​Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл НДШ-ийг бүрэн тэглэхээр боллоо

2020-03-27 425

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард түмэн, аж ахуйн нэгжүүддээ хандан мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайдын мэдэгдлийг тоймлон, эшлэл байдлаар хүргэж байна.

-Дэлхийн нийтийн хэмжээнд коронавирусийн халдвар дэгдээд нэлээд удлаа. Дэлхийн 201 улс оронд 531 мянган хүн халдвар авсан байна. Монгол Улсад коронавирусийн халдварын 11 тохиолдол бүртгэгдсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байгааг дуулгая.

-Ерөнхий сайд хоёр чиглэлийг барьж ажиллаж байгааг хэлье. Нэгд, Монгол Улсын иргэний амь насыг хамгаалах чиглэлд бүхий л бололцоотой арга хэмжээг авч ажиллана. Хүний амь, эрүүл мэнд нэгд байх ёстой. Хоёрт, улсын эдийн засагт үүссэн хүндрэлийг даван гарах чиглэлээр арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсад коронавирус хяналтад байна гэж харж байна.

-Бид коронавирусийг хяналтандаа авч чадаж байгаа нь өөрөө Засгийн газрын ажил үр дүнтэй байгааг харуулж байна. Бүх зүйл хяналтад байгаа, бид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ улам чамбайруулж, хариуцлагатай байх ёстой.

-Ард түмний ухамсар, хариуцлагатай байгаа байдал нь энэ өвчин газар авахгүй, хяналтад байлгахад чухал нөлөө үзүүлж байгааг хэлэх нь зүйтэй.

-Засгийн газраас 159 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн салбар, холбогдох байгууллагуудад хэрэгтэй зүйлсийг  нь хангахад зориулж хөрөнгө гаргахаар боллоо. Ингэснээр ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд 200 тэрбум төгрөгийг гаргаж байна.

-Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эдийн засгийн хүндэрсэн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Хувийн хэвшил, ард иргэдээ дэмжих чиглэлд дараах шийдвэрийг гаргалаа.

1. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд ААН, компаниудын НДШ-ийг бүрэн тэглэх шийдвэр гаргалаа. /26 хувийн татвар тэглэгдэнэ гэсэн үг/

2. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл мөн зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН-ийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлж байна.

4. Шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн ААН-үүдийн ажилтан бүрт сар  200 мянган төргөийн урамшуулал олгохоор боллоо. Эл шийдвэр гурван сарын хугацаанд хэрэгжинэ.

5. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл малчдаас ноолуур худалдан авах зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээлийг үйлдвэрлэгч нарт олгохоор боллоо. Зээлийн зөрүүг Засгийн газар дааж ажиллана.

6. Гурван сарын турш 18 нас хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр олгож байгаа 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөг нэмж олгохоор боллоо.

7. Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд нь  300-400 төгрөгөөр буулгах арга хэмжээг нэн яаралтай зохион байгуулах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

“Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд Засгийн газраас таван их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Гэхдээ бид 2020 оны төсөвт тодотгол хийхгүй. Харин өнгөрсөн гурван жил бүрдсэн санхүүгийн нөөц бололцоо дайчилж, асуудлаа шийднэ” гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо.