн ярьжээ.
Нийслэл хот төлөвлөлтийн дагуу явагдаж, эмнэлгүүд ч ар араасаа ашиглатад орж буй. Үүнийг Нийслэлийн АН-ыг удирдаж буй Д.Пүрэвдаваа мэдэхгүй байна гэж баймгүй. Бүр хувь хүнийхээ хувьд ч мэдэж байх ёстой.
Учир нь, дээрх хотын төвийн барилгын цаана баригдаж буй IV төрөх эмнэлэг ашиглалтад орох тун дөхсөн. Олон улсын стандартад нийцсэн тэрхүү эмнэлэг хүүхдийн 140, төрөхийн 160 ортой тул эмнэлгүүдийн ачаалал эрс буурна гэдгийг мань хүн хамгийн сайн мэдэх ёстой хүмүүсийн нэг. Тэр 2012-2017 онд Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн.
Гэтэл гэнэт өнөөдөр НИТХ-ын сонгууль ойртмогц бодлогын бус “бослогын” мэт төлөвлөгөө ярьж, МАН-ын хийж хэрэгжүүлсэн ажлыг үгүй хийнэ хэмээж байгаа нь түүнд хотын төлөө гэх зүтгэл байтугай сэтгэл ч алга гэхээс аргагүй.